Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2022.10.04

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн түүхийг бичилцэж, мэдлэг, чадвар, залуу нас, сэтгэл, оюунаа зориулж ирсэн ахмад зүтгэлтнүүдийг өнөөдөр (2022.10.04) Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадууд ЦХХХЯ-ны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, ахмад мэргэжилтнүүдийн хувиар санал, бодол, үнэтэй зөвлөмжөө хэллээ.

2021 онд Монгол Улсын Засгийн газар 27 жилийн дараа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг байгуулсан нь Мэдээлэл харилцаа холбооны салбарыг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хурдасгуур, стратегийн ач холбогдолтой, нэн чухал салбар гэж үзэж томоохон итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл юм.

Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д.Готов тус уулзалтад хэлсэн үгэндээ:
– Манай салбарын статусыг өндөрсгөж, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам байгуулан ажиллаж байгаад манай ахмад холбоочид баяртай байна. Харилцаа холбооны салбартаа Цахим хөгжлийн бодлогыг холбож байгаа нь энэ салбарт хөгжлийн цоо шинэ хөгжлийн давлагаа гарч ирж байгааг илтгэж байна. Энэ бол сайхан ирээдүйг бүтээх эхлэл гэж харж байна хэмээв.
Уулзалтад Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д. Готов, холбооны сайд асан И.Норовжав, Б.Баатар, Р.Сандалхан, Б.Жигжид тэргүүтэй инженер техникийн ажилтан, холбоочин, мэргэжилтэн байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдлээ илэрхийлж, яамны удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсэж, илүү эрч хүчтэй, бүтээлч ажиллахыг хүсэн ерөөлөө.
 

Other news

Кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсөвтэй болно

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2024.10.22/ Төрийн ордонд боллоо. Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү даргалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын төлөөлөлүүд нэмэгдэж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдав.  Хурлаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал,  Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан,  цаашид кибер аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Төрийн байгууллагын мэдээллийн технологийн төсөвт Кибер аюулгүй байдлыг хангах зардлыг тусгуулах хэрэгцээ шаардлагын талаар тус зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр танилцуулж, хэлэлцүүлэв.  Монгол Улс кибер аюулгүй байдалдаа 2021 онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд 24 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Цаашид улсын төсвийн зардлын эдийн засгийн ангилалд кибер аюулгүй байдыг хангахад зориулсан төсвийн ангиллыг тусгах, кибер халдлага, зөрчил, цахим луйврын эрсдэлийг бууруулах стратеги батлах зэрэг асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, тогтоол гаргав. Кибер аюулгүй байдлын зөвлөл нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэгтэй байгуулагдсан билээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.05.29) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас баталсан цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулж ойлгохоор заасан. Гэвч бусад салбарын хуулиудад заасны дагуу “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт байгаа бичгийг тооцож, ойлгож, хэвшиж ирсэн нь мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд хүндрэл үүсгэж, Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах нөхцөл байдалд хүргэхээр байгааг салбарын сайд онцлов. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 430 гаруй хуулийг судалжээ. Эдгээр хуульд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгаа бөгөөд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байна. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байгаа аж. Иймд хуулиудад заасан “бичгээр” гэснийг “цаасан, эсхүл цахим хэлбэрээр” гэж өөрчилж, хууль хоорондын нийцлийг хангах, ойлголтын зөрүүг арилгах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийт 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгдсэн тайлангаас үзвэл бичиг хэргийн зардалд 25.3 тэрбум төгрөг, шуудан, холбоо, интернэтийн төлбөрт 20.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Түүнчлэн нэг албан бичгийг шуудангаар илгээж, тухайн байгууллага нь хүлээн авахад дунджаар 1-7 өдрийг зарцуулдаг байна. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаас хойш бүртгэлийн байгууллагаас 354.739 тоон гарын үсгийг олгосон ч хэрэглээ хангалтгүй хэвээр байгаа юм. Хуулийн төслүүд батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ, мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх боломжийг нэмэгдүүлж, мэдээлэл дамжуулах, солилцоход цаг хугацаа хэмнэж, зардлыг бууруулах, төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн цахим баримт бичгийн хэрэглээг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлж, эрх зүйн хүчин чадал бий болно гэдгийг төслийн танилцуулгад дурджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

“Мета” компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа

ҮЙЛ ЯВДАЛ “Мета” компаний Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа 2022.09.19 Facebook-ийн толгой компани “Мета” бүс нутгийн шинэ дата төвийг байгуулах байршлаа тодорхойлохоор ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 2 дугаар сард МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мета” компанийн дата төвийг МУ-д байгуулах боломжтой тухай саналаа уламжилж байсан бол энэ удаад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен болон ЦХХХ-ны сайд Н.Учрал нар уулзаж энэ тухай санал солилцлоо. ЦХХХ-ны сайд Н.Учрал Мета компанийн дата төвийг Буянт-Ухаа Инновацын төвд байгуулах боломжтойг дурдаад мөн дэлхийн 20 топ технологийн компаниудыг оффисоо нээхэд бүх талаар нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. “Мета” компанийн төлөөлөгчид цахим хөгжлийг дэмжих хууль эрхзүйн орчин сайжирч, салбарын яам байгуулан цахим хөгжилд онцгой анхаарч байгаа МУ-ын засгийн газрын бодлогыг сайшааж, цахим шилжилтэд шаардлагатай бусад төслүүд дээр хамтран ажиллах боломжтойг дурдаад хамтын ажиллагааны цар хүрээг бодитоор өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд Facebook хэрэглэгч Монгол иргэдийн эрх ашиг, цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд 2019 оноос идэвхтэй хамтран ажилласан мөн “Тоон бичиг үсэг” номын санг 2020 онд МУ-д нээсэн, “Бид цахим иргэд” ОУ-ын төслийг МУ-д хэрэгжүүлж 1.000 орчим багш, 10.000 гаруй сурагчдад сургалт зохион байгуулсан, худал мэдээлэлтэй тэмцэх зорилгоор Монголын Баримт Шалгах Төвийг “Мета” компанийн гуравдагч бие даасан баримт шалгах төв болгосон гэх мэт амжилт ололтыг нь үнэлэн “Мета” компанийн бүс нутгийн захирал Ноён Жорж Ченд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал одон” олгосныг гардуулав. Share on facebook Share on twitter Бусад мэдээ