Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022.04.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн харилцаа холбоо, мэдээллийн технлогийн чадварыг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулсанаар талууд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан эмзэг бүлгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн мэдлэгтэй холбоотой одоо байгаа нөхцөл, сорилтуудын талаар судалгаа хийх, тоон бичиг үсгийн ур чадварын хүрээ, түүнийг Монгол Улсад хэрэглэх боломжийн талаар харьцуулсан судалгаа хийх зэргээр хамтран ажиллана.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь “Цахим Үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичигтээ дижитал дэд бүтэц, цахим засаглал, кибер аюулгүй байдал, тоон бичиг үсгийн боловсрол, инновац ба дижитал контент үйлдвэрлэл болон үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх, цахим хүртээмжийн ялгаатай байдлыг арилгаж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамтран ажиллахаар болж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад өрнөж буй цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, 2030 он гэхэд хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарах аж. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өөрийн “Дижитал стратеги”-ийн дагуу ядуурлыг арилгах, бүтцийн өөрчлөлтийг хурдасгах, аливаа бэрхшээл, гамшигт бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах дижитал технологийг судлан туршиж, түгээн дэлгэрүүлэх замаар уян хатан, ил тод, үр дүнтэй түншлэл бий болгохыг зорьж байна.

Other news

Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо 2022.12.22 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, үүрэн холбооны оператор компаниуд орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээгээ өргөтгөсөөр байна. 2022 онд ЦХХХЯ улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр алслагдсан 37 багт 4G сүлжээ нэвтрүүлсэн. Мөн үүрэн холбооны оператор компаниуд хөдөөгийн 201 багт 4G сүлжээ нэвтрүүлжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагчид харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна. ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай: Монгол улс өргөн, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархан суурьшсан учраас нийт хүн амаа харилцаа холбоогоор хангах нь том сорилт. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, малчдаа цаг алдалгүй мэдээ, мэдээллээр хангах, өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Өнөөдрийн байдлаар нийт сумдын 97 хувь нь өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбогдсон. Одоо бид алслагдсан багуудаа анхаарч байна. Хөдөөгийн алслагдсан багуудад 4G сүлжээ нэвтрүүлснээр нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс зэрэг ач холбогдолтой. Бид 2023 онд хөдөөгийн 25 багийг үүрэн холбооны сүлжээнд холбохоор төлөвлөж байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов

ҮЙЛ ЯВДАЛ Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов 2021.04.27 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1965- 1985 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Дахын Готовын тухай нийтэлж байна. Дах овогтой Готов Сүхбаатар аймгийн Онгон суманд 1927 онд төрсөн. Түүний холбоочин болох зам нь 1942 оноос Сүхбаатар аймгийн Байшинтын холбооны салбарт үйлдвэрлэлийн ажилтнаар ажилласнаар эхэлжээ. Д.Готов гуай 1945-1949 онд Улаанбаатар хотын холбооны техникумд суралцаж төгсөөд Ушандийн нэвтрүүлэх станцад техникч, станцын даргаар дэвшин ажилласан нэгэн. Тэрбээр 1949-1953 онд радио станцын техникч, радио зангилааны дарга, 1959-1960 онд Хонхорын радио төвийн ахлах инженерээр ажиллаж байгаад 1953-1959 онд ЗХУ-ын Москва хотын цахилгаан холбооны дээд сургуульд суралцаж радио холбооны инженер болжээ. 1960-1963 онд Төрийн ордны холбооны инженер, 1963-1964 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тээвэр, холбоо хариуцсан референт, 1964 оноос Тээвэр, холбооны яамны холбоо эрхэлсэн орлогч сайдаар томилогдон ажиллаж байв. Д.Готов гуай “… 1964 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудаж, “За, чи Тээвэр, холбооны яаманд холбоо эрхэлсэн орлогч сайдаар ажиллах хэрэгтэй. Харилцаа холбоог мэргэжлийн инженерийн хувьд удирдаж, ажлыг сайжруулж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэв. Ингээд би холбоочдынхоо дунд эргэж ирсэн билээ. … Тэр үед ТХЯ-д харилцаа холбооны асуудал эрхэлсэн 4 мэргэжилтэнтэй нэг хэлтэс ажиллаж байлаа. Дан ганц энэ хэлтсийн хүчээр тулгамдсан асуудлуудыг боловсруулж, шийдвэрлүүлэх боломж хараахан байхгүй нь ойлгомжтой тул ахмад туршлагатай удирдах ажилтан Ж.Самбуу, С.Дамдинсүрэн нар болон ЗХУ-д сургууль төгссөн Л.Бадарч, Ш.Гандорж, Д.Дамдинсүрэн, Л.Буджав, Б.Цэд-Иш, Л.Сумъяа, З.Дүгэрсүрэн, Г.Балдандорж, Ц.Бат-Очир зэрэг хэдэн залуу инженерүүдтэй зөвлөлдөн, Холбооны яамыг бие даан байгуулах тухай санал сэдэж, уг асуудлаа нилээд тооцоо судалгаатай боловсруулж, сайд Б.Гомбосүрэн болон коллегийн гишүүдэд танилцуулан, улмаар МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж танилцуулсан нь цагаа олсон хэрэг болж, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, Холбооны яам байгуулагдсан бөгөөд 1965 оны 12 дугаар сарын 1-ний өдөр намайг Холбооны сайдаар томилсон түүхтэй юм” хэмээн өгүүлжээ. Д.Готов гуай БНМАУ-ын Харилцаа холбооны салбарт реформын шинж чанартай өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зорин “БНМАУ-ын харилцаа холбооны салбарын 1960-1990 оны хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, энэхүү бодлогын баримт бичгийг 1967 онд Холбоочдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулан, энэхүү зөвлөгөөний үеэр хэлэлцүүлэн батлуулсан түүхтэй билээ. Энэ ерөнхий схемийн хэрэгжилт 1971-1989 оны хооронд улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд гүйцэтгэгдсэн бөгөөд Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээ шинэчлэгдэхийн хэрээр техникийн дэвшил нэвтэрч байсан нь харилцаа холбооны чанар сайжирч, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. 1965-1970 онд Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговийн чиглэлийн агаарын шугамыг 3-12-15 сувгийн өндөр үелзлийн аппаратаар нягтруулж, 3000 гаруй км шугам шинээр байгуулж, агаарын шугамын дундын өсгөх буудлын 20 барилгыг барьснаар хот хоорондын шугамын урт 16,6 хувь өсөж, нягтруулсан сувгийн тоо 4 дахин нэмэгдэж, бүх аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 24 цагийн турш байнгын телефон харилцаатай болгосноор хот хоорондын телефон ярианы хэмжээ 86,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд цахилгаан мэдээг үсэг бичигч аппаратаар дамжуулах болж морз аппаратыг бүрэн сольж дуусгажээ. 1975-1980 онуудад Хот хоорондын болон аймаг сумдын хооронд дахь агаарын шугамыг төмөр бетон хөлөөр бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй үргэлжлүүлж, нийтдээ 3718,4 км шугам шинээр байгуулж сувгийн уртыг 3875 суваг/км-ээр нэмэгдүүлсэн. Энэ ажлын дүнд ХАА-н нэгдэл, САА-н тасаг, бригадуудын 70%-ийг холбоожуулсан байна. Увс, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудыг орчин үеийн хоёроос гурван давхар холбооны барилгатай болгож, Улаанбаатар хотын дүүргүүдэд АТС, үйлчилгээний танхим бүхий холбооны шинэ байшин барьж холбооны үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Даланзадгад, Есөнбулаг, Чойбалсан, Мөрөн хотуудад 150-квт-ын хүчин чадалтай өргөн нэвтрүүлгийн станцууд байгуулж Монголын радио нэвтрүүлгийг дахин дамжуулж, холын аймгуудад телефон сувгаар радио нэвтрүүлгийн программыг дамжуулдаг болсноор радио нэвтрүүлгийн сонсголыг сайжруулжээ. Монгол Улсын харилцаа холбооны салбарт техникийн дэвшил нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхэд 1974 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 50 жилийн ой тэмдэглэхэд оролцсон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Ильич Брежнев зочлох үеэр Монгол Улсад радиожуулалтын асуудлыг шийдвэрлэхээр 60 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын холбоог хөгжүүлэх ерөнхий схемийн үндсэн зорилтыг шийдвэрлэсэн байна. Энэхүү тусламжийн хүрээнд Улаанбаатар- Өлгийн хоорондох радио релейны шугамын анхны станцын суурь тавигдаж, Алтай, Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улаанбаатар хотуудад их чадлын радио нэвтрүүлэх станц баригдан, ашиглалтад орж эхэлсэн байна. Шууданг Улаанбаатараас өдөр бүр бүх аймагт онгоцоор, сумдад долоо хоногт автомашинаар, сумын холбооны салбараас тусгай хуваариар багуудад шуудан хүргэдэг болгон зохион байгуулжээ. Энэ үеийн шуудан харилцаанд гарсан өөр нэг дэвшил бол шуудангийн маркийн хангамж байлаа. Өмнө нь ЗХУ-д шуудангийн маркаа хэвлүүлж зөвхөн дотоодын шуудангийн төлбөрт ашиглаж байсан бол 1958 онд шуудангийн маркийн талаар Бүгд Найрамдах Унгар Ард Улстай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шуудангийн маркийн сэдэв олширч, хэвлэлийн чанар сайжирсны зэрэгцээ гэрээний дагуу Унгар улс Монгол шуудангийн маркийг гадаадын зах зээлд борлуулж түүнийхээ орлогоос Монгол шуудангийн хэрэглээний маркийг Монголын талд үнэ төлбөргүй нийлүүлдэг болов. Д.Готов сайд “Би дэлхийн шуудангийн байгууллагын 1964 оны чуулган дээр шуудангийн маркийн ач холбогдол, үүргийн талаар олон орны төлөөлөгчдийн хэлсэн үг, санал зөвлөгөөнийг үндэслэн Монгол маркийн цаашдын хөгжлийн асуудлаар МАХН-ын Төв Хороонд танилцуулж байсан” хэмээн дурссан байдаг. 1965 онд ЗХУ-ын Холбооны яамныхантай Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэрээнд гарын үсэг зурж, телевизийн барилга байгууламж, шугам, антеныг бүрэн угсарч, 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор ашиглалтад хүлээж авах ажлыг гардан зохион байгуулсан. VI таван жилийн эцэст радио релейний шугам ашиглалтад орж эхэлснээр хот хоорондын телефон сувгийн тоог эрс нэмэгдүүлэх сайхан боломж олдсоны зэрэгцээ Радио релейний шугамын трассын дагуу сумын салбарууд хот хоорондын нэгдсэн сүлжээнд холбогдож улмаар ярианы саатал багассан байна. Сумдын нягтруулгатай сувгийн урт 1979 оны эцэст 16,5 мянган суваг/км болсон байна. Монгол Улсад дунд мэргэжлийн холбооны боловсон хүчнийг 1940 оноос бэлтгэж эхэлжээ. Холбооны салбар хөгжиж үйлчилгээний хүрээ өсөхийн хэрээр холбооны түгээмэл мэргэжлийн ажилтнууд болон дээд боловсролтой инженерүүд олноор шаардагдах болсон тул энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Д.Готов сайд, орлогч сайд Д.Гарам- Очирын хамт Сайд нарын зөвлөлийн тогтоол гаргуулж, 1967 онд Монгол Улсын Их Сургуулийн физик математикийн факультетад радио, холбооны инженерийн анги нээсэн бөгөөд 1960 оны сүүлчээр Монгол Улсын Их Сургуулиас Политехникийн дээд сургууль өрх тусгаарлан гарахад физик математикийн факультетын радио, холбооны ангийг Политехникийн дээд сургуулийн эрчим хүчний факультетын радио, холбооны тэнхим

Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын мод ургуулах санаачилга илүү үр дүнд хүрчээ. Тэд мод тарьсныг баталгаажуулах, ургуулах, хамгаалах ажилд инновацлаг шийдэл, аппликейшн, вэб платформуудыг ашигладаг. Жишээлбэл, Лос Анжелес хот “Tree map” системээр иргэдийн тарьсан модыг бүртгэж, ургалтыг нь тогтмол хянадаг бол Сингапур уг системтэй ойролцоо “Tree tracker” платформыг ашиглаж байна. Австралын Мельбурн “Urban Forest Fund”- аас мод ургуулсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бол санхүүгийн урамшуулал үзүүлж байна. Олон улсын энэхүү чиг хандлагыг нийслэл хотод нэвтрүүлэх, айл өрхүүд хашаандаа мод тарьсан бол бүртгүүлж, ургуулсан бол урамшуулал авдаг тогтолцоог УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд асан Ц.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” цахим бүртгэлийг эхлүүлсэн юм. Тэгвэл энэхүү санаачилгыг харилцаа холбооны салбарыхан буюу Мобиком, Скайтел, Юнител, Жимобайл компаниуд дэмжиж, модоо амжилттай ургуулсан иргэнийг датагаар урамшуулахаар болжээ.  “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” санаачилгын хүрээнд харилцаа холбооны салбарынхан иргэдийн тарьсан модны ургалтыг дрон ашиглаж, тогтмол ажиглаж, иргэдэд ногоон оноо буюу карбон кредит өгөх шийдлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Иргэд хашаандаа тарьж, ургуулсан модоо “e-mongolia” гар утасны аппликейшнээр 10 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлэх юм. Айл өрхүүд хашаандаа мод тарьж, амжилттай ургуулсанаар нийслэл хотын нэг хүнд оногдох ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, дуу чимээ болон үнэрийн бохирдол буурах боломжтой.