Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана

2020.12.22

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар хүргэж байгаа билээ. ХОЛБООНЫ ХОЁР ДАХЬ САЙД ЗУНДУЙН АЮУРЗАНА Тэрээр 1906 онд Баян-Өлгий аймагт төржээ. 1929-1932 он хүртэл Улаан-Үд хотын Рабфакт бэлтгэх сургуулийн захирал, түүхийн багшаар ажиллаж байгаад 1939-1940 онд КУТВ-т суралцсан байна. 1925 оноос залуучуудын эвлэлийн үүрийн дарга, 1937 оноос Москва хотноо сургуулийн дэргэдэх МАХН-ын үүрийн дарга, мөн оны 9 дүгээр сараас Хөвсгөл аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1943 оны 2 дугаар сараас Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашижээ. 1939 оны дунд үеэс цагийн байдал хүнд байсан тул зүүн хилийн харуулуудыг холбоожуулах зорилгоор зүүн, зүүн урд чиглэлд тусгай зориулалтын хэрэгцээнд хуучин шугамтай зэрэгцүүлэн шинээр холбооны шугам татах болсон тул манай Засгийн газрын хүсэлтээр ЗХУ- аас 450 гаруй хүмүүсийг 90 гаруй машины хамтаар ирсэнтэй тул харилцан нэвтрэлцэх ерөнхий хорооноос туршлагатай холбоочин С.Шийтэрээр ахлуулсан баг 35,000 баганыг Хэнтий аймгийн Ононд бэлтгүүлж зөвлөлтийн цэргийн ангид хүлээлгэн өгч Шарагат – Өгийн хийд – Сулинхээрийн хүртэл 440 гаруй км шугамыг шинээр хийсний дээр Өндөрхаанаас Сайншанд хүртэлх 320 км шугамыг шинэчлэн засварлаж, 1939 оны 6 дугаар сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харьяа Цэрэгжүүлсэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газар болгож, холбоочид салбараараа цэргийн албанд орж эх орны дайны жилүүдэд ажлын 24 цагийн үүрэг хүлээж байв. Дэлхийн II дайн дуусч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1945 оны 20 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны цэрэгжүүлсэн ажилтан нарын дүрэм”-ийг хүчингүй болгож, монголын холбоочид энх цагийн бүтээн байгуулалтанд жирийн албан хаагчийн есоор оролцох болжээ. БНМАУ-ын СнЗ-өөс шуудан, харилцааг сайжруулах талаар анхаарч, 1947 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Харилцаа холбооны яамны гадаад ба дотоод шууданг сайжруулах тухай” 12 дугаар тогтоол гаргаж, Наушка хүртэл 7 хоног тутам шуудан хүргэх, буцахдаа Наушкад байгаа шууданг Улаанбаатар хотод тогтмол авчирч байх, шуудан тээврийг зохих цагт нь гаргаж байх төлөвлөгөөг хавсран гаргаж ажиллахыг Тээврийн болон Холбооны сайдад тус тус даалгасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1950 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 15/5 дугаар тогтоолоор Холбооны яамны 1950 оны төлөвлөгөөг баталж Улаанбаатар хот Архангай аймгийн хооронд 470 км газар бронзон шугамыг 1950 оны 3 дугаар улирлын дотор байгуулахаар тогтоов. 1950 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 112 дугаар тогтоолоор Холбооны яамны барилга контор байгуулагдаж, холбооны гол аж ахуй болох телефон-телеграфын баганат шугамыг засварлах, шинээр байгуулах, улс орныг телефонжуулах ажлыг эхэлжээ. Холбооны сайд З.Аюурзана харилцаа холбооны техник зохион байгуулалтын ажилд өөрчлөлт хийж анхдугаар 5 жилд Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Чойбалсан, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудыг Улаанбаатар хоттой тогтмол харилцах радио телефоны харилцаа бий болгосон байна. Зуун суманд радио хүлээн авагч, долоон аймгийн бүх сумдыг радиожуулсан, радио цэгийг 1000-аар нэмэгдүүлэв. Улаанбаатар хотоос шууданг аймгуудтай сард 4 удаа автомашинаар солилцдог байсныг 8 удаа болгон нэмэгдүүлжээ. 1940 онд хөдөлмөрчин ардуудаас морин өртөөний албыг өөрчилж аймгийн төв-сумдын хооронд автомашин, сум багийн хооронд улсын морин өртөөгөөр шууданг тогтмол солилцдог болсон. 1948-1952 онуудад Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийг оролцуулан нийтдээ 13 аймгийг Улаанбаатар хоттой телефоноор шууд харилцдаг болгож, 60 гаруй сум, суурин газарт телефон холбоо байгуулсан байна. 1952 онд 1947 оныхоос холбооны ашиглалт 40 хувиар, солилцсон бичиг захидлын тоо 33 хувиар, радио цэгийн тоо 9500 болж 28 хувиар өссөн ба 300 гаруй сумыг радио хүлээн авагчтай, бүх аймгийн 75 хувь нь радио нэвтрүүлэгчтэй болж, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээнээс орсон орлогын хэмжээ 30 хувиар өссөн байна. Түүнчлэн ЗХУ-д холбооны дээд, дунд мэргэжлийн сургуулиудад боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн аж. Зундуйн Аюурзана нь 1945 оны 11 дүгээр сараас 1953 оны 8 дугаар сар хүртэл Холбооны сайдаар ажилласан байна.

1947 оны 8 сард АНУ Атлантик хотод болсон олон улсын радио долгионы конференцид оролцсон БНМАУ-ын Холбооны сайд З. Аюурзана, Холбооны яамны ерөнхий механик, Лувсанцэнд нар.

1946 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Холбооны сайд З.Аюурзанаас

Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Улсын Ялгарсан Хошой Баатар их удирдагч маршал
Х.Чойлбалсан

Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, хүндэт удирдагч Ю.Цэдэнбал танаа

Монгол Ардын Хувьсгалт Нам ба ард олны түргэн харилцааг цаг тухайд ханган биелэхэд хамгийн гол чухал нь харилцааны шугамуудыг цаг тухай бүр гэмтлээс хамгаалах хийгээд тохиолдсон гэмтлүүдийг богино хугацааны дотор засаж чадваас тэр чанараараа гадаад дотоодын бүх харилцааг тогтоосон цаг минут секундээр хугацаанд нь бүгд,тэр хугацаанд нам ба улсын хийгээд худалдаа үйлдвэр, олон нийтийн болон гадаад дотоодын бүх дөрвөн төрлийн харилцааг өдөр шөнийн 24 цагт тасралтгүй харилцаж чадмой.

Гэтэл тус улсын харилцааны эдүгээгийн ажлын байдлыг үзвээс шугам үйлдвэр байгуулагдсанаар он жил удсан учраас нэвтрэх гэмтэж тасалдах явдал олон тоотой болсон
учраас гадаад дотоодын харилцаанд өдөр тутам саад тохиолдож, нам улсын хийгээд ард олны бүх харилцааг цаг тухайд ханган биелүүлдэггүй дутагдлууд үргэлжлэн тохиолдож зарим үеийн ажлуудаар өдий төдий саад бэрхшээлүүд их бага хэмжээгээр тохиолдсоор байна. …

Холбооны 2 дахь сайд З.Аюурзана

Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь
Харилцаа холбооны музейн эрхлэгч Г.Шаравдэмбэрэл

Other news

Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ

Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадамжийг сайжруулах, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл дэх шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, инженер, технологийн ажилтнуудын дуу хоолойг сонсох, тэдний саналыг авах зорилгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мэдээллийн технологийн салбарын бие даасан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бидний санаачилга, зүтгэлийг дэмжиж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танд талархаж байна. Олон жил зохицуулалтгүй явсан IT салбарынхаа ирээдүйн хөгжилд санаа тавьж, алсын хараагаа илэрхийлж, зорилгоо нэгтгэн дуу хоолойгоо өргөж буй төр, хувийн хэвшлийн төлөөллүүддээ баярлалаа. Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд эдийн засгийн өндөр үнэлгээтэй дэлхийн том компаниудад ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналуудыг удаа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгож, ирээдүй хойч үедээ ажилтай, орлоготой, тогтвортой хөгжилтэй улсыг өвлүүлэн үлдээхэд өнөөдрөөс анхаарах ёстой. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй гол зохицуулалт нь: Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно. Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх (дахин зар)” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна. Хугацаа: 2026 оны 03-р сарын 30-ны өдөр, 15:00 цаг ************ The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for “To renew the Root certification system of the National public key infrastructure (PKI) of Mongolia /Rebid/. Submission Deadline: March 30, 2026, 15:00 PM (UB time)

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх сайд нарын хамтарсан уулзалт болов

Цахим эрүүл мэндийн олон улсын индексээр манай улс оноо авч үнэлэгдэж чадаагүй байна. Тодруулбал, стратеги-хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чадавх, стандарт-зохилдлого, үйлчилгээ-апп хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн байгаа юм. Тиймээс дээрх чиглэлд технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлага бий. Харин аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлаар Ховд, Увс, Завхан, Дорнод, Дорноговь тэргүүлж байна. Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгээ өгөх шийдлийг ярилцахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт 12-р сарын 25-ны өдөр боллоо. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарын цахимжилтийн чиглэлд санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Хоёр яам энэ чиглэлд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байна. Цахим шилжилтийг төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт чухалчлан авч үздэг. Эдгээр нь хүн бүрт шууд мэдрэгддэг, систем хэдхэн минут гацахад иргэд дургуйцлээ хамгийн ихээр илэрхийлдэг салбар юм. Мөн эмийн бүртгэлийг цаашид яах вэ гэдэг асуудал ч гарч ирнэ. Үүнийг блокчейн технологиор шийдсэн улсууд ч байна. Түүнчлэн хамгийн олон цахим систем эрүүл мэндийн салбарт байгаа учраас үүнийг интеграцчилах нь чухал. Энэ мэт олон асуудал эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд яригдана” гэж онцлов. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 заалтын хэрэгжилтийг хангахын тулд Эрүүл мэнд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалыг яаралтай шинэчлэн батлах асуудлыг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэн хөндлөө. ЭМЯ-наас цахим бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарч байна. Энэ чиглэлд өгөгдөл давхардсан, хэрэгцээгүй дата байгаа учраас эхнээс нь цэгцэлж, боловсруулахаар ажиллаж байгаа аж. Мөн өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж, суурь асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цаг үетэй холбоотойгоор хоёр сайдын хамтарсан журмыг шинэчлэх ажлыг дэмжиж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилтийг иргэдэд мэдрүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд цогц шийдэл хэрэгтэй. Манайх шиг тархай бутархай нутагт цахимжилт бол иргэдэд үр дүнгээ өгөх шийдэл мөн. Хамгийн гол нь цахим гээд байгаа ч давхар цаасаар бүртгэл хийгдээд байвал утгагүй. Цахимаар, утсаар, биеэр очиход өөр өөр цаг авч байна. Энэ мэт уялдаагүй асуудлыг цогц байдлаар шийдэх нь чухал” хэмээн ярилаа. Он гарсаар Эрүүл мэндийн байгууллагын систем хөгжүүлэгч 10 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ. Эмийн жор бичигдэх, эмийн жор дээрх эмийг худалдаж авсан, шинжилгээний хариу гарах, бусад эмнэлгээс өвчтөний мэдээлэл харах, даатгалтай тусламж үйлчилгээ авах, эмнэлэг нэхэмжлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, эмч товлолт үзлэгээр тухайн иргэнийг дуудад үед “e-mongolia”-р дамжин мэдэгдэл очдог аж.   Мөн Монгол Улсад бүртгэлтэй бүх эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлсэн. 10 орчим төрлийн 120 гаруй эмийн хэрэглэх заавар, хориглож заалт, гаж нөлөөний талаарх аудио тайлбар, дохионы хэл, текст хэлбэрээр оруулжээ. Тиймээс иргэд “e-mongolia”, КИОСК, гар утсанд суурилсан мэдээлэл авахаас гадна ХУРДАН цэгээр дамжуулан эмнэлгийн цаг болон бусад үйлчилгээг авах боломжтой. Тус цэг нийслэлд 1 болон 3-р эмнэлгийн хүлээн авах хэсэгт байгаа бол Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэгт бий. Тодруулбал,  1-р эмнэлэг 40510, 3-р эмнэлэг 17579 буюу нийт 58,089 үйлчилгээ үзүүлжээ.