Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх

2021.02.01

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1956 оны 10 дугаар сард хуралдахдаа “Радио холбоог 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөлвлөгөө”-г зохиож, түүндээ зурагт радио байгуулах тухай асуудлыг тусгахыг даалгажээ. Тус хэтийн төлөвлөгөөний дагуу ЗХУ-ын зураг төслийн институт 1964 онд Улаанбаатар хотноо зурагт радио байгуулахаар төвийн зураг төслийг хийсэн байна. Улмаар БНМАУ-ыг 1966-1970 онд хөгжүүлэх дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “ЗХУ-аас үзүүлэх техник эдийн засгийн тусламжийн тухай” гэрээнд зурагт радиог ЗХУ-ын тусламжаар байгуулах асуудал шийдвэрлэгдэв. 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зурагт радиогийн төв байгуулах суурийг Гандангийн дэнж дээр хийж, тухайн үеийн манай улсын нам төрийн бүх удирдлагууд оролцож, 180 м өндөр цамхагийн сууринд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу хадаг, цай, мөнгөн ембүүг монгол заншил ёсоор байрлуулж байв. БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр “Зурагт радиогийн туршилтын нэвтрүүлэг явуулах тухай” тогтоолоор Улаанбаатар хотын зурагт радиогийн ашиглалтыг Холбооны яаманд хариуцуулж, тухайн үеийн “Улсын радио төв”-ийг “Радио, зурагт радиогийн төв” болгон өргөтгөж байгуулахаар тогтжээ. Мөн тогтоолд заасны дагуу Ардын хувьсгалын 46 жилийн ойг тохиолдуулан туршилтын нэвтрүүлгийг 1967 оны 6 дугаар сарын 15- ний өдрөөс хийж эхэлсэн бөгөөд улмаар 1967 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн захирамжаар Холбооны сайд Д.Готовоор ахлуулсан улсын комиссыг байгуулж, хүлээн авчээ. Ийнхүү манай улсын анхны зурагт радиогийн төвийн албан ёсны нээлт 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болж, энэ өдрийг “Телевиз байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тус төвиийг нээх цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Б.Алтангэрэл нээж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Ц.Дүгэрсүрэн дэлгэрэнгүй үг хэлж, удирдагч Ю.Цэдэнбал тууз хайчлан нээж байжээ. Тус төвийг 1967 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн АИХ-ын зарлигаар “Октябрийн хувьсгалын 50 жилийн ой”-н нэрэмжит болгож байв. Холбооны яамны харъяанд байсан “Радио, зурагт радиогийн төв”-ийн нэрийг СнЗ-ийн 1970 оны 378 дугаар тогтоолоор “зурагт радио” гэдэг үгийг “телевиз” гэж нэрлэх болсонтой холбогдуулан “Радио телевизийн техникийн төв” болгон өөрчлөн нэрлэхээр болсон байна. Тус техникийн төвийн бүтэц нь аппарат –студийн блок /АСБ/, аппарат программын блок /АПБ/, төв аппарат /ЦА/,аппарат-студийн иж бүрдэл /АСК/, явуулын станц /ПТС/, телевизийн дамжуулах станц /УКВ/ -ээс тус тус бүрдэж байжээ.

Радио телевизийн техникийн төвийн анхны дарга Ц.Мятав “Миний мэдэх радио” номондоо “…УКВ станцыг цех гэдэг байсан бөгөөд түүний харъяанд цамхаг, антенн, фидер, нэвтрүүлэгч хамрагдаж байсан бөгөөд анхны Якорь-5/1,5 маркийн нэвтрүүлэгч нь зурагт радиогийн дүрсийг 5кВт-ын, дууг 1,5 кВ-таар  дамжуулах хүчин чадалтай, мөн хэт богино долгионы хоёр радио нэвтрүүлэгч байдаг байсан бөгөөд Улаанбаатар хотод ФМ  хүлээн авагч байхгүй шалтгаанаар ажиллуулалгүй байсаар бараг 3 жилийн дараа их хэрэгцээтэй станц болсон юм. Ленинградын дамжаанд сурсан Р.Энхжаргал, С.Сосор, М.Галсан, С.Чулуунхүү, И.Ичинхорлоо, Ч.Дарьсүрэн нар анхны УКВ-ын  ИТА  бөгөөд  даргаар С.Чимэддорж, Б.Мягмар нар  ажиллаж  байсан  юм.  Якорь  станцын  чадал  нь  хотын  дүүргүүдэд хангалттай, Налайх 40 км, Тэрэлж  60 км,  Батсүмбэр  90 км, ноён уулын  орой 140-160 км  газар  явж  шалгахад  дуу дүрс сайн байсан юм…” гэж дурсан бичжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Other news

Нийгмийн хариуцлагын хүрээнд ХХМТ-н салбарт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар “Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг баталлаа.  Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбооо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг баталлаа.  Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд: Шаардлагатай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.

Ухаалаг засаг II төслийн байгаль орчин, нийгмийн хамгааллын баримт бичгийн төсөл

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршино. Бэлтгэл ажлын хүрээнд дараах төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дараах баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байна. Иргэд, аж ахуйн нэгжид эдгээр баримт бичигтэй танилцаж, тодруулах санал, хүсэлт байвал info@mddc.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье. Холбоо барих: Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, төв шуудангийн зүүн жигүүр 105 тоот Утас: 266114 Имэйл: info@mddc.gov.mn

ЦХИХХ-ны  салбар 2026 оны улсын төсвийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.  Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын  ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, холбогдох алба хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын дарга нар болон ХХМТ-ын салбарын төлөөллүүд оролцлоо. 2026 оны улсын төсвийн хүрээнд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам нь Монгол Улсын дижитал шилжилтийг гүнзгийрүүлж, харилцаа холбоо болон дата дэд бүтэц өргөтгөл , хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.  ЦХИХХ-ны яам төсвийн багцдаа дараах тэргүүлэх чиглэлүүдийг тусган оруулж байна. Үүнд: 1. Харилцаа холбооны дэд бүтцийн өргөтгөл Монгол Улсын бүх аймаг, сум, багийг өндөр хурдны интернэт сүлжээнд бүрэн холбож, орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн суурийг бүрдүүлнэ. Үүнд үүрэн сүлжээ, шилэн кабелийн сүлжээний тэлэлт, дагалдах суурь дэд бүтцийн шинэчлэл багтаж байна. 2. Үндэсний дата төвийн төхөөрөмж хүчин чадлыг нэмэгдүүлэх болон GPU cluster төв Үндэсний дата төв бол төрийн болон хувийн салбарын өгөгдлийн найдвартай хадгалалт, боловсруулалт, хүртээмжийг хангах төвлөрсөн онц чухал байгууллага юм.  Төрийн үйлчилгээ цахимжих тутамд дата дэд бүтцийн өргөтгөл даган нэмэгдэж байдаг.  Энэ нь цаашлаад өгөгдөлд суурьласан шийдвэр гаргалт чухал ач холбогдолтой билээ. GPU (Graphics Processing Unit) кластер гэдэг нь хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data), гүнзгий сургалт (Deep Learning) зэрэг өндөр тооцоолол шаардсан процессыг нэгэн зэрэг олон GPU төхөөрөмжөөр гүйцэтгэх өндөр хүчин чадал бүхий тооцоолох төв юм. Энэ төсөвлөсөн GPU cluster төвийг нэвтрүүлснээр зөвхөн мэдээлэл технологийн салбарт бус Монгол Улсад үндэсний AI моделиуд, хэл боловсруулах систем, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц. Мөн Эрдэм шинжилгээний байгууллага, дотоодын гарааны бизнесүүд өндөр өртөгтэй гадаад cloud ашиглах шаардлагагүй болно. Гадаад улсын дата төвүүдэд хандахгүйгээр дотооддоо хөгжүүлэлт хийх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Эдгээр чиглэл нь зөвхөн мэдээллийн технологийн салбарт хамаарах бус, эдийн засгийн өсөлт, төрийн үйлчилгээний хүртээмж, иргэн төвтэй бодлогын шинэ түвшинд хүрэх үндсэн нөхцөл болох юм. Цаашид ЦХИХХЯ  хариуцлагатай, нээлттэй, үр дүн чиглэсэн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтыг удирдаж, та бүхний дэмжлэгтэйгээр үр ашигтай хэрэгжүүлэхийг зорьж байна.