Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

2021.05.21

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан салбарын стартап компаниудыг олон улсын зах зээлд гаргах, төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах төр болон хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг хоёр сарын өмнө байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр /2021.05.21/боловсруулсан санал, дүгнэлтээ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуягт хүлээлгэн өглөө. Ажлын хэсгийн боловсруулсан санал Засгийн газарт хүргэгдэнэ. Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг “Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш цахим шилжилтэд анхаарч ажиллаж байна. Цахим шилжилттэй холбоотой Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Тоон гарын үсэг тухай хуулийн төслийг УИХ- д өргөн барьсан байгаа. Өчигдөр виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Улаанбаатар, Дарханы хажууд инновац, мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах асуудал Засгийн газрын хөтөлбөрт орчихсон явж байна” гэв.

Дриймэрс, Стартап маркетинг спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “3 дугаар сарын 20-нд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төр, хувийн хэвшлийн хамтарсан 3 ажлын хэсгийн онлайн бүртгэл хийсэн. Тус ажлын хэсгүүдэд хувийн хэвшил болон иргэд сайн дураараа бүртгүүлж, ажлын хэсэгт орж ажилласан. Манай ажлын хэсэг бол олон улсад мэдээллийн технологийн гарааны бизнесүүд гарахад хэрхэн төрөөс дэмжих бэ гэдэг төлөвлөгөөг боловсруулах үүрэг авсан. Ажлын хэсэг маань 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад, нэг сарын хугацаанд 100 гаруй мэдээллийн технологийн компаниудын үүсгэн байгуулагчдаас судалгаа авч, төлөвлөгөөг боловсруулан, өнөөдөр гардуулан өгч байна. Цаашид бид нэгдсэн дуу хоолойгоо өргөдөг байя, төртэйгөө хамтын ажиллагааг бий болгоё, төр болохгүй байна гэж гаднаас шүүмжлэх бус хамтын ажиллагаа, өөрсдийнхөө оролцоог бий болгоод явах бодлогын тинк танк болоод хөгжиж явах юм. Бид бүхэн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал болон Д.Цогтбаатар нарын санаачилсан Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл тун удахгүй өргөн баригдах гэж байна” гэв

Ihotel ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал ажлын хэсгийн хийсэн судалгаа, санал дүгнэлтийг танилцуулсан юм. 

Ажлын хэсгийн нэгдсэн санал

Ойрын хугацаанд:

  • Гаднын улсуудад байрлах Элчин сайдын яам, Консулаар дамжуулан судалгаа хийх, компаниудтай холбоо харилцаа тогтоох.
  • Боломжит орнуудад сайн дурын бизнес төлөөлөгчид бий болгох, тэдгээр хүмүүсээр дамжуулан зах зээлийн судалгаа хийх, хэрэгцээтэй компани, хувь хүмүүстэй холбоо харилцаа тогтоох.
  • Гадаадын байгууллага, их сургуулиудаас дадлага хийх, туршлага солилцох мэргэжилтнүүдийг Монгол руу аялах процессын хөнгөвчлөх ( виз болон оршин суух зөвшөөрөл…. гэх мэт)
  • Гаднын томоохон хэвлэлд компаниудын мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийн танилцуулга нийтлэл тогтмол гаргуулдаг байх.
  • Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэ хуулийн талаарх ойлгомжтой мэдээллийг гаднын улс орнуудад зориулж цаг алдалгүй орчуулан түгээх, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдийг мэдээллээр хангадаг болох.
  • Гаднын хөрөнгө оруулагч нартай холбох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах (Засгийн газрын гадаад айлчлалд хамт явах, хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулах).
  • Төр хувийн хэвшлийг холбосон найдвартай экосистем бий болгох.

Дунд хугацаанд:

  • Гадаад, дотоодын технологийн компаниуд туршилт, тест хийх “Sandbox” орчин орчин бүрдүүлэх.
  • Paypal, Stripe, Plaid, Moopay, Coinbase зэрэг олон улсын санхүү, төлбөрийн дэд бүтэцтэй холбох боломжийг нээх.
  • Олон улсын түвшний компаниудтай мэргэжилтэн солилцооны программ тогтмол зохион байгуулах.
  • Инновацыг дэмжих хөтөлбөр, сангаас технологийн инновац бүтээж буй компаниудад дэмжлэг үзүүлэх.
  • Дотоодын хөрөнгө оруулагч нарт хандсан гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх талаар мэдээлэл, сургалт, ойлголт тогтмол өгөх.
  • Гадаадын бизнесүүдийг нэгдсэн байдлаар, Монгол улсад урьж авчрах, танилцуулах үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулах .
  • Олон улсын байгууллагуудтай хамтран гадаад, дотоодын боломжит түншүүдтэй старт ап-уудыг танилцуулах, туршлага солилцуулах.
  • Цөөн тооны чанартай старт апуудыг шалгаруулан төр бүхий л талаас нь дэмжих.

Урт хугацаанд

  • Урт хугацааны бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй зээлд хамруулах.
  • Татвараас хөнгөлөх, чөлөөлөх
  • Нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх
  • Старт апуудыг дэмжихэд хувийн хэвшлийн томоохон компаниудаас дэмжлэг авах.
  • Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийн бодлогын дэмжлэг

Онцлох саналууд

  • Салбарын яамтай болох
  • Тодорхой бүс нутагт чиглэн ажиллах, судалгаа хийх.
  • Эсвэл өөрсдийн чадавхад тааруулсан чиглэлийг сонгон ажиллах хэрэгтэй.
  • Компанит ажил эхлүүлэх, улсаа болон мэдээллийн технологийн компаниудаа сурталчлах контент тасралтгүй хийдэг байх

 

Other news

Тандан судалгааны хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа Хоккайдо их сургуулийн Сансрын даалгаврын төвийн захирал, профессор Юкихиро Такахашиг өнөөдөр (2024.11.21) хүлээн авч уулзав. Профессор Юкихиро Такахаши нь Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсад микро ангиллын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Микро буюу тандан судалгааны хиймэл дагуул нь том хиймэл дагуултай харьцуулахад бага өртөгтэй, 1-3 жилийн богино хугацаанд хөгжүүлэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэдэг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн уян хатан ажиллагаатай зэрэг олон давуу талтай юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ази номхон далайн бүсийн орнуудтай хйимэл дагуулын өгөгдлийг солилцох, удирдах, хамтран эзэмших боломжтой юм байна. Уулзалтын үеэр Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа тандан судалгааны хиймэл дагуул төслийн хүрээнд тус сургуультай хамтран ажиллахад нээлттэй гэдгийг онцолж, сансар судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Хоккайдо их сургуулийн Тандан судалгааны хиймэл дагуулын төслийг Вьетнам, Филиппин, Мьянмар, Индонез зэрэг улсад хэрэгжүүлж байна.  Тус хиймэл дагуул нь байгалийн гамшигт үзэгдлийн зураглалыг өндөр нарийвчлалтайгаар авч урьдчилан сэргийлэх, байгалийг сэргээн засварлахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн шинэ салбар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн нэгдсэн зах”-д нээгдлээ

Тус цэг нээгдсэнээр Баянзүрх дүүргийн 10, 11, 20, 23, 28, 33, 35 дугаар хорооны иргэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм. “ХУРДАН” цэгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын болон Баянзүрх дүүргийн холбогдох удирдлага, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ​ 2022.07.22 Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно. Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ. Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ