Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

2021.01.25

Улаанбаатар хотын радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт болгон нэмэгдүүлж, Холбооны хэрэгсэл засварлах анхны газрыг байгуулсан байна. 1943-1947 онуудад Радио нэвтрүүлэх станцыг нөөцтэй болгох асуудал дайны жилүүдэд яригдаж, нөөц нэвтрүүлэх станцыг Улаанбаатар хотын Ногоон нуурын зүүн талд 1 кВт –ын чадалтай богино долгионы нэвтрүүлэх станц модон матчтай антентайгаар байгуулж, радио холбооны зориулалтаар ашиглаж, радио нэвтрүүлгийн нөөц станцтай байхаар төлөвлөжээ. Мөн Сүхбаатар, Баян- Өлгий, Хужирт, Төв аймаг, Баянхонгор аймаг, Хөвсгөлийн аймгийн Хатгал тосгонд тус, тус радио узелиуд шинээр байгуулагдсан байна. МАХН-ын 11-р их хурлаас 1947 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус төлөвлөгөөт зорилтуудын дагуу Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй шууд харилцаа тогтоох зорилгоор аймгийн төвүүдэд харилцааны радио станцууд байгуулах, 280 сумыг “Родина” хүлээн авагчтай болгох, томоохон сум, суурин газруудад радио зангилаа байгуулж, радио цэгийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайн 5 жилдээ хийж дуусгажээ. Монголын богино долгионы радио нэвтрүүлгийг Европын зарим орон, тухайлбал Швед, Англид сонссон тухай захидал мэдээ ирдэг болж, 1947 онд Америкийн Атлантик-сити, 1948 онд Мексикийн Мехико хотноо болсон радио давтамжийн Олон улсын бага хуралд Монголын радиогийн төлөөлөгчөөр Холбооны сайд З.Аюурзана, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, н.Норовсамбуу нар оролцов. Анхны радио нэвтрүүлэх станцын хүчин чадал /10кВт/ багадаж, сонсголын чанарт нөлөөлөх болсонтой холбогдуулан тус станцын хүчин чадлыг 15 кВт хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлснийг Холбооны сайдын 1953 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 40-р тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авч байжээ. Мөн онд Монгол Улсад Харилцаа холбоо үүсч хөгжсөний ойг 1953 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх баярын хуралд тэмдэглэхдээ “… Манай улсын радиожуулалт их хөгжиж, бүх сумдууд радиожуулагдаж, одоо бүх багийн 50 хувь, ардын үйлдвэрлэлийн нэгдлийн 40 хувь, өвс хадах станцын морин станцын 60 гаруй хувь радиожуулагдаад байна. Радио узелийн хүчин чадал 1947 оныхоос 4,8 дахин өсч, радио цэгийн тоо сүүлийн 5 жилд 49 хувь, радио хүлээн авагчийн тоо 11 дахин өслөө …” гэж тэмдэглэсэн байна. Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны шийдвэрээр баг тус бүрийг радиожуулах ажлын хүрээнд 1954 онд 500 ширхэг, 1955 онд 800 ширхэг “Эх орон” радиогиор хангаж байжээ. 1954 оноос Холбооны техникум төгсгөгчдийг радиожуулах техникч, “Эх орон-52” хүлээн авагчийн ашиглалтыг хариуцагчаар орон нутагт томилон ажиллуулдаг болжээ. 1955 онд Холбооны Яамны бүтцэд радио холбоо ба радиожуулалтын хэлтсийг анх байгуулсан байна.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Other news

DAMA INTERNATIONAL-ИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР МОНГОЛ УЛСАД НЭЭГДЛЭЭ

Өнөөдөр Монгол Улсын цахим шилжилтийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Дэлхийн өгөгдлийн удирдлагын хамгийн том мэргэжлийн холбоо болох DAMA International-ийн албан ёсны салбар Монгол Улсад үүд хаалгаа нээлээ. “Өгөгдөл бол шинэ газрын тос” гэж ярьдаг цаг үеэс нэгэнт хальж, “Өгөгдөл бол цахим засгийн суурь, хиймэл оюун ухааны тэжээл, улс орны стратегийн гол нөөц” болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Гэвч их хэмжээний өгөгдөл хуримтлуулах нь өөрөө зорилго биш юм. Хамгийн гол нь тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв удирдах, чанарыг нь яаж хангах, хамгийн чухал нь хэрхэн “Өгөгдлийн засаглал” (Data Governance)-ыг тогтоох вэ гэдэг нь бидний өмнө тулгарч буй томоохон сорилт билээ. Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй цахим шилжилтийн бодлогын хүрээнд бид төр, хувийн хэвшлийн бүхий л түвшинд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хэвшүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилтод хүрэхэд DAMA Mongolia Chapter-ийн гүйцэтгэх үүрэг асар их юм. Тодруулбал  Олон улсын стандарт (DMBOK): Өгөгдлийн удирдлагын дэлхийн шилдэг туршлага, стандартыг Монголын хөрсөнд буулгаж, нутагшуулах, CDMP зэрэг олон улсын зэрэгтэй дата мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэж, хүний нөөцийн чадавхыг эрс нэмэгдүүлэхэд чухал үүрэг оролцоотой юм.   Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс өгөгдлийн засаглалыг сайжруулах, дата мэргэжилтнүүдийг дэмжих чиглэлээр нягт хамтран ажиллах болно. Өгөгдөл зөв бол, шийдвэр зөв. Шийдвэр зөв бол, хөгжил хурдан гэлээ. Энэ үеэр ЦХИХХ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, DAMA International-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Гүен нар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. DAMA International-ийн албан ёсны салбар “DAMA Mongolia” нээгдсэнээр манай банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, тэр дундаа төрийн байгууллагуудын дата системүүд хоорондоо “нэг хэлээр” ярьж, илүү үр ашигтай, илүү аюулгүй ажиллах боломж бүрдэнэ. ЦХИХХ-ны яамнаас “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, дижитал засаглалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэв. Түүнчлэн 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, өгөгдлийн дэд бүтэц, хүний нөөц, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогын хүрээнд ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Үндэсний дата төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажил эхэллээ. Энэ хүрээнд төрийн өгөгдлийн дэд бүтцийн эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, мэдээллийн сангийн аюулгүй байдал болон төрийн цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн Өгөгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, өгөгдлийг хариуцлагатай ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Цаашид өгөгдөл хадгалах дэд бүтцээс гадна их өгөгдөл боловсруулах, GPU-д суурилсан хиймэл оюуны тооцоолол хийх дэд бүтцийг хөгжүүлж, төрийн шийдвэр гаргалтад өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Төрийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагаа Үндэсний дата төвийн хамт олны өдөр тутмын хариуцлагатай ажил дээр тулгуурладаг. Та бүхний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлье. Ногоон шилжилт, хиймэл оюуны дэд бүтцийн дараагийн шатыг та бүхэнтэй хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Startup Nation” Израилын технологи, инновацын туршлагыг Монголд нутагшуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Э.Белоцерковски, тус улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг MASHAV-ын захирал Эйнат Шлэйн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын цахим шилжилт болон эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, дэлхийд “Startup Nation” хэмээн танигдсан Израилын туршлагыг нэвтрүүлэх хүрээнд дараах асуудлуудаар санал солилцов. Үүнд, -Монголын стартап, технологийн компаниудыг Израилын инновацын экосистем, хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээх; -Хиймэл оюун, цахим засаглал, өгөгдлийн чиглэлээр туршлага солилцож, MASHAV-ын сургалт, мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх; -Кибер аюулгүй байдал, дата төв, үүлэн дэд бүтцийн хамгаалалт, удирдлагын чиглэлээр хамтран ажиллах; -Үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул, CubeSat, газрын станц болон хиймэл дагуулын өгөгдөлд суурилсан хиймэл оюун ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх; -Өндөр технологи, кибер аюулгүй байдал, сансрын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан R&D төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. Монгол, Израилын технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төсөл, сургалт, хөрөнгө оруулалтын түншлэлээр өргөжүүлэх боломжийг цаашид үргэлжлүүлэн судлахаар болов.