Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүллээ.
“Instagram Teen Account” нь өсвөр насны буюу 16-аас доош насны хүүхдэд зориулсан ба хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан функцийг багтаадаг. Тухайлбал, хүүхдийг хувийн мэдээллээ алдах, танихгүй хүнтэй харилцах, зохисгүй контент үзэхээс урьдчилан сэргийлж, цагийг үр бүтээлтэй, соёлтой өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэдэг юм.
“Instagram Teen Account” нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтны төлөөллөөс гадна хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо. Арга хэмжээг ЦХИХХ-ны сайд Э. Батшугар нээж “Монгол Улсын хувьд дижитал ирээдүйг бүтээх үндэс нь бидний өсвөр үе, залуучууд юм. Түүнчлэн судалгаанаас харахад Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн 30 гаруй хувь, Инстеграмм хэрэглэгчдийн 40,8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлж байна. Тиймээс тэднийг зөв, аюулгүй, хариуцлагатай орчинд цахим орчныг ашиглах боломжоор хангах нь төрийн болон хувийн хэвшлийн хамтын үүрэг төдийгүй нийгмийн бүхий л талын оролцоо чухал билээ. Цаашид ч бид олон талт түншүүдтэй өсвөр насныхны цахим орчны боловсрол, хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн эрин зуунд ёс суртахуунтай, мэдлэгтэй цахим иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно” гэл ээ.
Түүнчлэн хүүхдийн ашиглаж байгаа болон шинээр нээх Instagram аккаунт нь “Instagram Teen Account”-д автоматаар шилжих боломжтой юм. Хүүхдийн аккаунт Instagram Teen Account-д бүртгэгдсэнээр хамгаалалтын тохиргоо автоматаар идэвхжиж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.