Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад онцгойлон анхаарч байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын дэд зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн сонсгол энэ сарын 9-ний өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд /ЦХИХХЯ/ боллоо. Тус сонсголоорхөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахын тулд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв . Тухайлбал, ЦХИХХЯ-наас  Үндэсний зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан үндсэн 1, хамтран хэрэгжүүлэгч 7, салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан 15 ажлыг гүйцэтгэжээ. Дээрх төлөвлөгөөний хэрэгжилт 90.6-100 хувийн гүйцэтгэлтэй байна. ЦХИХХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй 2 мэргэжилтнийг зайнаас буюу цахимаар ажиллуулж байгаа бол Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт /ТЦҮЗГ/-т 8, И-Монгол академид 2, Мэдээлэл холбооны сүлжээ компанид 52, Монгол шуудан ХК-д 40, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-т 11, Монголын цахилгаан холбоо ХК-д 12 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Өнгөрсөн жил e-mongolia системээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн гурван төрлийн үйлчилгээг нэвтрүүлснийг дахин загварчилж, ангилж оруулжээ. Үүнд, *Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх *Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /Монгол-Англи/ *Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг багтана. Мөн И-Монгол академиас “e-mongolia” системийг шинэчлэхдээ “Чимэгэ” системтэй хамтран дуу хоолойг бичвэр болгох технологийг нэвтрүүлжээ. Тус академиас сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан видео дуудлагын үйлчилгээг e-mongolia.mn сайт дээр байршуулж, зайнаас зөвлөн туслах төвийн шууд мэдээлэл шуурхай удирдлага руу шилжүүлэн хамтран ажиллахаар албан бичгийг хүргүүлсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд ТЦҮЗГ-аас Дархан-Уул, Өвөрхангай, Орхон аймагт өөртөө үйлчлэх 3 цэгийг байгуулан үйл ажиллагааг эхлүүллээ. Нийслэлд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд 1, 21 аймагт тус бүр 1, нийт 22 тусгай хэрэгцээт төрийн цахим үйлчилгээний КИОСК машиныг байршуулсан. Нийслэлийн 6 дүүргийн 60 хороонд “ХУРДАН” цэгийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 “ХУРДАН” цэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн дараалалгүй үйлчлүүлэх тэмдэг байршуулан үйлчилгээ үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, Засгийн газраас цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хэрхэн авах талаар заавар, зөвлөмж бүхий контентыг ТВ-5, 25ТВ, UBS-1 сувгуудаар олон нийтэд хүргэжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хүүхдэд зориулан гаргасан “Санготай хамтдаа цахим аюулгүй байдлаа хамгаалъя” 5 ангит цуврал видео хичээлийг монгол хэл дээр хөрвүүлэн, дохионы хэлний болон хадмал тайлбартайгаар бэлтгэн цахим орчинд болон телевизээр түгээсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтын талаар хүүхэд, эцэг эх, олон нийтэд зориулсан 3 видео контентыг дохионы хэл болон хадмал тайлбартайгаар олон нийтэд цацжээ. И-Монгол академи болон ТЦҮЗГ, Мэдээлэл технологийн үндэсний парк харааны бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн И-Монгол академи, Мэдээлэл технологийн үндэсний паркаар дээрх иргэд үйлчлүүлэх орц, гарцыг саадгүй хүртээмжтэй болгожээ. Түүнчлэн БНСУ-ын NIA байгууллагын дэмжлэгээр МТҮП-ын 1 давхарт цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдээлэл хандалтын төв” байгуулагдсан. Монгол шуудан ХК нь Улаанбаатар хотын Төв шуудангийн үйлчилгээний салбар, Марк, үнэт цаасны хэлтэс, Улс хоорондын агаарын шуудан ялган боловсруулах төв, 37 болон 21-р салбар нийт 5 обьектоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх орц гарцыг бий болгожээ.   Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дээрх ажлууд хийгдсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Мэдээллийг цаг” арга хэмжээг 2024 оны 3-р сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан. Монголын хараагүйчүүдийн холбоо ТББ, Харааны бэрхшээлтэй хүмүүсийн инновац хөгжлийн төв ТББ, Тэгш оролцоо ээлтэй нийгмийн ТББ, Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын холбоо ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон тус яамны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах салбарын орон тооны бус зөвлөлийн гишүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим үйлчилгээ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын вэб хуудас болон аппликейшн ашиглахад хүнд хүртээмжгүй байдлын талаар ярилцаж, санал солилцов.

“Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зорилго, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, Мэдээлэл технологийн үндэсний парк болон холбогдох байгууллагууд хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулах хорооны анхдугаар хурлыг өнөөдөр /2026.05.14/ зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс”-ийг байгуулж, бүртгэлийг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн”-ийг дурдаад “Манай улс НҮБ-аас гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2024 онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгдсэн сайн үзүүлэлттэй  байгаа ч цаашид инновацын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн гарааны бизнесийн экосистемийг бүхэлд нь хөгжүүлэх шаардлагатай”-г онцлов. Уулзалтаар ЖАЙКА олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зорилго, төлөвлөгөө, хамтын ажиллагааны чиглэл болон мониторингийн үзүүлэлтүүдийн талаар хэлэлцэж, санал солилцов. Уг төсөл нь Монгол Улсын ICT салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр ЖАЙКА байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юкигээс төслийн талаар тодруулав. Тэрбээр, -Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар  Монгол Улсад орон зайнаас үл хамааран хөгжих бүрэн боломжтой. Тиймээс энэ салбарын хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлүүдийг дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг нээх, дотоодын гарааны бизнесийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг Японы сайн жишгийг Монголд нэвтрүүлэхээр төслийг эхлүүлсэн. Төсөл 2026-2029 онд хэрэгжиж дууссаны дараа мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Төр-Хувийн хэвшил-Шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан хөгжлийн тогтолцоо бий болж үлдэнэ гэсэн хүлээлттэй байна гэлээ.

П.Алтан-Од: Төрийн бүх байгууллага лицензтэй программ хангамж ашиглах шаардлагатай

Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийн талаар мэдээллийг хэлэлцэв. Тус мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од танилцуулсан юм.  Тэрбээр 2025 оны I улирлын байдлаар нийт 1135 байгууллага shilen.gov.mn системд мэдээллээ нээлттэй, ил тод болгосон байна. Үүнээс Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-д 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 58 байгууллага өгөгдөл байршуулахаас 53 байгууллага буюу 91.3 хувь нь 3,091 өгөгдлийг байршуулжээ. Эдгээр өгөгдлийг иргэд, олон нийт 27,351 удаа татан авчээ.  Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд харьяа салбар, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг 50-аас доошгүй хувиар бууруулсан байна. Үүний зэрэгцээ, албан ёсны лиценз бүхий баримт бичиг боловсруулах программ хангамж ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, шүүх, прокурор, УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад зөвлөмж хүргүүлж ажиллажээ.  Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5,671 байгууллагын 17 хувь буюу 939 байгууллагад 49,017 компьютер ашиглаж байгаагийн 88.5 хувь нь, мөн 2,261 сервер ашиглаж байгаагийн 79 хувь нь тус тус “Майкрософт”корпорацийн бүтээгдэхүүнийг сонгон ашиглаж байна.  Түүнчлэн төсвийн 68 байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд майкрософтын 6 төрлийн 138,164 ширхэг лицензийг нийт 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэдэг мэдээллийг ЦХИХХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралд танилцууллаа.