Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов

2022.01.07

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов. Маркийн эх зургийн хөшгийг нээж, шинэ маркийг толилуулах ёслолыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг давхар гүйцэтгэгч Л.Энх-Амгалан нар гүйцэтгэв. Тэд мөн Монгол маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурж, тамгалснаар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” 1096 дахь сэдвийн шуудангийн марк үнэт цаас болж буйг зарлалаа.

Тус марканд Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг болсон ардчилсан шинэ Үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийг залжээ. Харин чимэглэл хэсэгт мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон төрийн далбааны өнгөн дээр “гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, засаг мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай алтан соёмбо тэмдэг түүний дор “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээсэн үгийг эвхмэл бичгээр бичсэн байна.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд дөрвөн удаа Үндсэн хууль батлан мөрдсөн юм. 1992 онд баталсан дөрөв дэх Үндсэн хууль нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг байгуулахаа тунхаглаж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, Монгол Улс өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны үндсийг бэхжүүлснээрээ онцлог юм.

Монгол марканд анх БНМАУ-ыг тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны ойд зориулж, 1926 онд Монгол төрийн эрдэнийн алтан соёмбо тэмдэг бүхий шуудангийн марк гаргаснаас хойш 20 гаруй удаа төрийн соёмбо, сүлд, далбаагаар мөн 1964 онд Монгол Улсын Ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасагч” бүтээлээр “Үндсэн хуулийн 40 жил” сэдэвт марк гаргасан байдаг.

Other news

Бизнес эрхлэгчдийн цахим туслагч “E-business” үйлчилгээг сайжруулна

Компани, ТББ, хоршоо бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл сунгуулах зэрэг 780 төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг “E-business” платформыг бизнес эрхлэгч хүн бүрд яаж илүү үр дүнтэй болгох вэ? Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЦХХЯ-ны хэрэгжүүлсэн “E-Business платформд процессын дахин инженерчлэл хийх” төслөөр энэ асуултын иж бүрэн хариултыг олж тодорхойлж байна. Техник, зохион байгуулалт, системийн чанартай олон талт асуудлыг дэлхийд бизнес процессын дахин инженерчлэлийн арга зүйгээр шийдвэрлэдэг. Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой Улсын бүртгэлийн багц хууль, бусад хууль, Засгийн газрын цахим шилжилтийн бодлогын хэрэгжих явцад ямар бэрхшээл тулгарч буйг шалтгаан, нөхцөлтэй нь тодорхойлж, эрх зүйн болон техникийн санал шийдэл гаргаж байна. E-business платформ нь жилийн хугацаанд төрийн 780 үйлчилгээг хууль эрх зүйн өнөөгийн боломжоор цахимжуулж, 24,000 хэрэглэгчид 50 мянга 400 орчим удаа хүргээд байгаа юм. Цаасан хүнд суртлыг багасгаж, цахимжилтыг түргэсгэхэд бүртгэл, хууль эрх зүйн, төрийн байгууллагуудын уялдааг холбоог сайжруулах дараагийн шатны сорилтуудыг даван туулах зүй ёсны шаардлага урган гараад байна.

“Үндэсний цахим элч” хөтөлбөр нээлтээ хийлээ

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2024.09.24) боллоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-нд иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43.8%-тай гарсан хэдий ч зорилтот бүлэг, тэр дундаа ахмад настнуудын хувьд цахим үйлчилгээг бие даан авах мэдлэг, чадвар дутмагаас үүдэлтэйгээр хүүхдүүд, ач, зээгийнхээ тусламжийг авах нь нийтлэг байна. Мөн тэд ямар мэдлэг, чадвар дутагдаж, ямар ур чадвараа хөгжүүлэхээ төдийлөн тодорхойлж мэдэхгүй байгаа ба энэхүү хөтөлбөрөөр 150 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэх юм. Эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 12 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө, орон нутгийн 1000 ахмадад өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадварыг заах юм.  “Үндэсний цахим элч” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр үргэлжлүүлэн улсын хэмжээнд 10,000 гаруй иргэдэд өдөр тутамд нь тулгамддаг цахим хэрэглээтэй холбоотой ур чадварыг нэмэгдүүлэх төсөл болон өргөжинө.