Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Нийтийн албаны форум 2025” Узбекистан Улсын Самарканд хотноо /2025.06.23-25/ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тус форумд Монгол Улсаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой ирээдүйд чиглэсэн нийтийн албаны шинэчлэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцон, өөрийн орны туршлага, бодлого, ололт амжилтаас хуваалцлаа.

Дэлхийн 100 гаруй орны 400 гаруй өндөр түвшний төлөөлөгчийг нэгтгэсэн тус форум Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилгуудыг хангахад төрийн үйлчилгээний үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг онцлохын зэрэгцээ цахим засаглал, инновац, өгөгдөлд суурилсан шийдэл, хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээний шинэчлэлд ашиглах шинэ чиг хандлагыг танилцуулж, олон улсын туршлага солилцох чухал индэр боллоо.

“Хэнийг ч орхигдуулахгүй” уриан дор хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд цахим шилжилт, дижитал үйлчилгээ, технологийн хөгжил нь улс орнуудын зүгээс онцгой ач холбогдол өгч буй гол чиглэлүүдийн нэг хэмээн онцолж байна.
Форумын хүрээнд “Самаркандын сайд нарын тунхаглал” батлагдаж, дараах 7 чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтыг тодорхойлсон. Үүнд:
1.Цахим засаглал
2.Өгөгдөлд суурилсан шийдвэр
3.Хиймэл оюун ухаан
4.Кибер аюулгүй байдал
5.Олон талт түншлэл
6.Иргэн төвтэй үйлчилгээ 7.Төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах

НҮБ-ын Нийтийн Албаны Форум 2025 нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, дижитал шинэчлэлд суурилсан хөгжлийг хэрхэн хурдасгах талаар олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн, 2030 он хүртэлх зорилтод үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн арга хэмжээ болов.