Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар “Үндэсний антискам” тогтолцоог бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчныг бий болгох санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдлаа.
Монгол Улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг нь нийт хэргийн 30 гаруй хувийг дангаар эзэлж байна. Энэ оны 08 дугаар сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн нийт 10250 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд ийм төрлийн гэмт хэргийн арга хэрэгсэл улам нарийсч, цаашид өсөн нэмэгдэх эрсдэлтэй байна.
Ажлын хэсгийн эхний хуралдааныг зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
-Цахим залилантай тэмцэх хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, сайжруулах дүгнэлт боловсруулах
-Цахим залилантай тэмцэх тогтолцоонд дүн шинжилгээ хийж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах
-Цахим залилангийн эсрэг банк санхүү, харилцаа холбоо, хууль сахиулах, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог эрчимжүүлэх технологийн шийдлийг тодорхойлох.
”Үндэсний антискам” тогтолцоог сайжруулснаар цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гэмт хэргийн улмаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шуурхай царцаах, буцаан олгох үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох ач холбогдолтой.












