Монгол Улс эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг хийгээд 10 жил болсон ч эмнэлэг бүр бие даасан тусдаа систем хөгжүүлж, мэдээллээ өөр хоорондоо солилцдоггүйгээс бол иргэд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт шилжихдээ давтан шинжилгээ өгөх, эмчилгээ тасалдах зэргээс шалтгаалан иргэд цаг хугацаа, санхүүгийн дарамтад ордог.
Иймд эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх, эмнэлгүүд мэдээллээ нэг стандартын дагуу саадгүй солилцох, өгөгдлийн чанар мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг Монгол Улсын “Цахим эрүүл мэндийн нөхцөл байдлын үнэлгээ”-д тусгажээ.
Энэ дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хамтран “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-г баталлаа.
Энэхүү төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнээр:
- Эмнэлгүүд мэдээллээ солилцдог, төвлөрсөн мэдээний санд эрүүл мэндийн мэдээллийг хадгалж, боловсруулдаг, ашигладаг байх
- Нийгмийн эрүүл мэндийн хяналт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх интервенцийг зохион байгуулахад нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад дэмжиж оролцох,
- Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн чанар, их өгөгдөлд суурилсан судалгаа, дүн шинжилгээг хариуцсан алба, нэгжүүдийг зохион байгуулж, хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэнэ.
Мөн эрүүл мэндийн программ хангамжуудад олон улсын стандартыг нэвтрүүлж, эрүүл мэндийн тархмал ХУР дэд бүтцийг бий болгон, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн чадавхыг сайжруулан, иргэдэд илүү найдвартай, шуурхай үйлчилгээг хүргэнэ.