Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин БНХАУ-ын төрийн өмчит “Эвербрайт Блю Скай” компанийн ТУЗ-ийн дарга Ян Хуафэн, ТУЗ-ийн даргын туслах Цүй Жинбо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, ногоон дата төв болон тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн эрчим хүчний нөөцийг өндөр үнэ цэн бүхий тооцоолол, дижитал бүтээгдэхүүн болгон хөрвүүлэх, найдвартай эх үүсвэрт түшиглэсэн дата төвийн дэд бүтцийг хамтран байгуулах боломжийн талаар ярилцав.
“Эвербрайт Блю Скай” нь хатуу хог хаягдлыг нөөц баялаг болгон ашиглах, шинэ эрчим хүчний технологийг судалж хөгжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20 жилийн туршлагатай компани юм.
Уулзалтын үеэр тус компани Монгол Улсын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж, эрчим хүч, дата төв, өндөр технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ. Цаашид Монгол Улсын эрчим хүчний давуу талыг өндөр технологийн экосистемтэй уялдуулж, дата төв болон хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг бодит төсөл болгон өргөжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.











