Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо болон тус конвенцын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтыг ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нээж, Монгол Улсад зохион байгуулагдах COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд анхаарах гол чиглэлүүдийг танилцууллаа. Тэрээр бага хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлт, дэд бүтцийн бэлтгэл, медиа төвийн төлөвлөлт, мөн олон улсын хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх харилцаа холбоо, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлуудыг онцлон тэмдэглэв. Мөн бага хурлын үеэр зохион байгуулагдах Ногоон бүс болон медиа ногоон бүсийн зохион байгуулалт чухал ач холбогдолтой болохыг илэрхийллээ.
ЦХИХХ-ны яам, COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, дижитал платформын зохион байгуулалтыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уулзалтын үеэр бага хурлын видео, аудио системийн бэлтгэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан шууд дамжуулалтыг зохион байгуулах техникийн шийдлийн талаар хэлэлцэв. Энэ хүрээнд РТҮС УТҮГ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвням бага хурлын үйл ажиллагааг телевиз болон цахим сувгуудаар шууд дамжуулах техникийн боломж, зохион байгуулалтын талаар танилцууллаа.
Мөн бага хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлтийн явц, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлуудын талаар “И-Монгол” академийн төлөөлөл С.Тулга танилцуулга хийж, веб сайтын бүтэц, мэдээллийн хүртээмж, олон улсын хэрэглэгчдэд чиглэсэн мэдээллийн зохион байгуулалтыг сайжруулах талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо Монгол Улс төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлж, COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд COP17 бага хурлын бэлтгэл ажлыг уялдуулан зохион байгуулах, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.










