Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран уулзалтад байлцав.
Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “Монгол Улс хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг байгуулах хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд онцгой анхаарч байна. Энэ талаар COP17 арга хэмжээнээс өмнө тодорхой шийдэлд хүрч, олон улсад танилцуулна” хэмээн тодотгов.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбар тэр дундаа хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр нягт хамтран ажиллаж ирснийг Суурин төлөөлөгч Матилда Димовска онцолсон.
Уулзалтын үеэр мөн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Хиймэл оюуны үндэсний стратегийг сайжруулах ажил, цахим орчин дахь хүүхэд залуусын дээрэлхэлтийн судалгаа, цахим ур чадвар, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийн чиглэлээр хэрэгжүүлсэн DEMOSC төслийн үр дүн, цахим орчин дахь дээрэлхэлтийн эсрэг эхлүүлсэн “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян болон Цахим орчин дахь хүүхдийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл зэрэг сэдвээр ажил хэрэгч яриа өрнүүлж, санал солилцлоо.














