Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

2021.10.26

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. Сургалтад хамрагдсанаар: Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ. Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно. Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу.

Other news

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбатын ахалсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчлах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэх үзүүлэх, төрийн албан хаагчдад цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах өнөөдрийн /2023.09.11/ үйл ажиллагааг тус аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав нээлээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, ажлын хэрэгжилтийг танилцуулж, ЦХХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгөв. Мөн Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жамсрандорж Архангай аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг тус аймгийн Төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй”-н талаар сургалтыг зохион байгууллаа. Архангай аймгийн хэмжээнд дөрвөн байршилд “ХУРДАН” цэг ажиллаж байгаа бөгөөд тус аймаг нь 19 сумын нийт 101 багтай. Нутаг дэвсгэрээр тооцвол 32 хувь нь өндөр хурдны 4G сүлжээнд холбогдсон бол 35 хувь нь огт сүлжээгүй гэсэн судалгаа гарсан байна. Мөн 18-45 насны иргэд e-mongolia аппликейшныг ашиглах бүрэн боломжтой гэсэн бол 45-60 насны иргэдтэй түлхүү ажиллаж, тэдний цахим ур чадварыг дээшлүүлэх заавар зөвлөгөө, мэдээллийг цахим хэлбэрээр болон биечлэн өгөх шаардлага байгааг онцолж байлаа.

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран 2023-2026 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: 1. Төр хувийн хэвшил боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, 2. Оюутан сурагч болон мэргэжилтнүүдэд зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх 3. Төрийн албан хаагчдад зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх зорилтууд тус тус хэрэгжиж байна. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жайка болон ЦХХХЯ-аас гадна МУ-ын ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран ажиллаж байна. Өнөөдөр /2023.10.06/ Төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээллийн технологийн системийн хамгаалалт сэдэвт семинарыг зохион байгууллаа. Кибер аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл, санхүүжилт шаардлагатай тухай уг семинарын үеэр мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Тус арга хэмжээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож мэдээлэл төслийн хэрэгжилтийн тухай солилцлоо ЖАЙКА нь Ази, Африк, θмнөд Америк, Aвстрали, Oйрхи Дорнод, Зүүн Европийн 155 oрoнд техникийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна.

Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ

ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, шинэ санаа, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар нийт ажилчдадаа танилцуулж, үр дүнгээ хуваалцдаг жишгийг бий болгож эхэллээ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд найрамдах Эстони Улсад ажиллаад ирсэн гадаад томилолтыг эхний ээлжид онцолж байна. Засгийн газрын цахим засаглал, цахим шилжилтийн талаар судлах, туршлага солилцож, цаашид  хамтран ажиллах санал солилцох зорилгоор УИХ-ын гишүүд, Инновац, цахим бодлогын байнгын хороо, ЦХИХХЯ-ны төлөөлөл зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү томилолтыг зохион байгуулжээ. ЦХИХХЯ-ны Салбар дундын зохицуулалт хариуцсан шинжээч Г.Энхтулга “1991 онд Тусгаар тогтнолоо байгуулсан Эстони Улс сүүлийн 2.5 жилд цахим шилжилтийн хүрээнд үсрэнгүй хөгжжээ. 1.3 сая иргэндээ e-ID-ийг бүрэн нэвтрүүлсэн. Үүнийг нийт иргэдийн 64 хувь тогтвортой ашиглаж байна. Мөн пластик үнэмлэх, мобайл ID, smart ID зэргийг нэвтрүүлжээ. Smart ID-ийг интернэттэй холбогдож буй иргэд хэрэглэх боломжтой бөгөөд заавал гар утас шаардахгүй учир гадаадад оршин сууж буй иргэдэд энэхүү үйлчилгээ түгээмэл хүрсэн. 2014 оноос Европын холбооны улсуудтай тохиролцож, Эстони Улсын иргэн өөр улсад амьдарч байвал Smart ID-ийг ашиглаж, хил дамнасан мэдээллийг хөгжүүлэх эхлэлийг тавьжээ. Мөн нийтийн дэд бүтцийн шилдэг технологийг 2001 оноос нэвтрүүлж, мэдээлэл солилцоход хамгийн өргөн хэрэглэгддэг Xroad-ийг бий болгожээ. Энэ нь дэлхийн тэргүүлэгч дижитал улс орнуудын ашигладаг байгууллагуудын хооронд аюулгүй мэдээлэл солилцох нээлттэй платформ юм. Түүнчлэн Бүгд найрамдах Эстони Улс нь 2005 оноос сонгуулиа цахимаар өгч буй дэлхийн ганц улс” гэдгийг онцоллоо. Томилолтын үр дүнд City verse, Lorawan, Large language model /LLM/, AI+IoT, E-community зэргийг хөгжүүлэх шаардлага байгааг олж харсан байна. Тодруулбал, хиймэл оюун, дрон, IoT-ийг хөгжүүлэхийн тулд Lorawan-гийн стандартыг нэвтрүүлэх нь чухал. Мөн LLM-ийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай. Дэлхийн 62 улс E-community-д нэгджээ. Үүнд нэгдэн орох хэрэгцээ Монгол Улсад ч бий. Цахим шилжилтийг эрчилжүүлэхийн тулд дээрх ажлуудыг гүйцэтгэхээс гадна иргэдийнхээ сэтгэлгээг бэлдэх, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах нь хамгийн чухал аж. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Эстони Улсад 1,3 сая хүн цахимаар сонгуулийн саналаа өгч байна. Энэхүү жишгийг 2025 оноос гадаадад ажиллаж, сурч буй иргэдийн дунд нэвтрүүлэхийг зорьж байна. Гадаадад амьдарч буй 200 гаруй мянган иргэнээс 8000 нь сонгуулийн санал өгдөг. E-vote-ийг нэвтрүүлснээр энэхүү тоо өсөх юм. Мөн ЦХИХХЯ-наас санаачлан цахим нотариатыг 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнийг нэвтрүүлэхэд жил орчмын хугацаа шаардлагатай” хэмээн ярилаа. Цаашид ЦХИХХЯ-наас Бүгд найрамдах Эстони Улсын туршлагад тулгуурлан дараах цахим шилжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Үүнд: 1. Цахим нотариат: Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, 2. Цахим сонгууль: Сонгуулийн санал хураалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэд саналаа цахим хэлбэрээр өгөх сонголтод хувилбарыг бий болгох, 3. X-road архитектур нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн  архитектурыг төвлөрсөн бус X-Road /X-Tee/ заrварт ойртуулах, холбогдох судалгаа, төлөвлөлтийн ажлыг хийж, дэд бүтцийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, 4. Шинэчлэгдсэн “Цахим үнэмлэх 6-10” экосистемийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх, 5. Мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг сургах үйл ажиллагaar TalTech технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлнэ. /Төрийн албан хаагч нарт зориулсан 1 жилийн хөтөлбөр/ 6. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Эстони Улсын И-Засаглалын академитай 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Бүгд найрамдах Эстони Улсад туршлага судлахаар явж ирсэн төлөөлөл энэ мэтээр мэдээллээ хуваалцаж, томилолтод тулгуурлан цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.