Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбооны 100 жил: Улс орныг телевизжүүлэх бодлого хэрэгжиж эхлэв

2022.07.19

“Зурагт радиогийн нэвтрүүлгийг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 64-р тогтоол 1969 оны 3 дугаар сарын 6-нд гарч, “Улс орныг зурагт радиожуулах” асуудлыг дэвшүүлэн тавих үүргийг Холбооны яаманд даалгасан юм. Ийнхүү телевизийн нэвтрүүлгийг үзэх хүрээг нэмэгдүүлэх талаар тухайн үеийн Радио, телевизийн техникийн төв Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт хамтран ажилласны үр дүнд анхны дахин дамжуулах станцыг Төв аймагт дараа нь Налайхад хэрэгжүүлснээр цаашид орон нутгийг телевизжүүлэх асуудал ээлж дараатайгаар хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, Үндэсний телевизийн нэвтрүүлгийг маргааш нь зөөж үзүүлэх аргуудыг 1972 оноос Дарханд, 1973 оноос Дорнод, Эрдэнэтэд, 1975 оноос Дорноговь, Хөвсгөл аймгуудад ашиглаж, улмаар радио релений станцууд байгуулагдаж дуустал энэ аргаар аймгийн төвүүдийг телевизжүүлэх асуудлыг шийдвэрлэж байв. Үндэсний телевизийн нэвтрүүлгийн зэрэгцээ тухайн үеийн Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлгийг нийслэл, орон нутагт үзүүлэх боломж нь “Орбита” станц байгуулах явдал байсныг ЗХУ өөрийн хөрөнгөөр барьж байгуулж өгөх асуудал шийдвэрлэгдэж, 1969 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр суурийг нь тавиад 1970 оны 1 дүгээр сард ашиглалтад оруулжээ. Тус станцын нэвтрүүлгийг үндэсний телевизийн нэвтрүүлэг гардаггүй Лхагва гаригийн 17.00-22.30, Бямба гаригийн 13.00-17.00 цагуудад УКВ станцаар цагийн хязгаартайгаар дахин дамжуулж байсныг 1973 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод 100 Вт-ын чадалтай телевизийн дахин дамжуулах станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод хоёр сувгаар нэгэн зэрэг телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх техникийн боломж бүрджээ. Монгол Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ байгуулах, радио телевизийн дамжуулах сүлжээг өргөтгөх 1970-1990 онд хөгжүүлэх төлөвлөгөөг ЗХУ-ын Холбооны яамны эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд Монгол Улсын мэргэжилтнүүд оролцон боловсруулжээ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх, БНМАУ байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн хүрээнд 4000 км урт радио релений шугам байгуулж өгснөөр үндэсний телевизийн нэвтрүүлгийг тухайн цаг үед нь орон даяар дахин дамжуулах сүлжээний суурь тавигдсан юм. Тухайлбал, Радио релений шугам Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэл 1980 оны 4 дүгээр сарын 22 өдөр, Дашинчилэн-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Өлгийн чиглэл 1981 оны 11 дүгээр сарын 28 өдөр, Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэл 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус, тус ашиглалтанд орсон бол 1985-1990 онуудад Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Улаанбаатар-Чойр-Бор-Өндөр-Сайншанд, Чойр-Мандалговь-Даланзадгадын чиглэлүүд ээлж дараатайгаар ашиглалтад орж, тус шугамын дагуу байрлах 100Вт-ын чадалтай “РЦТА” маркийн телевизийн дахин дамжуулах 86 ш станц ажиллаж, үндэсний телевизийн нэвтрүүлгийг Радио релений шугамын дагуух сум сууринд түгээн хүргэж байжээ.

1976  онд ЗХУ-д сансрын хиймэл дагуулын “Экран” систем ашиглалтад орж, жижиг суурин газруудыг телевизжүүлэхэд өргөн ашиглаж эхэлжээ. “Экран” систем нь 0,7 гГцын зурваст ажилладаг, хиймэл дагуул нь Дорнод уртрагийн 99 градуст байрлалтай үйлчлэх хүрээ нь 9 сая кв.м талбайг бүрэн хамарсан, түүний дотор манай орны нутаг дэвсгэр бүрэн хамрагдаж байсан нь тус системийг ашиглан Радио релений шугамаас бусад хот суурин газруудыг телевизжүүлэх боломж бүрдсэн байна. Ийнхүү анхны 20 ш  “Экран” системийн станцыг ЗХУ-ын буцалтгүй  тусламжийн хүрээнд шийдвэрлүүлж бүх аймгуудад 1980 оны босгон дээр ашиглалтад оруулсан бол 1981-1990 онуудад нийтдээ 400 гаруй сум сууринд суурилуулж, бүх сум сууринг телевизжүүлэх ажил 10 жилийн хугацаанд хийгдэж, телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хоёр сувгийн сүлжээтэй, нийт хүн амын 60 гаруй хувь нь зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэг, 42 хувь нь үндэсний телевизийн нэвтрүүлгийг шууд хүлээн авч үзэх техник технологийн боломжтойгоор 1990 он буюу зах зээлийн эдийн засаг руу шилжжээ.

1980 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн СнЗын “Холбооны буцалтгүй тусламжийн объектуудыг ашиглалтад хүлээн авах зарим арга хэмжээний тухай” 138-р тогтоолоор Холбооны Яамны “Радио телевизийн техникийн төв”-ийг өргөтгөн “Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газар”-ыг байгуулж, даргаар нь Ц.Мятав томилогдон, улс орны хэмжээнд байгуулагдсан радио релей, радио телевизийн дамжуулах сүлжээний техник ашиглалтыг хариуцан ажиллах болов.

Телевизийн өргөн нэвтрүүлэг хиймэл дагуулын системд шилжив

Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт байрласан бүх сум суурин газруудад үндэсний телевизийн сүлжээг зохион байгуулах ганц арга нь сансрын холбооны хиймэл дагуул ашиглах  нь  эдийн засгийн үр дүнтэй нь нотлогдсон энэ цаг үед буюу 1990- ээд  онд “Азиасат-1”  хиймэл дагуулыг ашиглаж,  Ардын хувьсгалын 70  жилийн ойн өмнө үндэсний телевизийн сувгаар улс орныг бүрэн телевизжүүлэхээр шийдвэрлэв.

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 111 дүгээр тогтоолын дагуу тэр үеийн “Холбооны ерөнхий газар”  1991 онд Азийн хиймэл дагуулын байгууллагатай “Азиасат-1” системийн хиймэл дагуулаас “СИ” зурвасын сувгийг 7 хоногт 34 цагийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах зорилгоор түрээслэн авч ашиглах гэрээг  таван жилийн хугацаатай байгуулжээ.

Телевизийн үндэсний нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуул ашиглан орон нутагт дамжуулах тухай гэрээг ДБЯны Холбооны Ерөнхий газар – Азиасат компанийн хооронд 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Азиасатын хиймэл дагуулд Монголын үндэсний нэвтрүүлгийг хүргэх газрын станцыг Монгол Улсын хөрөнгөөр байгуулж ашиглалтад оруулсан байна. Улмаар 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор бүх  аймаг, сум суурин газрууд Азиасат хиймэл дагуулаар дамжуулан үндэсний телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломж бүрдэв.

Тухайн үед Холбооны сайдаар ажиллаж байсан Б.Баатар дурсахдаа “…Орон нутгийг телевизжүүлэх тендерийг олон улсын хэмжээнд зарлан  Япон улсын “NEC” корпорац шалгаран  “Азиасат-1” хиймэл дагуулын нэвтрүүлэх ба хүлээн авах газрын станцыг барьж байгуулсан юм. Сумуудад тавих 306  хүлээн авах станцыг дагалдах төхөөрөмжийн хамтаар БНХАУ-д захиалан хийлгэсэн боловч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бэрхшээл тулгарсныг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахад БНСУ-ын “Дэвү” корпорацаас 1.2 сая  ам.долларын тусламж авч шийдвэрлэж, 1991 оны 7 дугаар сарын 4-ны өдөр мэргэжилтэн Арвинцогтын хамт ачааны хоёр онгоц хөлөглөн авчирч байсан билээ…”  гэжээ. Ийнхүү улс   хувьсгалын 70 жилийн ойн босгон дээр Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газрын /РРРТТАГ/ хамт олон богино хугацаанд бүх сум суурин газруудад суурилуулан хийж  гүйцэтгэн, Үндэсний их баяр наадмаар орон даяараа үндэсний телевизийн нэвтрүүлгийг сансраас хүлээн авч үздэг болжээ.

Ийнхүү анх удаа хиймэл дагуулын “Азиасат-1” /1991-1998он/ системийг ашиглан үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон нутагт хүргэх, түрээсийн төлбөрийг сарын 76,583.34 ам.доллар байхаар гэрээлж, 7 хоногийн 6 өдөр 18.00-23.00 цагт ажиллаж байхаар тусгажээ. “Азиасат-1” системийг 1991-1998 он хүртэл 7 жил ашигласны дараа өөр хиймэл дагуулын сувагт  шилжүүлж, дахин шинэ суваг түрээслэх талаар тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч ажилласан байна. Хиймэл дагуулын суваг түрээслэх хамгийн оновчтой хувилбарыг сонгох ажлын хүрээнд Интерспутникийн “Экспресс-6” , “Азиасат-2”,  “Интелсат-66” системүүдийг судалж  үзэн, хоногийн 24 цагийн турш ашиглах, төлбөр нь хямд зэргийг үндэслэн хоёр дахь удаагаа хиймэл дагуул түрээслэхээр “Интелсат”ыг/1998-2006 он/ сонгож, 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглахаар болсон бөгөөд “Хиймэл  дагуулын сувгийг шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 32  тоот тогтоол гарч хэрэгжүүлсэн байна.

Орон нутагт үндэсний телевизийн өргөн нэвтрүүлгийг олон сувгаар дахин дамжуулах Монгол Улсын Засгийн газрын 2006 онд гарсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд техник технологийг сонгох, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг олох, зохих журмын дагуу тендер зарлаж хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг тухайн үед шинээр байгуулагдсан Засгийн газрын тохируулагч агентлаг -Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн газраас /дарга Ч.Сайханбилэг/, томилогдсон ажлын хэсэг /Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Мөнхбат, мэргэжилтэн Зоригтбаатар, Бодлогын хэлтсийн дарга Амгаланбат, зөвлөх Л.БанзрагчРТСГын дарга Т.Гантөмөр, МХС ТӨК-ний мэргэжилтэн З.Гантөмөр/ хариуцан гүйцэтгэсэн байна. Тус газраас зарласан  “Орон нутагт олон сувгийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерт “Сансар кабель”-ийн телевиз шалгарч хэрэгжүүлсэн  байна. Ийнхүү манай улс хиймэл дагуул түрээслэн ашиглах гэрээгээ 3 дахь удаагаа өөрчлөн 66  градуст байрлалтай хиймэл дагуулын “Интелсат-66” системээр/2006-2010 он/ 373  сум сууринг телевизжүүлэв.

1967 онд ашиглалтад орсон УКВ станцын “Якорь” станцыг 2 ба 4 дүгээр сувгийн АТРС маркийн ЗХУ-д үйлдвэрлэсэн 5 кВт хүчин чадалтай шинэ станцаар шинэчлэн ашиглалтад оруулж УБ хотын иргэд чанартай өнгөт нэвтрүүлэг хүлээн авч үзэх болжээ.

БНМАУ-ын ЗГын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 325 дугаар тогтоолоор радио телевизийн нэвтрүүлэг дамжуулах чиг үүрэг бүхий их хүчний радио станцууд болон УКВ станцыг Холбооны Яамны РРРТТАГ-аас РТХЭГын мэдэлд шилжүүлэв.

Үндэсний телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаар 24 цагийн турш дамжуулж байх гэрээг үндэслэн орон даяар “Азиасат”-аас “Интелсат” хиймэл дагуулын систем рүү шилжив.

2 ба 4 дүгээр сувгийн дамжуулах станц тархалтын хүрээний зураглал

1991 онд ашиглалтанд орсон телевизийн 2 ба 4 дүгээр сувгийн дамжуулах станц

 Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер  Т.Гантөмөр

Other news

Э.Батшугар: Старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кибер аюулгүй байдал, ухаалаг хот, их өгөгдөл, хиймэл оюуны салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд байгальд ээлтэй, хиймэл оюунд суурилсан дата төв байгуулах боломжийн талаар ярилцав. Манай улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн системийг шинэчлэх чиглэлээр холбогдох судалгааг эхлүүлж, старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.

Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна

БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв. Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Говь ХК, APU ХХК, Lhamour, Airee зэрэг үйлвэрлэгч компаниуд, Shoppy, Intelmind, Fibo Cloud, Erxes, Go Lab зэрэг технологийн компаниуд төдийгүй тээвэр ложистикийн тэргүүлэгч компаниудын нэг Ти Ай Ложистик ХХК төлөөлөгчид оролцож байна. Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд холбогдож, хамтын ажиллагааны боломж эрэлхийлэх зорилго бүхий тус айчлалын хүрээнд төлөөлөгчид Ant International, Alibaba-ийн төвөөр зочилж, цахим худалдааны экосистемийг хөгжүүлэх сургалтад хамрагдаж, Ханжоу хил дамнасан цахим худалдааны тусгай бүс, Freshippo хиймэл оюун ухаанд суурилсан, бүрэн автоматжсан супермаркет, Alibaba-ийн олон улсын цахим худалдааны ухаалаг агуулах Cainiao зэрэг байгууллагуудаар зочилж, туршлага судаллаа. Мөн төлөөлөгчид цахим худалдааны экосистемд оролцогч 800 орчим компаниуд үзэсгэлэн гаргаж, 50,000 орчим зочид цугласан Global Digital Trade Expo-д оролцож, хамтын ажиллагааны санал солилцож байна. CAREC International Innovation Conference үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын зөвлөх Б.Тэмүүлэн Монгол Улсад цахим эдийн засаг хөгжүүлэх “Mining to Mind стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломж” танилцуулж, Gobi, Airee зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж оролцлоо. Айлчлалын үр дүнд Монгол Улсын цахим худалдааны экосистем бүрдүүлэх, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж, импортын зардлыг бууруулах чиглэлээр төлөөлөгчид мэдлэг туршлага солилцож, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн түүнчлэн оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд гадны түнш, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны яриа хэлцэл эхлүүллээ.

Э.Батшугар: Газар зүйн байршил, хүн амын тархан суурьшлыг харгалзан бүхий л салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны мэдээллийн технологи, дижитал шилжилт, дэд бүтэц, дрон, 5G, сансрын хамтын ажиллагаа, логистик болон төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах саналыг солилцлоо. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Улс, БНХАУ хооронд 2022-2027 онд хэрэгжүүлэх Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт мэдээллийн технологийн салбар багтсанд салбарын сайдын хувиар баяртай байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Temu, Taobao зэрэг хил дамнасан цахим худалдаа эрчимжсэн. Үүнтэй холбоотойгоор боомтуудын логистикийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох шаардлага тулгарч байна. Мөн Мэдээлэл холбооны сүлжээ компани БНХАУ-ын экспорт, импортын банкны хөнгөлөлттэй зээлээр алслагдсан бүс нутаг, боомтуудын шилэн кабелаар холбох ажил энэ жил эхлэхээр боллоо. Түүнчлэн Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөж буй Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалтын хүрээнд дата төвийг танай улстай хамтран байгуулахаар төлөвлөж байна. Газар зүйн байршил, хүн амын тархан суурьшлыг харгалзан бид бүхий л салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд дроны туршилтын бүсүүдийг хамтран байгуулж, 5G технологи нэвтэрсэнтэй холбоотойгоор жолоочгүй тээвэр, дрон зэрэг технологийн дэвшлийг байгаль орчин, онцгой байдал зэрэг чухал салбаруудад хэрэглэх, цаашлаад мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага үүссэн. Түүнчлэн төрийн албан хаагчдыг кибер аюулгүй байдал, хиймэл оюуны чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага байгааг танд хэлье. Сансрын технологийн салбарт мөн хамтын  ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Манай хоёр орны хувьд Стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааны маш өргөн боломж бий. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань: Монгол Улс цахим засаглалын ололт амжилтаар Ази тивд 13-т, дэлхийд 46-т бичигдэж байгаад баяр хүргэе. Бидний зүгээс цахим худалдаагаар дамжуулан ядуурлыг бууруулах сайн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Ялангуяа Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид цахим худалдаагаар Хятадын маш том зах зээлд гарах бүрэн боломжтой гэж харж байна. Тээвэр логистикийн асуудлыг хөнгөвчлөх шаардлагатай гэсэн таны байр суурьтай нэг саналтай байгаа анхаарал хандуулж байгаад талархаж байна. БНХАУ-ын тээвэр логистикийн компаниуд хүрэлцэн ирж уулзалт зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд бидний зүгээс дэмжихэд бэлэн байна. Аж үйлдвэржилтийн суурь нь инновац тул инновацыг дэмжих нь чухал юм. Манай улсын зүгээс ч энэ чиглэлээр сайн туршлагаа хуваалцах бүрэн боломжтой. БНХАУ нь 2014 онд анх Инновацыг дэмжих зорилт дэвшүүлснээр төрийн бодлого нь хувийн хэвшилд ч мөн эергээр нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд хиймэл оюунаар тоноглосон үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байна. Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг манай талаас анхаарч сонирхож байгаа. Сансрын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс хоёр дахь сансрын нисгэгчтэй болох асуудалд хамтран ажиллах бүрэн боломжтой, дэмжиж ажиллана. ЦХИХХ–ны сайд Э.Батшугар: Шинэ сансрын нисгэгч бэлтгэх сонирхол бидэнд бий, эмэгтэй байвал сайн байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань: Төрийн албан хаагчдыг чадавхжуулах хүрээнд 2024 онд 700 орчим албан хаагчдыг богино хугацаат сургалтад хамруулаад байна. Танай яамны зүгээс сургалтын хэрэгцээ шаардлагаа бидэнд албан шугамаар ирүүлэх бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллах боломжтой юм. ЦХИХХ–ны сайд Э.Батшугар:  Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Хятадын том зах зээлд гарах бүрэн боломж бий гэдэгт санал нэг байна. Тээвэр ложистикийн тал дээр анхаарч ажиллана. Сансрын технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой.