Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

2021.02.22

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар хотод, 19 нь аймгийн төвүүдэд, 33 нь сумдад, 4 нь бусад суурин газарт, шуудангийн 88 хайрцагтай болсон байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 52 дугаар тогтоолоор “Шуудангаар явуулах зүйлийг журамтай болгох тухай” тогтоол гарсан нь шуудангийн хөгжил асар их нөлөө үзүүлсэн байна. Улаанбаатар Замын- Үүд чиглэлийн төмөр замын дагуу орших Мааньт, Чойр, Сайншанд, Улаан- Уул, Замын- Үүд зэрэг газруудад холбооны салбарыг ээлж дараатайгаар 1955 оны 3 дугаар сарын 15- наас нээн ажиллуулжээ. БНМАУ-ын Тэргүүний холбоочдын анхдугаар зөвлөгөөнийг 1955 оны 3 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийж, ажил үйлсээрээ шалгарсан 57 холбоочин оролцсон байна. Тус зөвлөгөөнд “Харилцаа холбооны ашиглалтын байдал, түүнийг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв Хорооны тогтоолын биелэлт, харилцаа холбооны одоогийн зорилтын тухай Холбооны сайд Л.Дамдинжав илтгэл тавьжээ. Илтгэлд 1954 онд хийж гүйцэтгэсэн ажлыг 1953 онтой харьцуулахад захидал бичиг 7%, сонин хэвлэл 25%, шуудангийн хүндийн жин 21% тус тус нэмэгдэж, солилцсон сонин хэвлэл, бичиг захидлын 74 % хөдөө орон нутгийг хамарч байна гэж дурьджээ. ЗХУ-ын Засгийн газраас радио нэвтрүүлгийн их хүчний төвийг Улаанбаатар хотод байгуулж туслахаар зөвшөөрснийг үндэслэн Сайд нарын Зөвлөлд радио нэвтрүүлэх төвийн зураг, төлөвлөгөөг гаргаж, судлан шинжлэх мэргэжилтнүүдийг 1956 онд багаан ирүүлэх, холбогдох бүхий л зураг, төсөв, төлөвлөгөөг ЗХУ-ын зураг төлөвлөгөөний газруудын тусламжтай хийж гүйцэтгэх, радио нэвтрүүлэх их хүчний төвийг 1958 оны эцэст ашиглалтад оруулахаар бодож, тоноглолын ажилд оруулах хүсэлтийг ЗХУ-ын Засгийн газарт тавихыг даалгасан нь түүхэн ач холбогдолтой ажил болсон байна. Мөн энэхүү ажилд зориулан боловсон хүчинд анхааран 1957 онд ЗХУ-д 17 хүнийг их хүчний радио станцад, 5 хүнийг радиожуулалтын ажилд, мөн 10 хүнийг дагалдан сургахаар явуулах, ажилчдын оройн сургуулийг Улаанбаатар хотод байгуулах, холбооны үйлчилгээний ажилчдыг орос, хятад, франц хэл бичигт сургах дугуйланг зарим газар хичээллүүлэх, радио сонирхогчдын лавлахыг монгол хэлэнд, Эх орон -52 хүлээн авагчийн зааврыг 3000 ширхэгийг тус тус хэвлүүлэн гаргах, холбооны үйлчилгээг сурталчлах, холбоочдын цалинг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлыг Холбооны яамнаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тавьж шийдвэрлүүлж байжээ. Манай улсын харилцаа холбоо, радио нэвтрүүлгийг хөгжүүлэхэд 1957-1960 онд бариулсан Улсын радио нэвтрүүлэх төв, хүлээн авах станц, холбооны төв барилгын цогцолбор нь цар хүрээгээрээ томд тооцогддог билээ. 1957 онд Тээврийн болон Холбооны яамыг нэгтгэн зохион байгуулагдахад Тээврийн сайдаар томилогдон ажиллажээ. Л.Дамдинжав нь харилцаа холбооны салбарыг амжилттай удирдаж байснаас гадна автотээврийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулсан тул тэрээр “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цолыг хүртсэн нэгэн эрхэм байсан билээ. Эх сурвалж: Л.Дамдинжав “Итгэл хариуцлага” номноос, 2015 он Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номноос, 2011 он

Бусад мэдээ

Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов

ҮЙЛ ЯВДАЛ Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов 2021.04.27 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1965- 1985 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Дахын Готовын тухай нийтэлж байна. Дах овогтой Готов Сүхбаатар аймгийн Онгон суманд 1927 онд төрсөн. Түүний холбоочин болох зам нь 1942 оноос Сүхбаатар аймгийн Байшинтын холбооны салбарт үйлдвэрлэлийн ажилтнаар ажилласнаар эхэлжээ. Д.Готов гуай 1945-1949 онд Улаанбаатар хотын холбооны техникумд суралцаж төгсөөд Ушандийн нэвтрүүлэх станцад техникч, станцын даргаар дэвшин ажилласан нэгэн. Тэрбээр 1949-1953 онд радио станцын техникч, радио зангилааны дарга, 1959-1960 онд Хонхорын радио төвийн ахлах инженерээр ажиллаж байгаад 1953-1959 онд ЗХУ-ын Москва хотын цахилгаан холбооны дээд сургуульд суралцаж радио холбооны инженер болжээ. 1960-1963 онд Төрийн ордны холбооны инженер, 1963-1964 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тээвэр, холбоо хариуцсан референт, 1964 оноос Тээвэр, холбооны яамны холбоо эрхэлсэн орлогч сайдаар томилогдон ажиллаж байв. Д.Готов гуай “… 1964 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудаж, “За, чи Тээвэр, холбооны яаманд холбоо эрхэлсэн орлогч сайдаар ажиллах хэрэгтэй. Харилцаа холбоог мэргэжлийн инженерийн хувьд удирдаж, ажлыг сайжруулж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэв. Ингээд би холбоочдынхоо дунд эргэж ирсэн билээ. … Тэр үед ТХЯ-д харилцаа холбооны асуудал эрхэлсэн 4 мэргэжилтэнтэй нэг хэлтэс ажиллаж байлаа. Дан ганц энэ хэлтсийн хүчээр тулгамдсан асуудлуудыг боловсруулж, шийдвэрлүүлэх боломж хараахан байхгүй нь ойлгомжтой тул ахмад туршлагатай удирдах ажилтан Ж.Самбуу, С.Дамдинсүрэн нар болон ЗХУ-д сургууль төгссөн Л.Бадарч, Ш.Гандорж, Д.Дамдинсүрэн, Л.Буджав, Б.Цэд-Иш, Л.Сумъяа, З.Дүгэрсүрэн, Г.Балдандорж, Ц.Бат-Очир зэрэг хэдэн залуу инженерүүдтэй зөвлөлдөн, Холбооны яамыг бие даан байгуулах тухай санал сэдэж, уг асуудлаа нилээд тооцоо судалгаатай боловсруулж, сайд Б.Гомбосүрэн болон коллегийн гишүүдэд танилцуулан, улмаар МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж танилцуулсан нь цагаа олсон хэрэг болж, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, Холбооны яам байгуулагдсан бөгөөд 1965 оны 12 дугаар сарын 1-ний өдөр намайг Холбооны сайдаар томилсон түүхтэй юм” хэмээн өгүүлжээ. Д.Готов гуай БНМАУ-ын Харилцаа холбооны салбарт реформын шинж чанартай өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зорин “БНМАУ-ын харилцаа холбооны салбарын 1960-1990 оны хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, энэхүү бодлогын баримт бичгийг 1967 онд Холбоочдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулан, энэхүү зөвлөгөөний үеэр хэлэлцүүлэн батлуулсан түүхтэй билээ. Энэ ерөнхий схемийн хэрэгжилт 1971-1989 оны хооронд улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд гүйцэтгэгдсэн бөгөөд Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээ шинэчлэгдэхийн хэрээр техникийн дэвшил нэвтэрч байсан нь харилцаа холбооны чанар сайжирч, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. 1965-1970 онд Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговийн чиглэлийн агаарын шугамыг 3-12-15 сувгийн өндөр үелзлийн аппаратаар нягтруулж, 3000 гаруй км шугам шинээр байгуулж, агаарын шугамын дундын өсгөх буудлын 20 барилгыг барьснаар хот хоорондын шугамын урт 16,6 хувь өсөж, нягтруулсан сувгийн тоо 4 дахин нэмэгдэж, бүх аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 24 цагийн турш байнгын телефон харилцаатай болгосноор хот хоорондын телефон ярианы хэмжээ 86,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд цахилгаан мэдээг үсэг бичигч аппаратаар дамжуулах болж морз аппаратыг бүрэн сольж дуусгажээ. 1975-1980 онуудад Хот хоорондын болон аймаг сумдын хооронд дахь агаарын шугамыг төмөр бетон хөлөөр бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй үргэлжлүүлж, нийтдээ 3718,4 км шугам шинээр байгуулж сувгийн уртыг 3875 суваг/км-ээр нэмэгдүүлсэн. Энэ ажлын дүнд ХАА-н нэгдэл, САА-н тасаг, бригадуудын 70%-ийг холбоожуулсан байна. Увс, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудыг орчин үеийн хоёроос гурван давхар холбооны барилгатай болгож, Улаанбаатар хотын дүүргүүдэд АТС, үйлчилгээний танхим бүхий холбооны шинэ байшин барьж холбооны үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Даланзадгад, Есөнбулаг, Чойбалсан, Мөрөн хотуудад 150-квт-ын хүчин чадалтай өргөн нэвтрүүлгийн станцууд байгуулж Монголын радио нэвтрүүлгийг дахин дамжуулж, холын аймгуудад телефон сувгаар радио нэвтрүүлгийн программыг дамжуулдаг болсноор радио нэвтрүүлгийн сонсголыг сайжруулжээ. Монгол Улсын харилцаа холбооны салбарт техникийн дэвшил нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхэд 1974 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 50 жилийн ой тэмдэглэхэд оролцсон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Ильич Брежнев зочлох үеэр Монгол Улсад радиожуулалтын асуудлыг шийдвэрлэхээр 60 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын холбоог хөгжүүлэх ерөнхий схемийн үндсэн зорилтыг шийдвэрлэсэн байна. Энэхүү тусламжийн хүрээнд Улаанбаатар- Өлгийн хоорондох радио релейны шугамын анхны станцын суурь тавигдаж, Алтай, Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улаанбаатар хотуудад их чадлын радио нэвтрүүлэх станц баригдан, ашиглалтад орж эхэлсэн байна. Шууданг Улаанбаатараас өдөр бүр бүх аймагт онгоцоор, сумдад долоо хоногт автомашинаар, сумын холбооны салбараас тусгай хуваариар багуудад шуудан хүргэдэг болгон зохион байгуулжээ. Энэ үеийн шуудан харилцаанд гарсан өөр нэг дэвшил бол шуудангийн маркийн хангамж байлаа. Өмнө нь ЗХУ-д шуудангийн маркаа хэвлүүлж зөвхөн дотоодын шуудангийн төлбөрт ашиглаж байсан бол 1958 онд шуудангийн маркийн талаар Бүгд Найрамдах Унгар Ард Улстай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шуудангийн маркийн сэдэв олширч, хэвлэлийн чанар сайжирсны зэрэгцээ гэрээний дагуу Унгар улс Монгол шуудангийн маркийг гадаадын зах зээлд борлуулж түүнийхээ орлогоос Монгол шуудангийн хэрэглээний маркийг Монголын талд үнэ төлбөргүй нийлүүлдэг болов. Д.Готов сайд “Би дэлхийн шуудангийн байгууллагын 1964 оны чуулган дээр шуудангийн маркийн ач холбогдол, үүргийн талаар олон орны төлөөлөгчдийн хэлсэн үг, санал зөвлөгөөнийг үндэслэн Монгол маркийн цаашдын хөгжлийн асуудлаар МАХН-ын Төв Хороонд танилцуулж байсан” хэмээн дурссан байдаг. 1965 онд ЗХУ-ын Холбооны яамныхантай Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэрээнд гарын үсэг зурж, телевизийн барилга байгууламж, шугам, антеныг бүрэн угсарч, 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор ашиглалтад хүлээж авах ажлыг гардан зохион байгуулсан. VI таван жилийн эцэст радио релейний шугам ашиглалтад орж эхэлснээр хот хоорондын телефон сувгийн тоог эрс нэмэгдүүлэх сайхан боломж олдсоны зэрэгцээ Радио релейний шугамын трассын дагуу сумын салбарууд хот хоорондын нэгдсэн сүлжээнд холбогдож улмаар ярианы саатал багассан байна. Сумдын нягтруулгатай сувгийн урт 1979 оны эцэст 16,5 мянган суваг/км болсон байна. Монгол Улсад дунд мэргэжлийн холбооны боловсон хүчнийг 1940 оноос бэлтгэж эхэлжээ. Холбооны салбар хөгжиж үйлчилгээний хүрээ өсөхийн хэрээр холбооны түгээмэл мэргэжлийн ажилтнууд болон дээд боловсролтой инженерүүд олноор шаардагдах болсон тул энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Д.Готов сайд, орлогч сайд Д.Гарам- Очирын хамт Сайд нарын зөвлөлийн тогтоол гаргуулж, 1967 онд Монгол Улсын Их Сургуулийн физик математикийн факультетад радио, холбооны инженерийн анги нээсэн бөгөөд 1960 оны сүүлчээр Монгол Улсын Их Сургуулиас Политехникийн дээд сургууль өрх тусгаарлан гарахад физик математикийн факультетын радио, холбооны ангийг Политехникийн дээд сургуулийн эрчим хүчний факультетын радио, холбооны тэнхим

Орон даяар радио, телевизийн үйлчилгээг хүргэж буй алба хаагчид ХАБЭА сургалтад хамрагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь Монгол орон даяар радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэ төлбөргүй ард иргэдэд хүргэх үйлчилгээг хариуцдаг билээ. Тус байгууллага нь аравдугаар сарын 21-ний өдөр “Амжилт гарц” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн |ХАБЭА| сургалтыг нийт ажилчдынхаа дунд зохион байгуулав. Сургалтад “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Захиргаа, Телевизийн төв станц, Радио нэвтрүүлэх төв станц, Хотын шугамын радиогийн албаны албан хаагчид болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Радио телевизийн сүлжээний газрын нийт 100 гаруй ажилтан, алба хаагчид идэвхтэй оролцлоо. Энэхүү сургалт нь ажилтан, алба хаагчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг эерэгжүүлэх, ХАБЭА -н соёлыг хэвшүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт болов. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь болон хууль эрх зүйн мэдлэг олголоо. Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь Монгол орон даяар 360 тоон телевизийн станц, гадаад хэл дээрх тусгай нэвтрүүлэг дамжуулах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, Их чадлын 10 станц, 42 FM, шугамын радио, интернэт радио, телевизийн төв цамхаг, орон нутгийн 41 цамхаг, техникийн 27 цамхгийг хариуцаж ажилладаг билээ.

Бүгд Найрамдах Эстони Улстай цахим шилжилтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсыг хамааран суух Элчин сайд Ноён Ханнес Хансог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайдын зүгээс Элчин сайд Ноён Ханнес Хансод Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан явдалд баяр хүргээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны баримталж буй бодлогын чиглэл, хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудыг танилцууллаа. Түүнчлэн, Эстони Улстай эхлүүлсэн хамтын ажиллагаа нь Монгол Улсад цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсоныг онцолж, талархал илэрхийлэв. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаас баталсан. Тус хуулийн хүрээнд нийт 37 эрх зүйн акт боловсруулан батлуулахаас 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 21 эрх зүйн актыг боловсруулан батлуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. Элчин Сайд Ханнес Хансогийн зүгээс Монгол Улсад цахим шилжилт хийгдэж, төрийн үйлчилгээ иргэдтэйгээ ойр болж байгаа нь бодитойгоор харагдаж байгааг дурдаж, бүх салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд ойр болгоход хуулийн шинэчлэлийг хийх нь хамгийн хүнд ажил нь байдаг ч Монгол Улс энэ тал дээр хурдацтай дэвшиж байгааг онцоллоо. Талууд хамтын ажиллагааг цахим аюулгүй байдлын чиглэлээр шинэ түвшинд хүргэх талаар харилцан тохирч, 2023 оны 05 дугаар сард нутаг буцах үеэрээ эл асуудлыг Эстони Улсын Цахим засаглалын академитай уулзалт хийж уламжлах болохоо мэдэгдлээ. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын оролцох томоохон арга хэмжээнд Эстони Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, тус улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын компаниудыг уг арга хэмжээнд урьж оролцуулахыг хүсэж, Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.