Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

2021.05.21

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан салбарын стартап компаниудыг олон улсын зах зээлд гаргах, төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах төр болон хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг хоёр сарын өмнө байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр /2021.05.21/боловсруулсан санал, дүгнэлтээ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуягт хүлээлгэн өглөө. Ажлын хэсгийн боловсруулсан санал Засгийн газарт хүргэгдэнэ. Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг “Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш цахим шилжилтэд анхаарч ажиллаж байна. Цахим шилжилттэй холбоотой Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Тоон гарын үсэг тухай хуулийн төслийг УИХ- д өргөн барьсан байгаа. Өчигдөр виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Улаанбаатар, Дарханы хажууд инновац, мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах асуудал Засгийн газрын хөтөлбөрт орчихсон явж байна” гэв.

Дриймэрс, Стартап маркетинг спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “3 дугаар сарын 20-нд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төр, хувийн хэвшлийн хамтарсан 3 ажлын хэсгийн онлайн бүртгэл хийсэн. Тус ажлын хэсгүүдэд хувийн хэвшил болон иргэд сайн дураараа бүртгүүлж, ажлын хэсэгт орж ажилласан. Манай ажлын хэсэг бол олон улсад мэдээллийн технологийн гарааны бизнесүүд гарахад хэрхэн төрөөс дэмжих бэ гэдэг төлөвлөгөөг боловсруулах үүрэг авсан. Ажлын хэсэг маань 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад, нэг сарын хугацаанд 100 гаруй мэдээллийн технологийн компаниудын үүсгэн байгуулагчдаас судалгаа авч, төлөвлөгөөг боловсруулан, өнөөдөр гардуулан өгч байна. Цаашид бид нэгдсэн дуу хоолойгоо өргөдөг байя, төртэйгөө хамтын ажиллагааг бий болгоё, төр болохгүй байна гэж гаднаас шүүмжлэх бус хамтын ажиллагаа, өөрсдийнхөө оролцоог бий болгоод явах бодлогын тинк танк болоод хөгжиж явах юм. Бид бүхэн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал болон Д.Цогтбаатар нарын санаачилсан Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл тун удахгүй өргөн баригдах гэж байна” гэв

Ihotel ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал ажлын хэсгийн хийсэн судалгаа, санал дүгнэлтийг танилцуулсан юм. 

Ажлын хэсгийн нэгдсэн санал

Ойрын хугацаанд:

  • Гаднын улсуудад байрлах Элчин сайдын яам, Консулаар дамжуулан судалгаа хийх, компаниудтай холбоо харилцаа тогтоох.
  • Боломжит орнуудад сайн дурын бизнес төлөөлөгчид бий болгох, тэдгээр хүмүүсээр дамжуулан зах зээлийн судалгаа хийх, хэрэгцээтэй компани, хувь хүмүүстэй холбоо харилцаа тогтоох.
  • Гадаадын байгууллага, их сургуулиудаас дадлага хийх, туршлага солилцох мэргэжилтнүүдийг Монгол руу аялах процессын хөнгөвчлөх ( виз болон оршин суух зөвшөөрөл…. гэх мэт)
  • Гаднын томоохон хэвлэлд компаниудын мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийн танилцуулга нийтлэл тогтмол гаргуулдаг байх.
  • Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэ хуулийн талаарх ойлгомжтой мэдээллийг гаднын улс орнуудад зориулж цаг алдалгүй орчуулан түгээх, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдийг мэдээллээр хангадаг болох.
  • Гаднын хөрөнгө оруулагч нартай холбох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах (Засгийн газрын гадаад айлчлалд хамт явах, хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулах).
  • Төр хувийн хэвшлийг холбосон найдвартай экосистем бий болгох.

Дунд хугацаанд:

  • Гадаад, дотоодын технологийн компаниуд туршилт, тест хийх “Sandbox” орчин орчин бүрдүүлэх.
  • Paypal, Stripe, Plaid, Moopay, Coinbase зэрэг олон улсын санхүү, төлбөрийн дэд бүтэцтэй холбох боломжийг нээх.
  • Олон улсын түвшний компаниудтай мэргэжилтэн солилцооны программ тогтмол зохион байгуулах.
  • Инновацыг дэмжих хөтөлбөр, сангаас технологийн инновац бүтээж буй компаниудад дэмжлэг үзүүлэх.
  • Дотоодын хөрөнгө оруулагч нарт хандсан гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх талаар мэдээлэл, сургалт, ойлголт тогтмол өгөх.
  • Гадаадын бизнесүүдийг нэгдсэн байдлаар, Монгол улсад урьж авчрах, танилцуулах үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулах .
  • Олон улсын байгууллагуудтай хамтран гадаад, дотоодын боломжит түншүүдтэй старт ап-уудыг танилцуулах, туршлага солилцуулах.
  • Цөөн тооны чанартай старт апуудыг шалгаруулан төр бүхий л талаас нь дэмжих.

Урт хугацаанд

  • Урт хугацааны бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй зээлд хамруулах.
  • Татвараас хөнгөлөх, чөлөөлөх
  • Нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх
  • Старт апуудыг дэмжихэд хувийн хэвшлийн томоохон компаниудаас дэмжлэг авах.
  • Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийн бодлогын дэмжлэг

Онцлох саналууд

  • Салбарын яамтай болох
  • Тодорхой бүс нутагт чиглэн ажиллах, судалгаа хийх.
  • Эсвэл өөрсдийн чадавхад тааруулсан чиглэлийг сонгон ажиллах хэрэгтэй.
  • Компанит ажил эхлүүлэх, улсаа болон мэдээллийн технологийн компаниудаа сурталчлах контент тасралтгүй хийдэг байх

 

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна. Дээд түвшний уулзалтанд БНСУ-ын Eрөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Шадар сайд Оливер Доуден болон Эстони, Швед, Шинэ Зеланд, Энэтхэг, Австрали зэрэг 30 орчим улсын гадаад харилцаа, цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна. Сайд Н.Учрал энэ үеэр “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Хүртээмжтэй нийгэм” сэдвээр үг хэллээ. Тэрээр “Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай эх орныг “Ардчиллын баян бүрд” хэмээн хэлж байлаа. Бид ардчиллыг бэхжүүлж мэдэх эрхийг хангуулахаар “Шилэн” нэртэй ил тод байдлын анхны нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулсан. Энэхүү платформд 13 сая гаруй удаа хандсан бөгөөд улсын хэмжээнд, ялангуяа засгийн газрын хөрөнгийн зарцуулалтын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, 27 сая гаруй ам.долларын зээлтэй тэнцэх 92 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлжээ. Энэ нь Монголын ард түмэн технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрч байгаагийн тод жишээ юм” гэлээ.

Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна 2022.10.15 Монгол Улсын Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна. Төрд мэргэшсэн, чадавхтай боловсон хүчин ажиллуулах нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл бөгөөд үүнтэй холбоотойгоор иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга төдийгүй шалгалтыг зохион байгуулах арга хэлбэр улам бүр боловсронгуй болж байна. Энэ удаагийн шалгалт нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн шалгалт бөгөөд 5885 иргэн бүртгүүлсний 2788 нь Улаанбаатар хотоос бусад нь орон нутгаас байна. Төрийн албаны ерөнхий шалгалт цахимжсанаар Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд шалгалтад бүртгүүлэх, амьдарч байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм. Шалгалтын зохион байгуулалтад Төрийн албаны зөвлөлөөс гадна цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн систем, серверийн хэвийн найдвартай ажиллагааг Үндэсний дата төв хариуцан ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюун ухааны стратегийг боловсруулах ажилд санал авч байна

Oxford Insight байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухааны бэлэн байдлын судалгааг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. 2023 онд хиймэл оюуны ухааны стратегиа зарлаж буй улс орнуудын тоо буурсан ч 2024 онд бага, дунд орлоготой орнууд хиймэл оюун ухааны талаарх алсын хараагаа албан ёсоор зарлаж эхэллээ.  2024 онд 12 улс хиймэл оюун ухааны стратегиа олон нийтэд зарласан нь 2023 онтой харьцуулахад гурав дахин өсчээ. Эдгээр стратегийн талаас илүү хувь нь дундаас доогуур болон бага орлоготой орнууд байсан  нь түүхэн хоцрогдолтой эдийн засгийн орнуудын дунд Хиймэл оюун ухааны Засаглал эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна. Тухайбал, 2023 онд Руанда хиймэл оюун ухааны стратеги зарласан бага орлоготой анхны улс болж байсан бол 2024 онд Этиоп хоёр дахь улсаар тодорлоо. Үүний нэгэн адил, Гана, Нигери, Шри Ланка, Узбекистан, Замби зэрэг дундаас доогуур орлоготой эдийн засагтай орнууд хиймэл оюун ухааны алсын хараагаа албан ёсоор зарлаж, бэлэн байдлыг сайжруулахад засаглалын суурь тогтолцоог бий болгох амлалтаа илэрхийлж байна.  Үүний зэрэгцээ, өндөр орлоготой улс орнууд ч хиймэл оюуны ухааны стратегиа алхам алхамаар зарлаж байна. Румын зэрэг орнууд 2024 онд шинэ стратегиа зарласан нь хөгжингүй эдийн засагт тогтвортой ахиц дэвшлийг харуулжээ.  Энэхүү үйл явдлууд нь хиймэл оюун ухааныг үндэсний хөгжлийн хурдасгуур гэж хүлээн зөвшөөрч буйн илрэл гэдгийг Oxford Insight байгууллага 2024 оны тайландаа дурдсан байна.  Тэгвэл Монгол Улс хиймэл оюун ухааны үндэсний стратегиа 2025 оны 2 дугаар сард зарлахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол Улс анх удаа хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлого суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ” хэлэлцүүлгийг яамд, төрийн байгууллагуудын төлөөллүүдийн дунд 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 08.30 – 12.40 цагийн хооронд НҮБ-ын 3 давхарт зохион байгуулна.  Түүнчлэн энэ салбарын эрдэмтэн, судлаачид ЭНД дарж цахимаар саналаа өгөх боломжтой.