Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

2021.08.09

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Монголын радио спортын холбооны тухай мэдээллийг хүргэж байна. Радио сонирхогч гэдэг мэргэжил радио анх зохион бүтээгдсэн үеэс эхлэн дэлхийн улс орнуудад тархан радио техникийн үйлдвэрлэл болон харилцаа холбооны хөгжилтэй зэрэгцэн хөгжиж ирсэн юм. Радио сонирхогчийн үйл ажиллагаа дэлхийн II дайны үед буюу дайны ард талд тагнуулын үйл ажиллагаа явуулахад онцгой ач холбогдолтой байжээ. Зөвлөлт Холбоот Улсад радио сонирхогчийн хөдөлгөөн 1920 оноос эхэлж, онц идэвхитэй хөгжсөн бөгөөд тэр нь яваандаа спортын хэлбэрт шилжсэн байна. Радио спорт нь богино долгионоор холбоо барих болон эсрэг талынхаа холбоог олж илрүүлэх гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг бөгөөд сүүлчийнх нь ЗХУ-д “Үнэг агнах” гэж нэрлэж байв. Радио спортын тамирчид радио техникийг бүрэн эзэмшиж чаддагийн зэрэгцээ өөрсдийнхөө холбооны хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж ашигладаг байлаа. Радио сонирхогчдын зохион бүтээж байсан хэрэгслүүдээс үйлдвэрлэлд нэвтэрч технологийг шинэчилж байсан тохиолдол ч олон байдаг. Радио сонирхогчдын үйл ажиллагаа дэлхийн II дайны жилүүдэд улам идэвхитэй хөгжсөн бөгөөд тэд дайсны ар талд явуулах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байв. Радио спорт нь хөгжлийнхөө эхний шатанд богино долгионы царааг өргөн ашиглаж байсан бөгөөд энэ ажилд нь туслахын тулд олон улсын радио давтамжийн хяналт хуваарилалтын байгууллага радио сонирхогчдын ажиллах богино долгионы цараануудыг хуваарь тогтоож баталсан. Радио богино долгиончид (богино долгионоор холбоо баригчид) бол аль ч улсын цэргийн холбооны гол хэрэгсэл байдаг учир цэргийн байгууллагаас богино долгионы спорт сонирхогчид олноороо төрөн гардаг байна. Монголын Радио спортын холбоо 1967 онд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад Радио спортыг хөгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагджээ. Холбооны Ерөнхийлөгчөөр Д.Гарам-Очир, С.Ганбаатар, О.Шаалуу, Ч.Чадраабал, Т.Гантөмөр нар, Нарийн бичгийн даргаар Н.Хосбаяр, Ж.Батжаргал, А.Даваадорж нар амжилттай ажиллаж байв. Өнөөдөр холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Батжаргал, Нарийн бичгийн даргаар З.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Монголын Радио спортын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон Радио спортын дараах тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж байна. Үүнд: Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох /РСНО/ буюу Үнэг агналтын төрөлд: – Спортын бага зэрэгтэй болон шинээр эхлэн суралцагсдад зориулсан “Хаврын тэргүүн” тэмцээн. Уламжлалт 144МГц-ийн төрөлд, эрэгтэй эмэгтэй ангилалд явагдаж байна. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. Тус холбоо Олон улсын Радио сонирхогчдын холбооны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох (РСНО) тэмцээнийг 2001, 2007, 2017 онуудад өөрийн орондоо амжилттай зохион байгуулж явуулсан. 2019 оноос эхлэн РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа Холбооны зохицуулах хороо ивээн тэтгэж нэрэмжит тэмцээнээ болгон явуулж байна. РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 1:5,000-1:20,000 масштабтай спортын газрын зураг ашиглан явуулдаг. Өндөр хурдны Телеграфын /ӨХТ/ төрөлд: – Спортын бага цолтой болон эхлэн суралцагчдын “Залуу Морзчин” тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй ангилалд явагддаг. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. Сонирхогчийн Радио холбооны төрөлд: – Манай радио сонирхогчид Дэлхийн АШТ болон бусад олон улсын тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байдаг. 2015 оноос эхлэн тус холбоо ӨХТ-ын тэмцээнүүдийг Олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулж Нэвтрүүлгийн төрөлд HST2006, хүлээн авалтын төрөлд ZEUS зэрэг програмуудыг ашиглаж эхэлснээр тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшилж байна. Эдгээр програмуудыг ашигласнаар тэмцээний шүүлтэд ямар нэг алдаа гарах асуудал үгүй болж эцсийн дүн үнэн зөв гардаг болсон юм. 2019 оноос эхлэн Улаанбаатар хотын болон Улсын аварга шалгаруулах РСНО тэмцээнүүдэд Foxoring, Sprint зэрэг Олон улсын тэмцээнд шинээр орсон төрлүүдийг нэвтрүүллээ. Радио спортын эдгээр шинэ төрлүүдийг CONTEST2012 болон FOXORING зэрэг орчин үеийн нэвтрүүлэгчийг худалдан авч ашиглаж байна. МРСХ-ноос Радио спортын төрлүүдийг улс орондоо хөгжүүлэх талаар хийсэн олон ажлын үр дүнд манай радио спортын тамирчид Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Сонирхогчийн радио холбооны тамирчин Ч.Чадраабал Олон улсын хамгийн том тэмцээн болох World Wide DX Contest тэмцээнээс 2010 онд Алтан медаль, Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд Ш. Одончимэг Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд W35 ангилалд хувийн дүнгээр Хүрэл медаль, мөн ангилалд багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар Хүрэл медаль, Өндөр хурдны Телеграфын 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль, 2018 оны ДАШТ-ээс С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль тус тус хүртсэн өндөр амжилтыг гаргаад байна. Манай тамирчдын хүртсэн эдгээр Алт, Мөнгө, Хүрэл медалиуд нь радио спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монголын анхны медалиуд юм. ОУХМ С.Буянтогтох нь Өндөр хурдны Телеграфын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Ази тивийн эмэгтэй тамирчин юм. ОУРСХ-ны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах РСНО тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медалийг Э.Майбаяр, Э.Мөнхдэлгэрэх, А.Ариунаа, А.Халиунаа, М.Сумьяа, Э.Ганбаатар, Э.Батболд, Х.Цогтбилэг, Э.Тамир, Ц.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэнд-Аюуш, Т.Лхаасүрэн, Д.Баттүшиг, Ж.Долгорсүрэн, Г.Зул, О.Эрдэнэбаатар, Б.Элбэгбаяр, М.Мөнхбаатар, Э.Гэрэлтуяа, С.Саранчимэг, Ш.Одончимэг, Б.Бадмаараг, М.Мөнхсүлд, Г.Шижирбат, С.Гантөмөр, Б.Төмөрчөдөр, Г.Нарангарав, Ц.Одгэрэл, Т.Отгонзаяа, М.Мөнхбаясгалан, М.Монголжингоо, Х.Тамир, У.Мандуул, О.Магсаржав нарын тамирчид хүртэж байжээ. Монголын Радио спортын холбоо нь Олон улсын Радио сонирхогчдийн холбооны /International Amateur Radio Union/ албан ёсны гишүүн ба Олон улсын ижил төрлийн холбоодтой тогтмол харилцаа холбоотой ажиллаж байна. Эх сурвалж: “Туулсан замаа эргэн дурсахуй-5 “ номноос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь, Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Other news

Төрийн албанд хүн цаг их зарцуулдаг, хүнээс хамааралтай алдаа гарах эрсдэл өндөр ажил, чиг үүргүүдийг автоматжуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг эхлүүлэн, салбар бүрийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлт авч байна. Энэ хүрээнд өнөөдөр 13 яам, 19 агентлагийн 52 албан хаагчидтай хиймэл оюуны үндэсний стратегийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Яам, агентлагууд мэдээлэл технологийн мэргэжилтний хомсдолтой, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа нь асуудал дагуулдаг Хэлэлцүүлэгт оролцсон албан хаагчид дараах саналыг илэрхийлэв.  Улс орнуудад иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хүргэх хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюуныг түгээмэл ашиглаж байна. Мөн аливаа салбарын сургалт, багшийн үйл ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт өвчний оношилгоо, нийгмийн эрүүл мэндийн урьдчилсан таамаглал боловсруулах ажил ч өрнөж байна. Улмаар эрх зүйн салбарт хүн, хуулийн этгээдэд эрх зүйн дүгнэлт, зөвлөмж боловсруулан өгөхөд ч ашиглаж байна. Энэ мэтээр хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах явцад 13 яам, 19 агентлаг, ШУА-ийн эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиудын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөлөл саналаа өглөө. “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулган 2-р сарын 13-нд Төрийн ордонд болно

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан. Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон. Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав.

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх “Цахимд хэвшье” арга хэмжээ баруун бүсийн аймгуудад хэрэгжиж эхэллээ

ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хариуцлага, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.04.03) Говь-Алтай аймагт ажиллаж байна. “Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, зорилт, арга хэмжээг танилцуулахаас гадна аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж, дүгнэн, тулгамдаж буй асуудлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлог юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна. Цахимд хэвшье арга хэмжээ одоогоор говь болон хангайн бүсийн 7 аймагт амжилттай хэрэгжсэн бол цаашид зүүн, хойд, төвийн бүсийн аймгуудад үргэлжлэн хэрэгжих юм. Цахим хөгжлийн өдөрлөгт ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.