Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Чуулган: Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021.10.28

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд хэт ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж, цахим гарын үсэг олгох үнээ хэт нэмэх боломжийг хаах ямар зохицуулалт бий вэ хэмээн лавласан. Мөн өв залгамжлал, гэрээ, гэрээслэлийг цахим гарын үсгээс гадна бичлэгээр баталгаажуулах асуудлыг хуулиар хаагаагүй биз дээ гэж асуусан.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Манай улс 2011 онд цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Хуулийг баталснаас хойших 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдоод байгаа. Эдгээр гарын үсгийг нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэд л авсан байдаг. 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдсон гэдэг туйлын чамлалттай тоо бөгөөд цахим гарын үсэг нийтийн хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байна. Хуулийн төсөлд цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгаж байгаа. Нийт 2.2 сая гаруй иргэдийн иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгнө. Иргэн бүр цахим гарын үсэгтэй болохоор цахим гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ. Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байна гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Other news

Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид цахим ур чадварын мэдлэгээ дээшлүүллээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.09.15) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, мэдээлэл солилцлоо. Сургалтад Баянхонгор аймгийн төрийн 23 байгууллагын төлөөлөл болон сумдаас танхим болон цахимаар нийт 100 гаруй албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахим технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг – 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Өнөөдөр “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгыг хийж, уг төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хувьд 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд: 1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ. 2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна. 3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд – Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ. – Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана. – Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна. – Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ