Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцэх чухал арга хэмжээ юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар нээж үг хэлсэн бөгөөд ингэхдээ Монгол улс 30 жилийн өмнө буюу 1995 онд олон улсын чиг хандлага, тэргүүн туршлагыг харгалзан харилцаа холбооны салбарт либералчлалыг нэвтрүүлсэн нь манай улсын хөгжилд томоохон шинэ үеийг нээсэн үйл явдал болсон юм. Дэлхий даяар шинэ технологи өдрөөс өдөрт үсрэнгүй хөгжиж зохицуулалтын шинэ сорилтуудыг бий болгож байна. Тиймээс өнөөдрийн “Харилцаа холбооны зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг нь зөвхөн өнгөрсөн үеийн ололт амжилтаа эргэн харах бус, харин ирээдүйд бидний баримтлах чиг хандлагыг хамтдаа тодорхойлох боломж билээ. Монгол Улсын төрийн бодлого боловсруулагчийн хувьд бид зохицуулалтын орчныг илүү уян хатан, хараат бус, бие даасан, хөрөнгө оруулалт татахуйц, инновацыг дэмжсэн, хэрэглэгч төвтэй байлгахад онцгойлон анхааръя ажиллана. Энэ нь зөвхөн салбарын төдийгүй Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн зорилтын нэг хэсэг байх болно гэсэн юм. Форумд Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпорац, Хөдөлгөөнт харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн сүлжээний мэдээллийн төв, Тайланд улсын зохицуулах байгууллага, Малайз улсын зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын байгууллага, салбарын гол тоглогчид болон Монголын оператор компаниуд оролцож байна.
Өнөөдрийн хувьд “Дижитал залилан ба хэрэглэгчийн аюулгүй байдал, хамгаалалт” хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Энэхүү семинар, хэлэлцүүлгээр дижитал орчин дахь сүлжээний аюулгүй байдал, чухал дэд бүтцийн хамгаалалт, хэрэглэгчийн итгэлцэл, нууцлал зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, дижитал шилжилтийн явцад тулгарч буй сорилтууд болон боломжит шийдлүүдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтдаа хэлэлцэж байна. Мөн олон улсын сайн туршлага, ололт амжилтаас сонсож, суралцах боломжийг олгож байна.
Хэлэлцүүлгийн үеэр дараах чиглэлээр мэдээлэл сонсож, санал солилцоно.
Үүнд:
• Дижитал залилан, кибер аюулгүй байдалд зохицуулагчийн оролцоо
• Аюулгүй байдлын шинэ шаардлагыг хэрэгжүүлэх олон улсын арга барил
• “Security by design” буюу Аюулгүй байдлыг дизайнд суулгах зарчим ба үүнд зохицуулалтын оролцоо
• Харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг хангах
• Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төвүүд болон цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа
• Мессеж, дуудлага, дижитал луйврын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлага
Энэхүү арга хэмжээнд олон улсын байгууллагууд, Малайз, БНСУ болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд илтгэл тавьж, санал бодлоо солилцоно. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологи, медиа салбарт тулгарч буй нууцлал ба өгөгдөл хамгаалалтын шинэ сорилтууд, өгөгдөл нутагшуулалт, олон улсын өгөгдөл солилцоо, түүнд тавигдах хязгаарлалт болон нууцлалын эрх зүйн шинэ чиг хандлагын талаар өргөн хүрээнд ярилцах юм. “Харилцаа холбооны зохицуулалт 2025” форум нь Монгол Улсад дижитал шилжилтийн сорилт, боломжийг шийдвэрлэхэд зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангуулах зохистой шийдэл, гарц гаргалгааг гаргахад холбогдох талууд хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэх алхмыг хийж буй чухал арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.