Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Люксембургийн дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг дижитал технологи, хиймэл дагуулын холбоо, дата төв болон өгөгдлийн дэд бүтцийн шинэ чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн Люксембургийн Digital Embassy болон дата төвийн туршлагаас суралцах, өгөгдлийг аюулгүй хадгалах, дата төвийн бие даасан байдлыг хангах чиглэлээр туршлага солилцох талаар ярилцав.
Монгол Улс геостационар байршилд ашиглах үндэсний хиймэл дагуулын шийдлийг судалж байгаатай холбогдуулан орчин үеийн хиймэл дагуулын технологийн боломж, түүнийг дагасан экосистем, дэд бүтэц, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Сайд Ч.Номин Монгол Улс Өгөгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, төрийн өгөгдлийн ашиглалтыг сайжруулах, дотоодын дата төвийн хөгжлийг дэмжих, олон улсын дата төвийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Талууд хиймэл дагуул, дата төв болон түүний бие даасан байдлын чиглэлээр холбогдох байгууллагуудын түвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцов.













