Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН

2021.01.18

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталж, Монгол Улсад телефон холбоо үүсч хөгжсөн хэмээн үздэг билээ. Энэхүү телефон станц нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар ногоон байшинд (“Анхны холбооны байшин”) байрлаж байсан. Орос загварын энэхүү байшинд оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан ба зүүн талд нь Цогт Бадамжавын байшин (эдүгээ нийслэл Улаанбаатарын музей байгаа) зэрэг оросууд суурьшиж байсан гэдэг. Ерөнхий сайд Т. Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан энэхүү байшинд суурилуулсан тухай түүх болон дурьдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 25 –ны өдрийн 31 дүгээр тушаалаар Харилцаа холбооны 70 жилийн ойд зориулан Харилцаа холбооны түүхэн замналын музей байгуулахаар хуучин ашиглаж байсан байр (Анхны холбооны байшин)-нд бүрэн засвар хийж, мөн онд Холбооны түүхэн замналын музейг нээн 1997 он хүртэл ажиллуулсан. Харилцаа холбооны энэхүү түүхэн байшингийн өнөөгийн ашиглалтанд анхаарал хандуулан 2003 оноос хойш өмчлөгч-эзэмшигчийн талаар судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр тогтсон билээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газрын жагсаалтыг баталсан ба “ Анхны холбооны байшин” нэрээр түүх, соёлын өвд бүртгэгдээд байна. Анхны холбооны байшин Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Other news

Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд DIMON хэмээх хиймэл оюуны загвар бүтээжээ

Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд математикийн нарийн төвөгтэй асуудлыг уламжлалт аргуудаас хэдэн мянга дахин хурдан шийддэг DIMON хэмээх хиймэл оюуны загварыг бүтээжээ. Хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл гэж нэрлэгддэг эдгээр асуудлууд нь инженерчлэл, шинжлэх ухаан, анагаах ухаанд чухал ач холбогдолтой боловч шийдвэрлэхэд олон хоног шаардагддаг байна. DIMON стандарт компьютер дээр үүнийг ердөө 30 секундэд шийдвэрлэх боломжтой. 1000 гаруй дижитал зүрхний загвар дээр туршсан DIMON нь хүний зүрхний цохилтыг нарийн тооцоолж, зүрхний хэм алдах эрсдэлийг үнэлж, эмчилгээ санал болгоход эмч нарт туслах юм. Анагаах ухаанаас гадна DIMON нь сансар огторгуй, автомашин, иргэний инженерчлэл зэрэг салбарт хэрэглэгдэхүүнтэй. Дулаан, стресс, хөдөлгөөн зэрэг физик системийг хуртай дуурайж инженерүүдэд илүү аюулгүй, илүү үр ашигтай бүтээгдэхүүн зохион бүтээхэд туслах юм.

Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли нарыг хүлээн авч уулзав.  Ц.Баатархүү сайд Монгол Улсын хөгжлийг эрчимтэй урагшлуулахад дэд бүтцийн хөгжил чухлыг онцлоод, Дэлхийн банк Монгол Улсын харилцаа холбооны орчин үеийн дэд бүтцийг бий болгоход дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийг Дэлхийн банкны дэмжлэгээр 2007 оноос хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, сумдад үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлэх, 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх шилэн кабель тавих зэрэг ажлыг хийсэн юм.  Мөн тэрбээр уулзалтын үеэр Монгол Улс хиймэл дагуултай болох, технологийн дэвшлийг нутагшуулах, дижитал шилжилт хийх зэрэг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын томоохон асуудлуудад Дэлхийн банкны чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаар дурдаад, дижитал шилжилтийн гурван тулгуур бодлогын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй дижитал дэд бүтэц бий болгох чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  Хатагтай Судешна Гош Банержи “Монгол Улсын эрчим хүч, тээврийн салбарт Дэлхийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Монгол Улсын цахим хөгжлийн асуудлыг хэрхэн яаж зөв оновчтой томъёолж Дэлхийн банкаар дэмжүүлэх талаар ярилцъя. Харилцаа холбооны салбарын асуудлыг эрчим хүчний шинэчлэлтэй уялдуулж, дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний шинэчлэлийн төслийн техникийн судалгааны ажлууд эхэлсэн. Тэнд хийгдэх яриа уулзалтуудад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хүмүүс оролцуулаад явъя” гэв. Ц.Баатархүү сайд “Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч үр ашигтай гэж үзэж буй. Энэ таны хэлсэнтэй Засгийн газрын байр суурь таарч байна” гэлээ. Судешна Гош Банержи уулзалтын үеэр Монгол Улсын дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын талаар сонирхон асууж байв. 2040 хүртэл хэрэгжүүлэх дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын 1-рт, дижитал дэд бүтэц бий болгох, 2-рт, төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх, 3-рт, дижитал эдийн засаг хөгжүүлэх, энэ хүрээнд олон улсын дата төв байгуулах гэх мэт зорилго бий талаар сайд танилцуулсан. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли энэ үеэр Монгол Улсад хэрэгжээд дуусах шатандаа орсон “Ухаалаг засаг – 2” төслийг амжилттай дуусгах, дараагийн хэрэгжүүлэх төсөл юу байх талаар ярьж эхлэх хэрэгтэйг дурдлаа.  Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи эрчим хүчний дэд бүтэцтэй хамт цахим дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийлсэн бөгөөд эрчим хүчний төслийн бэлтгэл дээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэргэжилтнүүд томилж ажиллуулан, ажлаа эхнээс нь уяж явах, дижитал шилжилтийн хүрээнд 2040 он хүртэл хийх ажлуудын замын зураглал гаргах, дараагийн томоохон төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах гэсэн 3 асуудалд санал нэгдсэнээр уулзалт өндөрлөв. Судешна Гош Банержи нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 10 гаруй оронд хэрэгжиж буй 10 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрт хяналт тавьдаг, Дэлхийн банкны эрчим хүч, тээврийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлдэг гол хүн юм.

Монгол – Турк хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр /2024.09.12/ хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү БНТУ нь Монгол Улсын боловсон хүчнийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаад цаашид дараах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүнд: Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш ноён Ц.Баатархүүд нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Турк улсын тээвэр, дэд бүтцийн сайдын илгээсэн захидлыг түүнд уламжлав. Тэрбээр Турк улс нь иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах, кибер аюулгүй байдал болон өгөгдлийн шинжилгээний чиглэлд боловсон хүчин бэлдэхэд хамтран ажиллах боломжтой гэдгийг дуулгаж, цаашид хиймэл дагуул, сансар судлалын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Ц.Баатархүү сайд Турк улсыг Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансар судлалын салбарт хүч түрэн орж ирж буйд баяр хүргэж, Монгол Улс нь нам орбитын хиймэл дагуулын sandbox буюу туршилтын чөлөөт бүсийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй гэдгийг онцлов. Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO –г ирэх жилээс олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул Туркийн мэдээллийн технологийн компаниуд оролцохыг урилаа.