Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, АНУ-ын элчин сайдын яам болон Мэдээллийн аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв (MNCERT/CC)-ийн урилгаар ирсэн эксперт М.К. Малкольм Палморыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар 2025.09.22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Э.Батшугар сайд Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ийг тодорхойлох судалгааг хийсэн талаар танилцууллаа. Ингэхдээ судалгаагаар манай улс бодлого, стратегийн чиглэлээр харьцангуй өндөр үнэлэгдсэн боловч стандарт, технологийн чадавхыг нэмэгдүүлэх, халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн Монгол Улсын Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн хэрэгжилт, сорилтууд болон хиймэл оюуны үндэсний стратегийн талаар санал солилцож, дэлхий дахинаа кибер аюулгүй байдлыг хангах, хиймэл оюуны хэрэглээтэй уялдсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь нийт улс орнуудын өмнө тулгамдаж буй сорилт болж байгааг илэрхийллээ.
Түүнчлэн талууд үүлэн тооцооллын аюулгүй байдлыг хангах, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чадавхыг сайжруулах шаардлагын талаар санал нэгдэж, цаашид кибер аюулгүй байдлын чадавх болон хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжуудын талаар талууд санал солилцлоо.