УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нар Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнес, инновац, хиймэл оюун болон дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих, түүнчлэн өгөгдөл ашиглахтай холбоотой нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд энэхүү хуулийн зорилго чиглэж буй.
Хуулийн төсөлд дараах зохицуулалтуудыг тусгасан.
Үүнд:
-Өгөгдлийг бий болгох, цуглуулах, ашиглах, солилцохтой холбоотой нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлэх;
-Өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах;
-Төрийн өгөгдлийн харилцан ашиглалтыг сайжруулах;
-Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновац болон бизнесийн шинэ боломжийг дэмжих;
-Өгөгдлийн дэд бүтэц, дата төвийн хөгжлийг дэмжих;
-Хиймэл оюун болон дижитал эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлэх.
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар өндөр хүчин чадлын тооцооллын дата төвүүдийг Монгол Улсад хувийн хэвшилд түшиглэн хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин бүрдэнэ. Ингэснээр сэргээгдэх болон эрчим хүчний бусад нөөцөд түшиглэсэн шинэ эх үүсвэрийг хөгжүүлж, түүнд тулгуурласан дата төвүүдийн тооцоолох хүчин чадлыг дэлхийн хиймэл оюуны зах зээлд экспортлох замаар тус салбарт Монгол Улсын оролцоог хангах боломж нээгдэнэ.
Үүний үр дүнд өндөр өгөөж бүхий шинэ эдийн засгийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх боломж бүрдэх юм.











