Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

2022.12.30

Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.

“Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ?

Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна. Миний бие энэ жил Ази номхон далай сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн 16 дугаар хуралд оролцоход ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байгаа талаар яригдлаа. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн бөгөөд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсруулсан.

Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Агуулга, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

Space policy болон Space law гэсэн 2 ойлголт байдаг. Space policy нь тухайн улс ер нь сансар судлал, сансрын технологийн чиглэлээр урт, дунд хугацаандаа ямар бодлого баримтлах юм гэдгийг харуулсан баримт бичиг байдаг. Бид үүнийг боловсруулахыг зорьсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд сансар судлалын талаар ойрын 10 жилдээ баримтлах бодлогын чиглэлийг батлан гаргаснаар холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж, 2023-2033 онд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган хамтарч ажиллах өндөр ач холбогдолтой юм.  

Сая Space law буюу сансрын хууль тогтоомжийн талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Тийм ээ, сансар судлалын талаар баримтлах бодлого болон уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж 2 нь хоршиж байж үр дүнгээ өгдөг туршлага бий. Бид баримтлах чиглэлээ гаргасан бол одоо энэ талын хуультай болох шаардлагатай. Мэдээж хуулийн төсөл боловсруулахын өмнө судалгаа хийнэ. Судалгаагаар үнэхээр сансар судлалын талаар хууль батлах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийвчлан гаргаж ирнэ. Уг чиглэлийн хууль гэдэг нь Монгол Улсын сансар судлал, сансар огторгуйн уудам, гео мандлын орон зайг ашиглах, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах зэрэг ойлголтыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм.

Сансар судлалын талаар хуультай болно гэхээр хол сонсогдож магадгүй. Гэтэл бидний зулай дээрээс эхлээд 40,000 км хүртэлх орон зай өөрөө тодорхой хэмжээний зохицуулалт шаарддаг. Мөн бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол улсад ч сансрын тойрог замд 2 байрлал бий. Уг байрлалаа хэрхэн оновчтой ашиглах асуудлыг ч зохицуулах шаардлагатай. Цаашлаад сансрын хог хаягдал, гараг эрхсийн судалгаа, сар, марсыг эзэмших бусад орны төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдэд манай судлаачид, мэргэжилтнүүд орж ажиллах бүрэн боломжтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар судалж эхлээд байгаа юм.

Баримтлах чиглэлийн гол үзэл санаа нь юу вэ?

2040 он гэхэд 1,3 их наяд $ болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна. Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцох ёстой, үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгаж өгсөн.

Сансар судлалын салбарт өнөөдрийг хүртэл улс орнуудын Засгийн газар голлох үүрэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ОУ-д хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна. Энэ чиг хандлагад хэрхэн нийцсэн бэ?

Сансар судлал дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн дэмжсэн бэ?

Сансар судлалын салбар анх 1950-1960 оноос хөгжиж эхэлж байхад төрийн оролцоо их байсан бол сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо зонхилж байна. Үүний нэг тод илрэл нь Space X компанийн үйл ажиллагаа юм. Та бүхний сайн мэдэх Starlink компанийг байгуулснаар дэлхийн нам орбитод 42,000 бага оврын хиймэл дагуулыг хөөргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт интернэт хүргэхээр ажиллаж байна. Манай улсын хувийн хэвшлийн Ондо сат ХХК ч бас энэ зах зээлд гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг та бид мэднэ.

Тус баримтлах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангана гэж зааж өгсөн.

Гадаад хамтын ажиллагаа талаар дурдвал, тус баримт бичигт хэрхэн тусгагдсан бэ?

Сансар судлалыг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа манай улсын хувьд нэн чухал асуудлыг нэг юм. Жишээ нь: олон улсын хэмжээнд өөрийн орны байр суурийг бэхжүүлэн, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байгаа. Бүр нарийн чиглэл гэвэл Сансрын нисэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Сар, Марс болон сансрын биетийн судалгааг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрт хамрагдах, олон улсын болон бусад улсын сансрын станц дээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажилд оролцох, олон улсын сансрын хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэх зэрэг ажлуудыг нарийн зааж өгсөн.

Ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Other news

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш нартай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн танилцуулж, санал солилцлоо. Энэхүү уулзалтаар тус аймгийн Засаг дарга П.Лхагважав “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахаар хэлэлцлээ. Хөвсгөл аймгийн тухайд 126 мянган гаруй хүн амтай ба хамгийн олон хүнтэй аймаг төдийгүй халх, дархад, хотгойд, урианхай ястан зонхилдог, цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор аж төрдөг гэдгээрээ онцлогтой. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь аялал жуулчлал бөгөөд уг салбарт түлхүү анхаарсан цахим хөтөлбөрийг боловсруулах нь чухал гэдгийг өнөөдрийн уулзалтаар онцлов. ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан дээрх ажлын хэсэг Хөвсгөл аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өгнө.

“Frontier Fintech Summit 2025″-ийн нээлтийн арга хэмжээ болох финтек салбарын “Дугуй ширээний уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын финтек салбарын хөгжлийг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаачилга, инновацыг нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Монголын финтекийн холбоо хамтран “Frontier Fintech Summit 2025” олон улсын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээний хүрээнд финтек салбарын “Дугуй ширээний уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Монголын санхүүгийн технологийн холбоо нь финтекийн салбарын хөгжлийг хурдасгах, салбарын чиг хандлагыг тодорхойлох, хууль эрх зүйн орчин болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор уламжлал болгон “Frontier Fintech Summit” олон улсын чуулга уулзалтыг 2019 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилийн чуулга уулзалтыг 2025 оны 09 дугаар сарын 19-ны өдөр “Fintech for People and Planet” буюу “Эх дэлхийд ээлтэй финтек” сэдвийн дор TechWeek-т хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн дугуй ширээний уулзалтаар “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны төлөөлөл холбооны үйл ажиллагаа, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга зам болон одоо хэрэгжиж буй хуулийн төслүүдийн талаар санал солилцлоо. Мөн төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын нийт 30 гаруй төлөөлөгчид оролцож, финтек экосистемийн бодлого, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр: Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэгч компани оролцогч талуудыг нэгтгэх, боломж бэрхшээлийг хэлэлцэх, санхүүгийн салбарын ирээдүйг тодорхойлох, бодит туршлага, сургамж, сорил, шийдлийг онцлох юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. БНСУ нь ухаалаг хотуудын анхдагчдын нэг гэдгээрээ олон улсад алдартай. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг хэрхэн дэвшилтэт технологи инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр шийдвэрлэх талаар талууд санал солилцов.   Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү асуудлыг судалж, хамтран ажиллахаа илэрхийллээ.