Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

2021.06.24

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Харьяа, салбар байгууллагуудын статусын талаар санал солилцов

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Сайдын зөвлөх С.Оюунбилэг нар болон харьяа, салбар байгууллагын удирдлагууд оролцов. УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компаниудын статуст өөрчлөлт орж буй. Тиймээс уулзалтаар энэхүү хуулийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа, салбар байгууллага болох “Үндэсний дата төв” УТҮГ, “И Монгол академи” УТҮГ, “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨААТҮГ, “Монгол шуудан” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын статусын талаар санал солилцлоо.

Үндэсний Дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.07.04/ Uptime Institute-ийн Худалдааны албаны дарга Филип Коллертонтой уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын ХХЗХ-той Дата төвүүдийг сертификатжуулах, олон улсын стандартын сайн туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулахаар болсонд баяртай байна гэсэн юм. Мөн манай Дата төвүүдийн хөгжлийн талаар баримтлах бодлого, зохицуулалтад Uptime Institute-ийн зүгээс үнэтэй мэдлэг, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. ЦХХХЯ-ны зүгээс Үндэсний дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангийн найдвартай ажиллагаанд чухал үр нөлөөтэй юм. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, Uptime Institute-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ. ХХЗХ болон Uptime Institute-ийн хамтын ажиллагааны тухайд Монголын Дата төвүүдийг UI-тай хамтран ажиллах, сертификат авах талаар дэмжих, ялангуяа Дата төвийн төлөвлөлтийн баримт бичгийн болон байгууламжийн батламж авах чиглэлээр ажиллах юм. Uptime Institute LLC нь дэлхийн 114 орны Дата төвүүдэд 2,800 гаруй сертификат олгосон бөгөөд Дата төвийн найдвартай ажиллагааны нэр хүндийн баталгаа болдог юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм. БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Партал Истанбулын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг Туркын парламентад өргөн мэдүүлж, батлуулсан тухай танилцуулж, гарааны компаниуд болон финтек салбарыг дэмжих бодлогын талаар танилцууллаа.