Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“ЦАХИМ ГОВЬ-АЛТАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цахим Говь-Алтай” арга хэмжээ зохион байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллан, орон нутгийн удирдлага болон салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цахим шилжилт, мэдээлэл холбооны дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн “Цахим-Алтай” хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, мэдээлэл холбооны дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Сайд Ч.Номин салбарын бодлого, төрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиглэлийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцсэн цахим үйлчилгээг хөгжүүлэх, мэдээлэл холбооны дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахын ач холбогдлыг онцоллоо.

Уулзалтаар Говь-Алтай аймгийн 10 суманд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөц болон сэрүүн уур амьсгалын онцлогт тулгуурлан ногоон дата төв байгуулах боломжийг судлах, мэдээлэл холбооны сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн “Монгол Шуудан” ХК-ийн Баруун бүсийн шуудан, логистикийн дэд төвийг Говь-Алтай аймагт байгуулах асуудлыг хэлэлцэж, аймгийн зүгээс тус төвийн байршилд шаардлагатай газар, инженерийн дэд бүтцийн асуудлыг 2027 онд багтаан шийдвэрлэхээр тохиролцов. Тус төв нь Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг долоон аймгийн шуудан, тээвэр, логистикийн урсгалыг Улаанбаатар хоттой холбох баруун бүсийн зангилаа болох юм. Ашиглалтад орсноор 11 мянга гаруй аж ахуйн нэгж, 650 мянга орчим иргэнд хүрэх шуудан, логистикийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэх юм.

Говь-Алтай аймаг бүх суманд “ХУРДАН” цэг байгуулж, киоск төхөөрөмжөөр төрийн үйлчилгээг 24/7 горимоор хүргэж байна. Одоогоор 18 суманд 20 “ХУРДАН” цэг, 23 киоск ажиллаж, 2026 он гарснаас хойш 9,800 гаруй төрийн үйлчилгээ үзүүлэн, 1,000 гаруй иргэнд биечлэн зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ. Тус аймаг төрийн цахим үйлчилгээний чиглэлээр 2025 оны шилдэг аймгаар шалгарсан байна.

“Цахим Говь-Алтай” арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт “ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа, киоск төхөөрөмжийн ашиглалт, цахим бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх боломж, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Мөн хүүхэд, залуучуудын дижитал ур чадвар, техник сэтгэлгээ, инновацын сонирхлыг дэмжих зорилгоор STEAM боловсрол, хиймэл оюун, дрон технологийн өдөрлөг, сургалт, тэмцээнийг зохион байгууллаа. Өдөрлөгт 300 гаруй багш, сурагч оролцож, дрон технологи, дрон кодчилол, хиймэл оюун, STEAM боловсролын чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, дөрвөн төрлийн тэмцээнд өрсөлдсөн байна.

Аймгийн хэмжээнд 166 үүрэн холбооны антен, 1,550 км газрын болон 103 км агаарын шилэн кабелийн сүлжээ ажиллаж байна. “Монголын цахилгаан холбоо” ХК 10 суманд гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр иргэд интернэт, телевиз, суурин холбооны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм.

“Цахим Говь-Алтай” арга хэмжээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ мэдээлэл холбооны дэд бүтэц, шинэ технологийн хэрэглээ, шуудан, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр салбар болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Other news

Цахимд_хэвшье_Ховд_Экспо

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчид, иргэд, олон

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ