Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын чуулган Хэнтий аймагт энэ сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 2025 онд хийж хэрэгжүүлэх онцлох 10 ажлынхаа талаар илтгэл тавив.
Тэрбээр, “Цахим хөгжил дэлхий, улс орнуудын хөгжлийг тодорхойлж байгаа энэ цаг үед Монгол Улс хаашаа явах вэ гэдгийг хэлэлцэхээр цуглаад байна. Төрийн үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой КИОСК машины хэрэглээ 88 хувьд хүрсэн, e-mongolia-г зүүн бүсийн иргэдийн 50-аас дээш хувь нь ашиглаж байна.
НҮБ-аас цахим хөгжлийн индексийг хоёр жил тутамд үнэлдэг. Монгол Улсын цахим хөгжлийн индекс өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 28 байр урагшилж, манай улсын цахим хөгжил дэлхийд 48 дугаарт бичигдсэн. Монгол Улсын ихэнх үзүүлэлт дэлхийд 80-103-т бичигддэг бол цахим засаглалын индексээр эхний 50-д орж байна гэдэг энэ салбарын хүмүүсийн хамтын зүтгэл юм.
Яамны бодлого хаашаа явж байгааг илэрхийлэх 10 чухал ажлыг хэлье.
Бид 5G буюу дэвшилтэт холбооны шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр сум, багт байгаа бүх хүн төрийн үйлчилгээ, тэрдундаа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг Улаанбаатарт байгаа мэт шууд авах боломж бүрдэнэ. Жолоочгүй тээвэр, дрон, нисгэгчгүй онгоц зэрэг технологийн дэвшлийг амьдралд хэрэгжүүлж, Зүүн бүсэд хүнс технологи, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ ажил буюу 5G хувь нэмэр оруулна.

Сум орон нутаг дахь интернэт, харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэхэд анхаарна. Суманд байгаа сургууль, эмнэлгийн интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн. Ингэснээр сумын төвөөс дэлхийн ямар ч хичээлийг үзэх боломжтой болно.
Тойрог шилэн кабелийн холболтыг эхлүүлж байгаа. Ингэснээр цахим хөгжилд найдвартай байдлыг бий болгож байна. Гуравдагч хөрш рүү мэдээллийн технологийн гарцыг эхлүүлэх дэд бүтцийг нээж өгч байна. Хаанаас ч дэлхий рүү холбогддог харилцаа холбооны дэд бүтцэд анхаарч байгаа. Зүүн бүсэд хөдөлгөөнт холбооны цэгүүдийг ашиглалтад оруулна.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт энэ жил 29 цэгт сүлжээ оруулна. Ингэснээр малчид сүлжээгээ дагаж нүүдэлдэг биш, хаана амьдарч байгаагаас үл хамааран харилцаа холбооны дэд бүтэц нь бэлэн байдаг нөхцөл бүрдэх юм” гэлээ. Түүнчлэн, орчин үеийн алт бол интернэт.
ЖДҮ эрхэлж байгаа орон нутгийн иргэд Монголд байгаа барааг дэлхий рүү, дэлхийд байгаа барааг таны гарт хүргэх цоо шинэ технологийг нэвтрүүлж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо