Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

2021.08.30

Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна… Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив? Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна. #1 Мобайл банк – Бүх банкны аппликейшн Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй.

#2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney Hipay + UB Smart Bus 

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой.

#3 Такси дуудлага: Ubcab

Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab.

#4 Хоол хүргэлт: Tok tok Songo Toki 

Дээрх аппликейшнүүдийн “ачаар” бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй.

#5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt

Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой.

#6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat

Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй.

#7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia

Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй.

#8 Боловсрол: Mplus Esan Tomyo Mongoltoli.mn 

Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна.

#9 Эх хэл: Ikon + Chimege

Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм.

#10 Үүрэн телефон: Unitel Mobicom Skytel My GMobile

Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг.

Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

 

Other news

“Цахим аюулгүй байдал” арга хэмжээ боллоо

Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд, олон нийтийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах талаар зөвлөмж зааварчилгааг бэлтгэн хүргэх чиг үүргийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.12.15 “Цахим аюулгүй байдал” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас цахим орчинд хүүхэд хамгааллын талаар нэгдсэн удирдамжаар хангах чиглэлээр гаргасан сургалтын багц хөтөлбөр болон удирдамжийг монгол хэл дээр орчуулж хэвлэсэн гарын авлагыг танилцуулж, холбогдох байгууллагуудад гардуулсан юм. Арга хэмжээг нээж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон ХХЗХ-ны дарга Г.Чинзоригийн мэндчилгээг тус хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун танилцуулж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно, “Хүүхдийн эрх ба цахим орчин” улсын аварга шалгаруулах VIII мэтгэлцээний тэмцээний шилдэг илтгэгч, Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Отгонгүнж нар үг хэллээ. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан гаргасан сургалтын багц хөтөлбөрийн материалыг төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн тоогоор хэвлүүлэн Боловсролын ерөнхий газарт, Бодлого боловсруулагчдад зориулсан удирдамжийг Цахим, хөгжил харилцаа холбооны яаманд, Бизнесийн салбарынханд зориулан гаргасан удирдамжийг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад тус тус гардуулан өгөв. Арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг тал бүрийн төлөөлөл бүхий 60 гаруй төлөөлөл оролцлоо.

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Төслийн менежментийн мэргэжилтэн, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Төслийн менежментийн мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1OWeGOmsyH-tVHgXjdcMoupvH8u6Ocbh2/view?usp=sharing Мэдээлэл харилцааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1mH6aZEdJFseIllewCzil5ktqsg75IOMV/view?usp=sharing Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-mongolia аппликейшнээр цахимаар гарган ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг /266114/ утсаар лавлана уу.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “И-Монгол Академи” УТҮГ-т ажиллалаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар шинээр томилогдсонтой холбогдуулан яамны харьяа болон салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай шат дараатай танилцах уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр, 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “И-Монгол академи” УТҮГ -ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага болон албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтад ЦХИХХ-ны сайд Э.Батшугарын хамт яамны албаны төлөөллүүд, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, газар хэлтсийн дарга нар болон холбогдох ажилтнууд оролцож, байгууллагын өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Сайд Э.Батшугар уулзалтын үеэр “И-Монгол академи” УТҮГ нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй цахим засаглалын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг онцолж, цаашид олон улсын жишигт нийцсэн, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, хүн бүрд хүртээмжтэй, ашиглахад хялбар, дэвшилтэт технологид суурилсан төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр тогтвортой хамтран ажиллахыг байгууллагын удирдлагад чиглэл болгож, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Тус уулзалт нь төрийн цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэгч гол байгууллагын хувьд “И-Монгол академи” УТҮГ-ын цаашдын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шинэ санаачилгуудыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Цаашид: “E-Mongolia” платформын 5.0 хувилбар Танилт, нэвтрэлтийн “ДАН” системийн 2.0 шинэчлэл “E-Business” системийн сайжруулалтуудыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.