Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ

2021.12.24

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд цахим засаглалын суурь болсон багц хуулиуд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн талаар тайлбар өглөө. Тэрбээр дээрх таван хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Тэрбээр “Технологийг хэдийгээр хуульчилж болохгүй ч гэсэн эрхзүйн орчныг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас төрийн нэгдсэн систем гэж юуг хэлэх үү, төрийн дагнасан систем гэж юуг ойлгох уу, үндсэн систем гэж юу гэж ойлгох вэ зэрэг тодорхой системүүд буюу дэд бүтцийгээ хуульчилж өгсөн хуультай боллоо. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бид нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн хязгаартай мэдээлэл, хаалттай мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой болгосон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдан гарснаараа өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахад давхар цаасан баримт шаарддаг байсан үйлчилгээ зогсож байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдлээ. Харин хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нэлээд гомдол санал гаргадаг, нийгэмд иргэдийн ялгаварлах байдлыг бий болгодог дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, тэр журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дууны төхөөрөмжийг нийтийн зориулалттай байршуулах зэрэг зохицуулалтыг хуульчилж өгсөн. Гол үзэл баримтал нь өмнө нь хүн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан бол шинэчлэгдсэн хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. Мөн хүний эмзэг мэдээлэл болон хувийн мэдээллийг ангилж, эмзэг мэдээллийг нууцад хамруулсан. Сэтгүүлчид болон иргэдийн зүгээс байгууллагууд нууц гэдэг тамга дараад иргэдэд нээлттэй байх мэдээллийг нууцалж байна гэдэг гомдол нэлээн ирүүлдэг. Дээрх хуулиудаар нууцлаад буй 67 мэдээллийг ил тод болгож байна. Ажил олгогч, төрийн байгууллага болон бусад байгууллагын зүгээс аливаа хуулийн этгээд түүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээнэ. Цахим гарын үсгийн хуулиар “e-Mongolia” дээр нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. Өнгөрсөн хугацаанд бид цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж байсан ч хувийн байгууллагаар дамжуулан цахим гарын үсгийг олгосон бөгөөд нийт 30,000 хүн цахим гарын үсэгтэй болсон нь л маш хангалтгүй тоо гэж үзсэн. Тиймээс иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь маш чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хууль зөв хэрэгжээд амьдрал дээр биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэргээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ утгаараа бид Кибер аюулгүй байдлын тухай хуулийг энэ цагт баталлаа. Тус хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж буй. Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хуультай боллоо. Ингэснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болж байна. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн хувьд биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгосон, стандартыг нь өндөр түвшинд барьсан, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон хууль. Бид олон улсын ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бүртгэх, зөвшөөрөх, хориглох гэсэн сонголтоос Монгол Улс бүртгээд хянах гэдэг сонголтыг нь хийсэн. Тиймээс Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ тавигдах шаардлагуудыг тодорхой болгож, мэргэжлийн холбоодын дүгнэлтийг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн.

Other news

Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв

Монгол Улс хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээг ОХУ-тай 2024 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд, БНХАУ-тай 2024 оны 05 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав. Радио долгион нь хил хязгааргүй тархах онцлог бүхий байгалийн хязгаарлагдмал нөөц юм. Иймд хөрш орнууд энэхүү нөөцийг хил орчмын бүс нутагт ажиллах радио станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн нарийн зохицуулалт хийж, хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих шаардлагуудтай тулгардаг. Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага, технологийн дэвшилтэй уялдуулан хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг тухай бүр хийх шаардлага үүсэж байна. БНХАУ-тай хийсэн энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны үйлчилгээний 703-748/758-803 МГц, 880-915/925-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц, 2300-2400 МГц, 2500-2690 МГц, 1920-1980/2110-2170 МГц, 3300-3800 МГц радио давтамжийн асуудлуудыг хэлэлцэж, радио давтамжийн 1920-1965/2110-2155 МГц зурваст газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалтын гэрээг шинээр байгууллаа. Эдгээр баримт бичгийг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрх зүйн боломж бий болох чухал ач холбогдолтой юм.

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуралд оролцож, “Монгол улсын шүүхийн болон хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг” сэдвээр илтгэл тавилаа. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Шүүх цахимжуулалтад шилжихэд аюулгүй байдлыг хангахад бид бэлэн. Шүүхийн цахим тогтолцоо нь харилцан уялдаатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх зарчимд нийцсэн байх ёстой. Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай. Салбар хоорондын уялдааг хангах, архитектур төлөвлөлт, технологийн шийдлүүд гаргах, улсын бүртгэлийн байгууллагуудын холбогдох мэдээллийг найдвартай, иж бүрэн солилцоход дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм. Мөн илтгэлд цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд хийгдсэн дэвшил, бодлого стратеги, дижитал дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, инновац үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний суурь дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилнэ. Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер хэлбэрт шилжүүлэн Үндэсний клауд дэд бүтцийг бий болгосноор хоорондоо зохицдоггүй тоног төхөөрөмж, техник хангамж үүсгэдэг асуудлыг цэгцэлнэ. 2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэж, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ, санхүү, татвар болон нийгмийн даатгал зэрэг төрөөс хуулийн этгээдтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг цахим нэг цонхонд төвлөрүүлж, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн “e-business.mn” платформыг бий болгоно. Уг платформ нээгдсэнээр хүн, хуулийн этгээд дэлхийн хаана ч байсан Монгол Улсад компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, сунгах, татвар, нийгмийн даатгалаа төлөх боломжтой болно гэдгийг онцоллоо.

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

ҮЙЛ ЯВДАЛ Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар 2021.06.03 Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ