Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр улсын хэмжээнд төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хасах зохицуулалт хэрэгжиж буй. Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 14.2.12 дахь заалтын хүрээнд байгууллагууд чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн тогтоолоо.
Энэ хүрээнд Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” 7 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны бүтцийг 8 газар, 9 хэлтэстэй байснаас 5 газар, 5 хэлтэстэй болгож, орон тооны дээд хязгаарыг 98-аас 89 болгож бууруулсан.
Дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус яамны зохион байгуулалтын нэгж, орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлын байрны шинжилгээ хийн, яамны зохион байгуулалтын нэгж дэх албан тушаал, ажлын байрыг тодорхойлж, албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт батлагдлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын цахим систем”-д албан тушаалын тодорхойлолтыг цахимаар үүсгэн, Төрийн албаны зөвлөлийн хяналтын шатанд шилжүүлэн, баталгаажуулсан нь анхны цахим хэлбэрээр батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт” болсон онцлогтой ажил боллоо.