Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

2021.12.21

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид 2021 оныг “e-Mongolia”-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ жил хамгийн түгээмэл авч буй олон шатлалт үйлчилгээг онцолбол: Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох – 94,325 Иргэний үнэмлэх дахин авах – 50,385 Гадаад паспорт дахин авах – 14,471 Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа – 3021 Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал – 1844 зэрэг үйлчилгээнүүд байна. Онцлох үйлчилгээнүүд гэвэл хуулийн этгээдийг онлайнаар байгуулах боломжтой болсон бөгөөд тус үйлчилгээ нэвтэрснээр хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээдийг “e-Mongolia”-р дамжуулан байгуулсан байна. Түүнчлэн Цэргийн бүртгэлийг бид цахимжуулж, e-Mongolia-д оруулсан байгаа. Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очиж, бүртгүүлдэг асуудал байхгүй болж, онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээг энэ 7 хоногт цахимжууллаа. Манай баг өнөөдөр ч гэсэн орон нутагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжууллаа. Цаашид 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. “e-Mongolia” системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авсан байна. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм. Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шатлалт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ “e-Mongolia” системд нэгтгэгдээд байна. Лавлагаа тодорхойлолт авахад 2 цаг зарцуулдаг байсан бол emongolia-с 2 минут зарцуулж байна. Иргэдийн хувьд өдөрт 800-1200 санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Үүнээс харахад, E-Mongolia бол зөвхөн төр хийж буй төсөл бус иргэдийн хамтын оролцоотойгоор хийж буй төсөл гэж хэлж болно. Бид e-Mongolia фэйсбүүк хуудас, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вебсайт, 1111 төвд санал хүсэлт гомдлыг авч буй. Иргэдийн саналыг бид үргэлж хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаг хэмнэлтийн хувьд компани байгуулахад ажлын 5 өдөр тус ажлыг хөөцөлддөг байсан бол өнөөдөр 1-2 хоногийн дотор цахимаар тус асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. “e-Mongolia”систем нэвтэрснээс хойш 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.Бид удахгүй тус статистик судалгааг ямар аргачлалаар хийсэн талаар мэдээллийг хүргэх болно. Та бүхэн сайн мэдэж байгаачлан, 2021 оны 10 дугаар сард бид “e-Mongolia” шинэчилсэн хувилбараа танилцуулсан. Ингэснээр иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэдийн хувьд бага ч гэсэн чирэгдлийг багасгасан байх гэж найдаж байна. 2022 онд бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 100 гаруй төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээ цахимжуулна. Үйлчилгээний байгууллагууд иргэдийн цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байна. Гадаадад суугаа Монгол улсын иргэн, Монгол улсад буй гадаадын иргэн e-mongolia-р үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд үйлчилгээгээ хүргэх чиглэлд зорьж ажиллана. Үүний тулд бид нэмэлт хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна” гэсэн юм

Other news

Орон нутгийн стартап компаниуд олон улсад гарах үүд нээгдлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган-2025”-ийг гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.  Тус чуулганы үеэр Хэнтийн аймгийн ЗДТГ Мэдээллийн технологийн үндэсний парктай “Мэдээллийн технологийн төрөлжсөн хаб” байгуулах санамж бичиг байгуулав.  Хэнтийн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь: Мэдээллийн технологийн үндэсний парк нь Хэнтий аймгийн IT мэргэжилтнүүдийг сургах, хөгжүүлэх, цаашлаад орон нутгийн стартап компаниудыг бойжуулан, олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Мөн Хэнтий аймагт Залуучуудын хөгжлийн төв Share office нээгдэж байна. Энэ оффисыг цаашид хөгжүүлээд авч явахад IT Park бидэнд зөвлөн туслаж ажиллана.  Мэдээллийн технологийн үндэсний паркийн Хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга М.Шүрэнцэцэг: Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн хүрээнд мэдээллийн технологийн үндэсний парк нь зүүн бүсийн мэдээллийн технологи, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж буй залуучуудыг дэмжих зорилгоор IT-ийн төрөлжсөн хаб байгуулах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд бид 8 чиглэлээр хамтран ажиллана. Үр дүнд нь орон нутгийн стартап компаниуд олон улсад гарах үүд нь нээгдэх юм.

“Цахимд хэвшье” арга хэмжээ төвийн бүсэд эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж буй. 21 аймагт бүсчилсэн байдлаар үе шаттай зохион байгуулж буй тус арга хэмжээ өнөөдөр (2024.04.29) төвийн бүсийн эхний аймаг Төв аймагт хэрэгжиж байна. Өдөрлөгийн хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Төв аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд болон төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа. “Цахимд хэвшье” арга хэмжээгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон аймгийн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд чиглэгдсэн сургалт, зөвлөгөө, мэдээлэл, үзэсгэлэн худалдаа нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Монгол, Лаос хоёр улс IT салбар дахь хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзалт хийв. Энэхүү уулзалт хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой байв Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Уулзалтын үеэр Сайд Ц.Баатархүү “e-Mongolia” системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тус системийн технологийн дэвшил болон иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг онцлон тэмдэглэв. “Е-Mongolia” системийг нэвтрүүлснээр Монгол Улс НҮБ-ын хоёр жил тутам хэвлэдэг “Цахим Засаглалын индекс”-т 28 байраар урагшилж, 190 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг Сайд онцлов. Мөн тэрбээр Лаосын талд “e-Mongolia” системийн эх кодыг экспортолж, үүнийг үндэслэн “e-Laos” нэртэй цахим төрийн үйлчилгээний шинэ систем хөгжүүлэх санал дэвшүүлэв. Энэхүү санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг мэдээллийн технологийн салбараар хязгаарлалгүй, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд шинэ түвшинд хүргэх чухал алхам болно гэдгийг талууд санал нэгдлээ.  Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад Цаашид талууд харилцан туршлага хуваалцах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэн, санал солилцов.  Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 11 -р сард Лаос улсад төрийн айлчлал хийж байсан бол Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06-р сард Монгол Улсад төрийн айлчлал хийж байв.  Өндөр дээд түвшний хоёр талын харилцан айлчлалаар Эрүүл мэнд, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Төрийн албаны шинэчлэл зэрэг гурван баримт бичигт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол ийнхүү харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.