Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Space X компанитай санамж бичиг байгуулна

2022.06.02

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй өнөөдөр өглөө онлайнаар уулзалт хийлээ. Уулзалтаар Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Старлинк компанийн зүгээс Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай буйг онцлон хэлэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцлов. ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан юм. Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.

Other news

Үндэсний дата төв “ISO” олон улсын 2 дахь стандартаа нэвтрүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Business Systems Certification (BCert, www.bscertification.com) Австралийн олон улсын баталгаажилтын байгууллагаас сертификатаа хүлээн авч, үйл ажиллагаагаа батламжиллаа.     Энэ нь манай байгууллагын хувьд ISO Олон Улсын сертификатаар үйл ажиллагаагаа баталгаажуулж буй 2 дахь чиглэл бөгөөд 2022 онд ISO27001 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлсэн бол өнөөдөр үйл ажиллагаагаа ISO9001:2015 Чанарын удирдлагаар тогтолцооны стандартаар баталгаажуулж, олон улсад бүртгэгдсэн чухал алхам болж байна. Төрийн цахим шилжилтийг дэмжих эрх зүйн орчны суурь хуулиуд батлагдаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар Үндэсний дата төвийн зарим чиг үүрэг хуульчлагдсан бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа тусгайлан заасан үүрэг хариуцлага хүлээсэн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага юм.  Манай байгууллага Төрийн цахим мэдээллийн сан хариуцан түүнд суурилсан мэдээллийн технологийн үйлчилгээг төрийн 1,441 хувийн хэвшлийн 683 байгууллагад шууд болон шууд бус хэлбэрээр Монгол Улсын иргэн бүрд хүрч ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд салбар бүрд хэрэгжиж буй цахим систем, цахим үйлчилгээний 90 гаруй хувь манай байгууллагын дэд бүтцэд суурилан хэрэгжиж байна.  Монгол Улсын цахим хөгжлийн индекс 193 орноос урагшилж, 46 дугаар байранд орсон амжилт нь манай байгууллагын хувьд төрийн цахим шилжилтийн суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хариуцан, цахим систем хэрэгжүүлэгч, нэвтрүүлж буй байгууллагууд болон цахим үйлчилгээний идэвхтэй хэрэглэгчдийн хамтын ажиллагаа, үйлчилгээ үйл ажиллагааг тогтмол сайжруулж ажиллах шаардлагатай болохыг илтгэж байна. Иймд Манай хамт олон Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын шаардлагыг хангах чиглэлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өгөгдсөн үүрэг даалгавар, стандартын мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж, сертификатжуулалтын аудитад хамрагдсанаар ийнхүү амжилттай нэвтрүүллээ. Уг стандарт нь байгууллагад үйл ажиллагааны чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагаа, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллага хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй оновчтой зохион байгуулах, стандартыг дагаж мөрдөх хяналт хэрэгжилт, тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.

Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүн бүрд хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал тул хямралын үеийн зохион байгуулалтаар ажиллах, онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстойг ЦХХХ-ны Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд санууллаа. Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авч ирэх аливаа цахим шийдлийг бүх хүчээрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай болон нэвтрүүлж буй шийдлүүдийн тухай мэдээллийг та бүхэнд тогтмол мэдээллэх болно.

Digital first D1 арга хэмжээ Говьсүмбэр аймагт эхэллээ

”Цахимд хэвшье” #Digital_First_D1 арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам түүний харьяа салбар байгууллагууд болон “Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-ын 16 компани хамтран 3 дугаар сарын 11-нд “Говьсүмбэр” аймагт зохион байгууллаа. Энэ хүрээнд Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагч, хувийн хэвшлийн төлөөлөл, багш сурагчид нийт 500 орчим хүн 4 чиглэлийн сургалт, семинарт хамрагдлаа. Мөн төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулах экспог зохион байгууллаа. Тус аймгийн төрийн байгууллагууд жишиг цахим аймаг болох зорилт дэвшүүлж, энэ хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, зарим үйлчилгээг цахимжуулсан байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нэгдсэн хуралдааны үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар нэгдсэн системд холбох талаар, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллага, хувийн хэвшлийн мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар сургалт, семинар зохион байгууллаа. Мөн “Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-аас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ орон нутгийн бизнес эрхлэгчдэд танилцуулж, зөвлөмж өгч ажиллаа. Энэ удаагийн арга хэмжээ төр, хувийн хэвшлээ дэмжин хамтарч ажиллаж байгаагаараа онцлог болж байна. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам E-Mongolia Монгол шуудан /Mongol shuudan/ Монголын Цахилгаан Холбоо ХК Мэдээлэл холбооны сүлжээ компани Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park Монголын Үндэсний Дата Төв Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ