Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт байрлах Үндэсний дата төвийн Нөөц төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Үндэсний дата төвийн Нөөц төв нь гамшгийн үеийн нөхөн сэргээх төв бөгөөд төрийн мэдээллийн системүүдийн нөөцлөлтийг хийж ажилладаг чухал дэд бүтэц юм.
Үндэсний дата төвийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулгар нар байлцав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-II” төслийн хүрээнд Үндэсний дата төвийн Нөөц төвийн Б өрөөг тоноглож GPU сервер байршуулах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр төрийн байгууллагууд, их дээд сургууль, судалгааны байгууллага болон хиймэл оюуны гарааны бизнесүүдэд зориулсан туршилт, хөгжүүлэлтийн sandbox орчин бүрдэнэ. Энэ нь хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт, өгөгдөл боловсруулах чиглэлийн шийдлүүдийг бодит мэдээллийн системд шууд нөлөөлөхгүйгээр аюулгүй, хяналттай орчинд турших боломжийг олгоно. Мөн GPU серверийн тооцоолон бодох хүчин чадлыг ашиглан дотоодын хөгжүүлэгчид, стартапууд хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээ, загваруудаа хөгжүүлэх, турших, сайжруулах нөхцөл бүрдэх юм.
Үндэсний дата төвийн Нөөц төвийг ийнхүү өргөтгөн хөгжүүлснээр зөвхөн гамшгийн үеийн нөхөн сэргээх чадавхыг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсад хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан инновацын шинэ орчныг бүрдүүлэх чухал алхам болно.














