Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

2021.05.21

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан салбарын стартап компаниудыг олон улсын зах зээлд гаргах, төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах төр болон хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг хоёр сарын өмнө байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр /2021.05.21/боловсруулсан санал, дүгнэлтээ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуягт хүлээлгэн өглөө. Ажлын хэсгийн боловсруулсан санал Засгийн газарт хүргэгдэнэ. Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг “Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш цахим шилжилтэд анхаарч ажиллаж байна. Цахим шилжилттэй холбоотой Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Тоон гарын үсэг тухай хуулийн төслийг УИХ- д өргөн барьсан байгаа. Өчигдөр виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Улаанбаатар, Дарханы хажууд инновац, мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах асуудал Засгийн газрын хөтөлбөрт орчихсон явж байна” гэв.

Дриймэрс, Стартап маркетинг спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “3 дугаар сарын 20-нд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төр, хувийн хэвшлийн хамтарсан 3 ажлын хэсгийн онлайн бүртгэл хийсэн. Тус ажлын хэсгүүдэд хувийн хэвшил болон иргэд сайн дураараа бүртгүүлж, ажлын хэсэгт орж ажилласан. Манай ажлын хэсэг бол олон улсад мэдээллийн технологийн гарааны бизнесүүд гарахад хэрхэн төрөөс дэмжих бэ гэдэг төлөвлөгөөг боловсруулах үүрэг авсан. Ажлын хэсэг маань 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад, нэг сарын хугацаанд 100 гаруй мэдээллийн технологийн компаниудын үүсгэн байгуулагчдаас судалгаа авч, төлөвлөгөөг боловсруулан, өнөөдөр гардуулан өгч байна. Цаашид бид нэгдсэн дуу хоолойгоо өргөдөг байя, төртэйгөө хамтын ажиллагааг бий болгоё, төр болохгүй байна гэж гаднаас шүүмжлэх бус хамтын ажиллагаа, өөрсдийнхөө оролцоог бий болгоод явах бодлогын тинк танк болоод хөгжиж явах юм. Бид бүхэн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал болон Д.Цогтбаатар нарын санаачилсан Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл тун удахгүй өргөн баригдах гэж байна” гэв

Ihotel ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал ажлын хэсгийн хийсэн судалгаа, санал дүгнэлтийг танилцуулсан юм. 

Ажлын хэсгийн нэгдсэн санал

Ойрын хугацаанд:

  • Гаднын улсуудад байрлах Элчин сайдын яам, Консулаар дамжуулан судалгаа хийх, компаниудтай холбоо харилцаа тогтоох.
  • Боломжит орнуудад сайн дурын бизнес төлөөлөгчид бий болгох, тэдгээр хүмүүсээр дамжуулан зах зээлийн судалгаа хийх, хэрэгцээтэй компани, хувь хүмүүстэй холбоо харилцаа тогтоох.
  • Гадаадын байгууллага, их сургуулиудаас дадлага хийх, туршлага солилцох мэргэжилтнүүдийг Монгол руу аялах процессын хөнгөвчлөх ( виз болон оршин суух зөвшөөрөл…. гэх мэт)
  • Гаднын томоохон хэвлэлд компаниудын мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийн танилцуулга нийтлэл тогтмол гаргуулдаг байх.
  • Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэ хуулийн талаарх ойлгомжтой мэдээллийг гаднын улс орнуудад зориулж цаг алдалгүй орчуулан түгээх, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдийг мэдээллээр хангадаг болох.
  • Гаднын хөрөнгө оруулагч нартай холбох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах (Засгийн газрын гадаад айлчлалд хамт явах, хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулах).
  • Төр хувийн хэвшлийг холбосон найдвартай экосистем бий болгох.

Дунд хугацаанд:

  • Гадаад, дотоодын технологийн компаниуд туршилт, тест хийх “Sandbox” орчин орчин бүрдүүлэх.
  • Paypal, Stripe, Plaid, Moopay, Coinbase зэрэг олон улсын санхүү, төлбөрийн дэд бүтэцтэй холбох боломжийг нээх.
  • Олон улсын түвшний компаниудтай мэргэжилтэн солилцооны программ тогтмол зохион байгуулах.
  • Инновацыг дэмжих хөтөлбөр, сангаас технологийн инновац бүтээж буй компаниудад дэмжлэг үзүүлэх.
  • Дотоодын хөрөнгө оруулагч нарт хандсан гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх талаар мэдээлэл, сургалт, ойлголт тогтмол өгөх.
  • Гадаадын бизнесүүдийг нэгдсэн байдлаар, Монгол улсад урьж авчрах, танилцуулах үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулах .
  • Олон улсын байгууллагуудтай хамтран гадаад, дотоодын боломжит түншүүдтэй старт ап-уудыг танилцуулах, туршлага солилцуулах.
  • Цөөн тооны чанартай старт апуудыг шалгаруулан төр бүхий л талаас нь дэмжих.

Урт хугацаанд

  • Урт хугацааны бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй зээлд хамруулах.
  • Татвараас хөнгөлөх, чөлөөлөх
  • Нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх
  • Старт апуудыг дэмжихэд хувийн хэвшлийн томоохон компаниудаас дэмжлэг авах.
  • Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийн бодлогын дэмжлэг

Онцлох саналууд

  • Салбарын яамтай болох
  • Тодорхой бүс нутагт чиглэн ажиллах, судалгаа хийх.
  • Эсвэл өөрсдийн чадавхад тааруулсан чиглэлийг сонгон ажиллах хэрэгтэй.
  • Компанит ажил эхлүүлэх, улсаа болон мэдээллийн технологийн компаниудаа сурталчлах контент тасралтгүй хийдэг байх

 

Other news

Япон улс хиймэл оюун, хагас дамжуулагчийн салбараа сэргээх төлөвлөгөөгөө зарлалаа

Япон Улс хиймэл оюун, хагас дамжуулагчийн салбараа сэргээх төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа. Тус төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд 10 их наяд иен (65 тэрбум ам.доллар) буюу түүнээс дээш хэмжээний дэмжлэгийг үзүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдэв. Тэрбээр “Бид ирэх 10 жилийн хугацаанд 50 их наяд иенийн төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шинэ тогтолцоог боловсруулна. Энэ нь Японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг сэргээх алхам болно” хэмээн онцоллоо. Энэхүү төлөвлөгөө нь эдийн засгийн цогц бодлогын нэг хэсэг бөгөөд татаас, төрийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, өрийн баталгаа зэргээр санхүүлэх аж. Улмаар Япон Улс хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлээх төлөвлөжээ. Мөн 2030 он гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн чипийн борлуулалтыг гурав дахин нэмэгдүүлж, 15 их наяд иен болгохоор зорьж байна. Эх сурвалж: NHK

Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна

БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв. Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Говь ХК, APU ХХК, Lhamour, Airee зэрэг үйлвэрлэгч компаниуд, Shoppy, Intelmind, Fibo Cloud, Erxes, Go Lab зэрэг технологийн компаниуд төдийгүй тээвэр ложистикийн тэргүүлэгч компаниудын нэг Ти Ай Ложистик ХХК төлөөлөгчид оролцож байна. Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд холбогдож, хамтын ажиллагааны боломж эрэлхийлэх зорилго бүхий тус айчлалын хүрээнд төлөөлөгчид Ant International, Alibaba-ийн төвөөр зочилж, цахим худалдааны экосистемийг хөгжүүлэх сургалтад хамрагдаж, Ханжоу хил дамнасан цахим худалдааны тусгай бүс, Freshippo хиймэл оюун ухаанд суурилсан, бүрэн автоматжсан супермаркет, Alibaba-ийн олон улсын цахим худалдааны ухаалаг агуулах Cainiao зэрэг байгууллагуудаар зочилж, туршлага судаллаа. Мөн төлөөлөгчид цахим худалдааны экосистемд оролцогч 800 орчим компаниуд үзэсгэлэн гаргаж, 50,000 орчим зочид цугласан Global Digital Trade Expo-д оролцож, хамтын ажиллагааны санал солилцож байна. CAREC International Innovation Conference үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын зөвлөх Б.Тэмүүлэн Монгол Улсад цахим эдийн засаг хөгжүүлэх “Mining to Mind стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломж” танилцуулж, Gobi, Airee зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж оролцлоо. Айлчлалын үр дүнд Монгол Улсын цахим худалдааны экосистем бүрдүүлэх, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж, импортын зардлыг бууруулах чиглэлээр төлөөлөгчид мэдлэг туршлага солилцож, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн түүнчлэн оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд гадны түнш, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны яриа хэлцэл эхлүүллээ.

“Технологиос өөрчлөлт рүү: Засгийн газруудад хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй” сэдэвт “Глобал Дижитал R&DB Хаб” семинар 2024.09.26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна

Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын ITTP болон ITPP-ийн төгсөгчид, МХХТ-ийн мэргэжилтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүд харилцаа холбоогоо бэхжүүлэх, өргөжүүлэх зорилготой бөгөөд шинэ үеийн техник технологийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухааны хөгжил дэвшил, хэрэглээ болон Засгийн газруудад хиймэл оюун ухаан, цахим шилжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм. ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим хөгжлийг эрчимжүүлэх, шаардлагатай хот суурин газрын дэд бүтцийг бий болгох, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим хүртээмжтэй нийгмийг цогцлоох хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлон, шийдвэр гаргах үйл явц дахь ил тод байдлыг сайжруулж, хүн бүр дуу хоолойгоо хүргэдэг хүртээмжтэй нийгмийг бий болгоход яамны зүгээс дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.