Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

2022.12.30

Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.

“Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ?

Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна. Миний бие энэ жил Ази номхон далай сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн 16 дугаар хуралд оролцоход ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байгаа талаар яригдлаа. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн бөгөөд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсруулсан.

Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Агуулга, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

Space policy болон Space law гэсэн 2 ойлголт байдаг. Space policy нь тухайн улс ер нь сансар судлал, сансрын технологийн чиглэлээр урт, дунд хугацаандаа ямар бодлого баримтлах юм гэдгийг харуулсан баримт бичиг байдаг. Бид үүнийг боловсруулахыг зорьсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд сансар судлалын талаар ойрын 10 жилдээ баримтлах бодлогын чиглэлийг батлан гаргаснаар холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж, 2023-2033 онд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган хамтарч ажиллах өндөр ач холбогдолтой юм.  

Сая Space law буюу сансрын хууль тогтоомжийн талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Тийм ээ, сансар судлалын талаар баримтлах бодлого болон уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж 2 нь хоршиж байж үр дүнгээ өгдөг туршлага бий. Бид баримтлах чиглэлээ гаргасан бол одоо энэ талын хуультай болох шаардлагатай. Мэдээж хуулийн төсөл боловсруулахын өмнө судалгаа хийнэ. Судалгаагаар үнэхээр сансар судлалын талаар хууль батлах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийвчлан гаргаж ирнэ. Уг чиглэлийн хууль гэдэг нь Монгол Улсын сансар судлал, сансар огторгуйн уудам, гео мандлын орон зайг ашиглах, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах зэрэг ойлголтыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм.

Сансар судлалын талаар хуультай болно гэхээр хол сонсогдож магадгүй. Гэтэл бидний зулай дээрээс эхлээд 40,000 км хүртэлх орон зай өөрөө тодорхой хэмжээний зохицуулалт шаарддаг. Мөн бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол улсад ч сансрын тойрог замд 2 байрлал бий. Уг байрлалаа хэрхэн оновчтой ашиглах асуудлыг ч зохицуулах шаардлагатай. Цаашлаад сансрын хог хаягдал, гараг эрхсийн судалгаа, сар, марсыг эзэмших бусад орны төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдэд манай судлаачид, мэргэжилтнүүд орж ажиллах бүрэн боломжтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар судалж эхлээд байгаа юм.

Баримтлах чиглэлийн гол үзэл санаа нь юу вэ?

2040 он гэхэд 1,3 их наяд $ болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна. Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцох ёстой, үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгаж өгсөн.

Сансар судлалын салбарт өнөөдрийг хүртэл улс орнуудын Засгийн газар голлох үүрэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ОУ-д хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна. Энэ чиг хандлагад хэрхэн нийцсэн бэ?

Сансар судлал дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн дэмжсэн бэ?

Сансар судлалын салбар анх 1950-1960 оноос хөгжиж эхэлж байхад төрийн оролцоо их байсан бол сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо зонхилж байна. Үүний нэг тод илрэл нь Space X компанийн үйл ажиллагаа юм. Та бүхний сайн мэдэх Starlink компанийг байгуулснаар дэлхийн нам орбитод 42,000 бага оврын хиймэл дагуулыг хөөргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт интернэт хүргэхээр ажиллаж байна. Манай улсын хувийн хэвшлийн Ондо сат ХХК ч бас энэ зах зээлд гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг та бид мэднэ.

Тус баримтлах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангана гэж зааж өгсөн.

Гадаад хамтын ажиллагаа талаар дурдвал, тус баримт бичигт хэрхэн тусгагдсан бэ?

Сансар судлалыг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа манай улсын хувьд нэн чухал асуудлыг нэг юм. Жишээ нь: олон улсын хэмжээнд өөрийн орны байр суурийг бэхжүүлэн, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байгаа. Бүр нарийн чиглэл гэвэл Сансрын нисэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Сар, Марс болон сансрын биетийн судалгааг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрт хамрагдах, олон улсын болон бусад улсын сансрын станц дээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажилд оролцох, олон улсын сансрын хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэх зэрэг ажлуудыг нарийн зааж өгсөн.

Ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Other news

Үндэсний цахим шуудан таны цаг завыг хэмнэнэ

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний цахим шуудан таны цаг, завыг хэмнэнэ 2022.08.18 1. Үндэсний цахим шуудан гэж юу вэ? Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд, иргэний улсын бүртгэлийн дугаараар үүсгэгдсэн төрийн байгууллагад өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээх, мөн хариу мэдэгдэл хүлээн авах боломжтой цахим шуудангийн систем юм. 2. Яагаад үндэсний цахим шуудан ашиглах хэрэгтэй вэ?Үндэсний цахим шуудан ашигласнаар иргэн та төрийн байгууллага руу биеэр очих эсвэл утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай цаг хугацаа орон зайнаас үл хамааран шууд харилцах боломжтой. 3. Үндэсний цахим шуудангаар ирсэн мэдээлэл албан ёсных гэж тооцох уу?Иргэн таныг танилт, нэвтрэлтийн систем ашиглан таньж, тодорхойлсон тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. 4. Иргэн танд Үндэсний цахим шуудангаар дамжуулан төрөөс ямар мэдээлэл ирэх вэ?Төрийн байгууллага мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд үндэсний цахим шуудангаар дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ. Мөн төрийн үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд танд мэдээлэл ирэх юм. 5. Хувийн цахим хаягаа ашиглаж болох уу?Хувийн цахим хаягийг дурын нэршил, тоо, үсэг ашиглан үүсгэх боломжтой байдаг тул Таныг мөн гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй тул үндэсний цахим шуудан ашиглан төрийн байгууллагатай харилцахыг зөвлөж байна. 6. Үндэсний цахим шууданг хувийн хэрэгцээндээ ашиглаж болох уу?  Та үндэсний цахим шууданг ашиглан зөвхөн төрийн байгууллагуудад өргөдөл, санал, хүсэлт илгээх боломжтой бөгөөд төрийн байгууллагаас тухайн иргэнд хандсан мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид “Мэдээлэл харилцааны мэргэжилтэн”-ийг нээлттэй сонгон шалгаруулж авна. Ажлын байранд тавигдах шаардлагыг https://drive.google.com/…/1kVHuHTDzyXwlQ9jsnO3…/view… холбоосоос татаж авна уу. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэлээр бүрдүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 105 тоот болон info@mddc.gov.mn цахим шуудангаар 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Намтар /CV/ Дипломын хуулбар Иргэний үнэмлэхний лавлагаа НДШ-ийн лавлагаа Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт Ажил горилох тухай захидал Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгийн хуулбар Лавлагаа, тодорхойлтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах e-business.mn платформ нэвтрүүллээ

Иргэд хуулийн этгээд байгуулахдаа хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр биечлэн очих шаардлага тулгардаг. Компанийнхаа төрд байгаа мэдээллийг шууд харах боломжгүй, бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрөл, лиценз авах, сунгах, цуцлах процесс тодорхойгүй, удаан, хүнээс хамаарсан, төрөөс лавлагаа тодорхойлолтыг заавал бичгээр, албан бичгээр хүсэлт хүргэж, хариуг нь очиж авах шаардлагатай гэх мэт төрийн үйлчилгээний уламжлалт хэлбэр нь бизнес эрхлэгчдэд зардал чирэгдэл, цаг хугацаа их зарцуулахад хүргэдэг. Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “и-Монголиа академи” УТҮГ, “Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ болон бусад төрийн байгууллагууд хамтран “e-Business” платформыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа өнөөдөр танилцууллаа. e-Business платформ нь компани байгуулахад шаарддаг компанийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгөө бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамга захиалгын хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдвэрлэж, бүх үйл явцыг 2 хүртэлх хоногт шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээг авахад аливаа албан бус зардал гаргахгүй, цаасан бичиг нэхэхгүй бөгөөд 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ буюу нийт 685 үйлчилгээг холбосон.