Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

”Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” 2 дахь өдрөө Цахим сайд нарын хурлаар үргэлжилж байна

2022.11.10

Өнөөдөр тус хуралд оролцож буй дэлхийн улс орнуудаас 15 улсын сайд өөрийн улсын цахим хөгжлийн тухай танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, бий болж буй боломжууд, цаашдын чиг хандлага, ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавьсан юм.

Тус хурлын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо-той санал солилцлоо. Сайд Н.Учрал: Хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүнд төр болон хувийн хэвшлийн төвшинд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт олон төслүүд амжилттай хэрэгжсэнийг дурдаад талархал илэрхийлсэн бол БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо: Монгол улсад ЦХХХ-ны яам байгуулагдан ажиллаж байгааг сайшааж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

“Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм.

Other news

“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум зохион байгуулагдаж байна

  Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцэх чухал арга хэмжээ юм. Форумд Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпораци, Хөдөлгөөнт харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн сүлжээний мэдээллийн төв, Тайланд улсын зохицуулах байгууллага, Малайз улсын зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын байгууллага, салбарын гол тоглогчид болон Монголын оператор компаниуд оролцож байна. Хөтөлбөрийн хувьд: I. Дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага Форумын эхний хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны гишүүн бөгөөд ажлын албаны дарга А.Лувсан-Очир удирдан чиглүүлж, дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага, онлайн платформын өрсөлдөөн, дижитал экосистемийг хамтын ажиллагаанд суурилан хэрхэн хөгжүүлэх тухай хэлэлцэв. Энэ хэсэгт онлайн платформын өрсөлдөөнийг хамгаалах, дэмжих, зах зээлийн давамгайлал ба шударга өрсөлдөөний бодлого, дижитал орчинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үндэсний зохицуулалтын үүрэг, хил хязгааргүй дижитал экосистемд тулгарч буй сорилт, зохицуулах байгууллагуудын чадавх зэрэг асуудлыг хөндөж, дижитал орчинд зохицуулалтын шинэ загвар шаардлагатайг онцоллоо. II. Дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалт Хоёр дахь хэсгийн хуралдааныг ЦХИХХ-ны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ХХЗХ-ны гишүүн Ч.Золбаяр удирдан явуулж, дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэв. Энэ хэсэгт урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, алслагдсан болон хөдөө орон нутгийн бүсүүдийг холбох шийдэл, дэд бүтцийн технологийн сонголт (LEO/GEO/MEO хиймэл дагуул, хувийн сүлжээ, FWA), сүлжээ, дэд бүтцийг  хамтран ашиглах бодлого, 5G холболтын чанарыг сайжруулахад төрийн үүрэг, оролцоо зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. III. 5G сүлжээг ашиглах боломж Гуравдугаар хуралдааныг ХХЗХ-ны Радио давтамж, хяналт, зохицуулалтын газрын дарга Ц.Чулуунбат удирдан чиглүүлж, 5G сүлжээ, үйлчилгээний хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, “арилжин борлуулах” боломжийг дээшлүүлэхтэй холбоотой олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэв. Энэ хэсэгт шинэ үеийн технологи, стандарт, дэд бүтцийн төлөвлөлт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодлого, үйлдвэрлэлд ашиглах радио давтамжийн зурвас,  сүлжээ, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох, үндэсний суурь сүлжээний чанарыг сайжруулах, 5G-ийн бизнес загварт үзүүлэх нөлөө ба үнэ цэнэ зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хамруулж хэлэлцлээ. Мөн уламжлалт радио давтамжийн бодлогын шинэчлэлт, радио давтамжийн зурвасыг хамтран ашиглах боломж, шийдэл, 5G сүлжээг ашиглан хоёрдогч зах зээл бий болгох талаар чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг өрнөв. IV. Хиймэл оюун ухааны зохицуулалт Форумын сүүлийн хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд удирдан явуулж, хиймэл оюун ухааны зохицуулалтын өнөөгийн чиг хандлага, хиймэл оюун ухааныг ашиглан инновацийг дэмжихийн зэрэгцээ эрсдэлийг тэнцвэржүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ хэсэгт хиймэл оюун ухааны бодлого, зохицуулалт, ил тод байдал, өгөгдөлд хандах эрх, хэрэглэгчийн суурь эрхийг хамгаалах, итгэмжлэгдсэн AI – сайн дурын баталгаанаас заавал мөрдөх шаардлагад шилжих, хиймэл оюун ухааныг зохицуулалтын арга хэрэгсэл болгон ашиглах туршлага, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. Форумын ач холбогдол “Харилцаа холбооны зохицуулалт 2025” форум нь Монгол Улсад дижитал шилжилтийн сорилт, боломжийг шийдвэрлэхэд зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангуулах зохистой шийдэл, гарц гаргалгааг гаргахад холбогдох талууд хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэх алхамыг хийж буй чухал арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ONEWEB компани монголд орох талаар хэлэлцээр хийлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзлаа. One Web-ийн зүгээс харилцаа холбооны ууган оператор “Монголын цахилгаан холбоо”-той хамтарч интернэтийн үйлчилгээг улс эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх ажлыг эхлүүллээ. Иргэд өөрсдийн сонголтоор интернэтийн үйлчилгээгээ сонгож алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ. Радио телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй 5 станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавив. Тус төслийг “Сансрын үндэсний зөвлөл”-д танилцуулж зохих шийдвэрийг гаргаж хамтын ажиллагааны гэрээ үзэглэхээр тохирлоо.

Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлын сургалтад 150 албан хаагчийг хамрууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн нэгжтэй хамтран “Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдал” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 92 байгууллагын 130, орон нутгийн 20 албан хаагч хамрагдсан нь энэхүү арга хэмжээний ач холбогдол, цар хүрээг илтгэж байлаа. Сургалтын гол зорилго нь онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлын чиглэлээрх Ази, Номхон далайн бүсийн зарим орны хууль эрх зүйн зохицуулалт, сайн туршлагыг танилцуулах, улмаар кибер халдлагад хариу үзүүлэх төлөвлөгөө боловсруулах дадлага ажлаар дамжуулан оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Арга хэмжээний үеэр Япон Улсын Мэйжи их сургуулийн профессор Юаса Харүмичи онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалт, туршлагын талаар илтгэл тавьсан бол ЖАЙКА төслийн ахлах зөвлөх Идэ Хироюки олон улсын сайн туршлага, сургамжаас хуваалцлаа. Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв УТҮГ-ын төлөөллүүд Монгол Улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер халдлага, зөрчлийн чиг хандлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар тус тус мэдээлэл өгөв. Түүнчлэн албан хаагчид кибер халдлагад хариу үзүүлэх дадлага ажилд хамрагдаж, болзошгүй эрсдэлийн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдлэг, туршлагаа солилцлоо.