Монгол Улсын төрийн цахим шилжилтийн нүүр царай болсон E-Mongolia систем тавхан жилийн дотор 2 сая гаруй хэрэглэгчтэй болж, насанд хүрсэн иргэдийн 89 хувь нь ашигладаг үндэсний хэмжээний платформ болон төлөвшжээ. Өнөөдөр иргэд төрийн 87 байгууллагын 1,263 үйлчилгээг нэг цонхоор авч, өдөр бүр дундажаар 100 мянга гаруй хүн цахимаар төрийн үйлчилгээ авч буй нь Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж байгаагийн тод илрэл юм. Энэ хугацаанд нийтдээ 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүлж, иргэдэд 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгосон нь төр-иргэний харилцаанд гарсан томоохон өөрчлөлт болжээ.
Эдгээр амжилтад тулгуурлан, иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үеийн шийдлүүдийг багтаасан E-Mongolia 5.0 хувилбар тун удахгүй, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд олон нийтэд албан ёсоор танилцуулагдана.
Шинэчилсэн хувилбар нь зөвхөн техник технологийн сайжруулалт бус, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах томоохон шинэчлэл юм. Үүнд:
- Ухаалаг, хялбар нэвтрэлтийн шийдэл
- Хиймэл оюунд суурилсан “иргэнээ хөтөлдөг” цэс
- Төлбөр тооцооны цогц үйлчилгээ
- Дахин загварчилсан, илүү ойлгомжтой дизайн
- Лавлагаа, тодорхойлолтыг олон хэл дээр авах боломж
- Иргэдэд нэн хэрэгцээтэй шинэ төрлийн төрийн үйлчилгээнүүдийн цахимжуулалт
E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн томоохон алхам болж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгох шинэ эринд хөтөлнө.