Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан. Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

Сансрын орон зай дахь Монголын амбиц

Иргэн та техник технологгүйгээр өөрийн ирээдүйг төсөөлж байна уу. Гар утасгүй, интернэтгүй, телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэггүй орчинд амьдарна гээд боддоо. Хүн төрөлхтөн техник, технологийн хөгжилгүйгээр цааш алхах боломжгүй эрин үе нэгэнт иржээ. Гэтэл манай улс дээрх үйлчилгээнүүдийг иргэддээ хүргэхийн тулд гадаадаас түрээсэлдэг. Мөн алслагдсан бүсэд амьдарч буй иргэд технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэж чадахгүй байгаа нь бодит үнэн. Шилэн кабелиар Монгол орны өнцөг булан бүрт буй малчдыг интернэтэд холбох дэд бүтцийг бий болгоход бэрхшээл их. Үүнийг шийдэх дөт зам нь “Үндэсний хиймэл дагуул” юм. Улс орон бүр өөрийн хиймэл дагуултай болох зорилт дэвшүүлэн, 2023 онд нийт 42 улс сансрын төсвөө өсгөжээ. Хэдхэн жилийн дотор өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн улсын тоо 91-д хүрэв. ШУА-ийн ООГХ-ийн Сансар судлалын төвийн дарга, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа “Хиймэл дагуул, сансар судлал бол зөвхөн ганц орны асуудал биш. Сансрын орон зайг хамтарч ашиглах хэрэгцээ бий. Тиймдээ ч сансар судлалын салбарт бүх орнууд хамтарч ажиллаж байна. 1990-ээд оны шилжилтийн үед манай улс сансар манатай байсан бол 2000 оноос энэ асуудал аяндаа сөхөгдөж, 2012-2013 оноос “Үндэсний хиймэл дагуул”-тай болох тухай яригдсан. Мөн 2017 онд “Мазаалай” нам орбитын судалгааны хиймэл дагуулыг Японы эрдэмтэдтэй хамтран хөөргөлөө. Одоо “Тэмүүлэл” хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж байна. Түүнчлэн хүнээ дахин сансарт нисгэх асуудал ч хөндөгдөнө. Энэ талаар ОХУ-тай байгуулсан санамж бичиг ч бий” хэмээн онцоллоо. 1957 онд анхны хиймэл дагуулыг задгай сансарт хөөргөснөөс хойш 67 жилийн хугацаанд монголчууд хиймэл дагуулын үйлчилгээг түрээсээр авч ирсэн. Жилдээ 6.9 сая ам.долларыг тус үйлчилгээнд зарцуулдаг. Үүнийг 15 жилээр үржүүлбэл 144 сая ам.доллартой тэнцэнэ. Тэгэхээр монголчууд гаднын хиймэл дагуулыг түрээсэлж, түрээсэнд их зардлыг төлж буй асуудлыг нэг мөсөн шийдэх гарц бий. “Исатком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөнтэнгис “Гаднаас түрээсэлж буй зурвасын хэмжээндээ 3.5-4 сая ам.долларыг жилийн хугацаанд түрээсэнд зарцуулж байна. Янз бүрийн бэрхшээлүүд гардаг. Жишээлбэл, тухайн хиймэл дагуулын насжилт, хугацаа дуусаж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор үнэ нэмэх тохиолдлууд ч гарч байна. Энэ бүх асуудал үндэсний хиймэл дагуул хөөрсгөснөөр шийдвэрлэгдэнэ гэж харж байна” хэмээн ярилаа. Үндэсний хиймэл дагуултай болох тухай асуудал өнөөдөр гэнэт яригдаж байгаа юм биш. 2012-2013 оноос эхлэлтэй. Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас өгсөн 74°Е градуст геостационар тойрог замын байрлал, 113.6°Е градусын хиймэл дагуулын байрлалд 800МГц зурвас бий. Үүнээс суурин үйлчилгээ болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг аль алийг нь хэрэглэгчдэд хүргэхэд 113.6°Е байрлал тохирно гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.  Мөн өөрийн хүссэн байрлалд хиймэл дагуул нисгэхийг хүсвэл өөр улсуудтай тохиролцох, ярилцах асуудал сөхөгдөнө. Энэ бүхэн сансрын задгай орон зайг ашиглах, үр шимийг нь хүртэх тухай ойлголт юм. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн В.Батбаяр “10 гаруй жилийн хугацаанд үндэсний хиймэл дагуултай болох чиглэлээр манайд 5-6 улс санал тавьсан. Энэхүү саналын хүрээнд нийт 10 орчим компанитай хэлэлцэж, хүсэлтийг нь хянаж үзээд сонголт хийсэн. Улмаар 2019 онд Франц Улстай хиймэл дагуулын чиглэлд хамтран ажиллахаар болж, техникийн нөхцөл тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. Мөн Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр санамж бичиг байгуулсан. Францын Засгийн газар санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх тухай саналаа Монгол Улсын Сангийн яаманд өгсөн. Үндэсний хиймэл дагуултай болох асуудлыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ. Тус төслийг анхнаас нь нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн. Тиймээс олон нийтэд дэлгэрэнгүй ерөнхий мэдээлэл өгөөгүй” гэж онцоллоо. Өмнө нь сансар судлалыг хөгжүүлэхээр ОХУ-ын “Роскосмос”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн БНХАУ-тай сансрын техник технологи нэвтрүүлэх, зохион байгуулах, зайнаас тандан судлах, газрын станц байгуулах, Монголд иж бүрэн лаборатори байгуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар дөрвөн талт гэрээ хийсэн. Үүнийг сансрын техник технологи бүтээх, мэдээлэл боловсруулах эхлэлийн цэг гэж харж, “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөд анхаарал хандуулж байгаа юм.ЗХ-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир “Сансрын орон зайд байгалийн асар их нөөц бий. 2023 онд Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн сансрын форум”-д сансрын нөөцийг тогтвортой ашиглах, хөгжүүлэх, ил тод байх асуудлыг хөндсөн. Монгол Улсад харилцаа холбооны сүлжээг өргөн уудам, хүн ам таран суурьшсан, алслагдсан орон нутагт ашиглаж ирсэн. Гэвч харилцаа холбооны үүрэн сүлжээний хүртээмжийг цаашид нэмэгдүүлэх шаардлага бий. Монгол Улсын хувьд сансрын орон зайг үр дүнтэй ашиглах түүхэн үе ирээд байна” гэж ярилаа. Үндэсний хиймэл дагуулгүйгээс болоод бусад улсаас түрээсийн үйлчилгээ авч, ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдал үүрч, хүссэн үйлчилгээгээ авах боломж хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль ч бүсийн зургийг авч, судалгаа хийх боломж үгүй гэсэн үг. Мөн тухайн байгууллагын санал болгосон үнээр үйлчилгээ авахад хүрдэг юм. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр эрдэмтэн судлаачид болон төрийн байгууллагууд ажиллаж байна. МУИС-ийн дэд профессор Д.Эрдэнэбаатар “Зайнаас тандан судлахын тулд гаднаас үйлчилгээ авч ирсэн. Хүссэн зургаа авахад хүндрэлтэй. Дэлхийн аль ч цэгийн зургийг хүссэнээрээ авах боломж Үндэсний хиймэл дагуултай болж байж бүрдэнэ. Дотоодод “Мазаалай”, “Тэмүүлэл” гээд кубсат төслийг хэрэгжүүлээд, туршлага хуримтлуулчихлаа. Мөн бага оврын зайнаас тандан судалгааг хийж, туршиж байна. Харин цаашид Харилцаа холбооны хиймэл дагуул нисгэх хэрэгцээ шаардлага үүссэн” гэдгийг онцоллоо. Монгол Улсын хэрэглээг түрээсээр цаашид шийдвэрлэнэ гэвэл манай руу чиглэсэн хиймэл дагуулын цацраг хязгаарлагдмал. Тиймээс Үндэсний хиймэл дагуултай болчихвол өргөн хүрээнд хэрэглээг нэвтрүүлэх боломж бий. ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Онцгой байдлын байгууллага бол радио холбоо, үүрэн холбоо, интернэт сүлжээ, Starlink, Iriduim зэрэг хэрэгслүүдийг ашиглаж байна. Эдгээр нь өөр өөр байгууллагын үйлчилгээ, зарим нь олон улсын байгууллагын үйлчилгээнүүд юм. Үндэсний хиймэл дагуултай болсноор энэ олон үйлчилгээг нэгтгээд, дотооддоо хөрөнгө оруулах боломжтой” гэв. Сансрын технологи, үндэсний аюулгүй байдал, бие даасан мэдээлэл холбооны дэд бүтэц, сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол Улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлагын талаар “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЦХИХХЯ, ШУА, ХХЗХ, ҮАБЗ, ОБЕГ, МУИС болон ШУТИС-ийн профессор, салбарын судлаач, эрдэмтэд өргөнөөр оролцов. Улмаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүллээ.

Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана

Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх” зорилгынхоо хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хувийн хэвшлийн төлөөллийг Баасан гараг бүр хүлээн авч, шийдэлтэй уулзалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Рүүкий системс” ХХК, ICT групп, “Metacog” ХХК, “Номадик Бэйр Гэймс” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцов. “Рүүкий системс” компани нь ухаалаг зогсоолын систем бүтээсэн нь өнөөдөр олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, амжилттай явж байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй, өгөгдлийг ашиглан, тендерийн нээлттэй системийг бий болгох, Засгийн газрын 11-11 төвийн өгөгдлийн баазыг ангилж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Тэдний зүгээс яамтай хамтран мэдээллийн технологийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Дараагийн компани бол ICT групп. Тус групп нь 76 охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэж байна.   2011 онд байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл нийт 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, 3 сая гаруй хэрэглэгчдэд хүрч чаджээ. Тэдний зүгээс салбарын хүний нөөц болон экспортын бүтээгдэхүүнийг гаргах асуудлыг салбарын сайддаа уламжиллаа. Тэд монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахыг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлийн суурь систем болон бүтээгдэхүүнүүд нэгдсэн стандарттай болох талаар санал солилцлоо. Харин Metacog компани нь хүний нөөцийн цогц систем хөгжүүлж байна.  Тус системийг Монгол Улсын топ 50 компани ашиглаж байгаа талаараа захирал Б.Хүрэлбаатар хэллээ. Платформыхоо англи хувилбарыг гаргасан бөгөөд АНУ-ын зах зээл гаргах талаар салбарын сайдад уламжилж, хамтран ажиллахыг хүслээ. Энэ удаагийн уулзалтад ирсэн дөрөв дэх компани бол дэлхий даяар 50 сая татагдсан тоглоом үйлдвэрлэсэн “Номадик Бэйр Гэймс” ХХК юм. Тэд таван жилийн хугацаанд 150 гаруй тоглоом үйлдвэрлэсэнээс дөрөв нь олон улсад гарч чаджээ.  Тус компани нь орлогоо АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг бөгөөд  Монголын хамгийн том юникорн компани болох зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг захирал Б.Төрболд нь онцоллоо. Тэрбээр дэлхийн тоглоомын зах зээлд маш их боломж байгаа ч эрсдэл өндөр тул хууль эрхзүйн орчин дээр дэмжлэг туслалцаа үзүүлэхийг салбарын сайдаасаа хүслээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Яам бол салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгдөг төрийн захиргааны байгууллага. Манай яамны зүгээс “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг өнгөрсөн зургадугаар сард УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор дотоодын программ хангамжийн компаниудыг дэмжих, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх зорилго тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, стартапуудыг дэлхийд гаргахад нь дэмжиж, хамтарч ажиллана гэдгийг онцоллоо.

“Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan, Мэдээлэл, харилцаа холбооны сайд хатагтай Josephine Teo, Сингапур Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, профессор Tommy Koh, Инфоком медиа, хөгжлийн агентлагийн гүйцэтгэх захирал Lew Chuen Hong нартай албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “AsiaTech Singapore-2023” (ATxSG) арга хэмжээнд урьж, оролцуулж буйд талархал илэрхийлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтаар Сингапур Улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамны “Digital Economy”, “Digital Security”, “Digital Society” 3 чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар туршлага судалж, цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, Сингапур Улсад буй олон улсын платформууд болох (Meta, You tube, Тik Tok)-тай уулзахад дэмжлэг үзүүлж, хил дамнасан өгөгдлийн урсгалын хууль эрх зүй, бодлого зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цахим эдийн засгийн хөгжил, цахим хуваагдал, цахим үйлчилгээнд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Сингапур Улсын сайн туршлагыг судалж, хамтран ажиллахаар болов.