Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

2021.10.24

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зуйлд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Түүнчлэн, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилтыг дэвшүүлсзн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн.

Тиймээс Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Эх сурвалж:www.parliament.mn

Other news

Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүн бүрд хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал тул хямралын үеийн зохион байгуулалтаар ажиллах, онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстойг ЦХХХ-ны Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд санууллаа. Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авч ирэх аливаа цахим шийдлийг бүх хүчээрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай болон нэвтрүүлж буй шийдлүүдийн тухай мэдээллийг та бүхэнд тогтмол мэдээллэх болно.

Монгол – Турк хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр /2024.09.12/ хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү БНТУ нь Монгол Улсын боловсон хүчнийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаад цаашид дараах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүнд: Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш ноён Ц.Баатархүүд нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Турк улсын тээвэр, дэд бүтцийн сайдын илгээсэн захидлыг түүнд уламжлав. Тэрбээр Турк улс нь иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах, кибер аюулгүй байдал болон өгөгдлийн шинжилгээний чиглэлд боловсон хүчин бэлдэхэд хамтран ажиллах боломжтой гэдгийг дуулгаж, цаашид хиймэл дагуул, сансар судлалын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Ц.Баатархүү сайд Турк улсыг Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансар судлалын салбарт хүч түрэн орж ирж буйд баяр хүргэж, Монгол Улс нь нам орбитын хиймэл дагуулын sandbox буюу туршилтын чөлөөт бүсийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй гэдгийг онцлов. Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO –г ирэх жилээс олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул Туркийн мэдээллийн технологийн компаниуд оролцохыг урилаа.

“И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг олгодог болно

ЦХХХЯ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, бизнес эрхлэх таатай цахим орчин бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах зарим чиглэлийг дурдвал: Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”, “И-Бизнес” системээр дамжуулан Танхимаас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт олгох боломжийг хамтран бүрдүүлнэ; Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Эдгээр ажлын хүрээнд МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай системтэй холбож мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх юм.