Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, ШЕЗ-ийн Шүүхийн цахимжилтын төвийн захирал Т.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран байлцав.
Шүүх эрх мэдлийн байгууллагууд 1989 оноос мэдээллийн технологи нэвтрүүлснээс хойш 20 гаруй систем ашиглаж ирсэн ч өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс ШЕЗ шүүхийг цахимжуулах бодлогыг баталж, УИХ санхүүжилтийг нь баталснаар 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийг хөгжүүлж эхэлжээ.


Уулзалтын үеэр “Цахим шүүх 2.0” системийн явцтай танилцаж, тодорхой асуудлуудаар санал солилцов. Тухайлбал Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг цахимжуулах, шүүгч, прокурор, өмгөөлөгч нарыг коджуулах, мэдээллийг нь нээлттэй болгох, бусад байгууллагуудад мэдээлэл хуваалцах боломжуудын талаар байр сууриа илэрхийллээ. Ингэснээр жишээ нь, иргэд өмгөөлөгч авахдаа тухайн өмгөөлөгчийн мэдээлэлтэй танилцаад сонголтоо хийдэг байх боломж бүрдэх юм. Мөн иргэд нэхэмжлэл гаргах, нотлох баримтаа илгээх, тэмдэгтийн хураамж төлөх, хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хурлын тов харах зэрэг үйлчилгээг заавал шүүхэд өөрийн биеэр очихгүй онлайнаар авах системийн хөгжүүлэлтийг яаралтай бүрэн нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг дурдав.
Шүүх хурал хойшлох шалтгааны 50 гаруй хувь нь өмгөөлөгч “хурал давхцсан” гэдэг тайлбар байдаг. Иймээс цахим системээр тухайн өмгөөлөгч хаана, ямар шүүх хуралд оролцож байгаа, давхцсан эсэхийг шүүгч хардаг болох нь чухал гэдгийг мөн онцоллоо.
Уулзалтын төгсгөлд, шүүх эрх мэдлийн байгууллагууд нэгдсэн дата төвтэй, мэдээлэл солилцооны дэд ХУР системтэй болж мэдээллээ солилцдог, бусад салбараас мэдээлэл авахдаа үндсэн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан байх талаар санал солилцов.











