Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

2021.08.09

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Монголын радио спортын холбооны тухай мэдээллийг хүргэж байна. Радио сонирхогч гэдэг мэргэжил радио анх зохион бүтээгдсэн үеэс эхлэн дэлхийн улс орнуудад тархан радио техникийн үйлдвэрлэл болон харилцаа холбооны хөгжилтэй зэрэгцэн хөгжиж ирсэн юм. Радио сонирхогчийн үйл ажиллагаа дэлхийн II дайны үед буюу дайны ард талд тагнуулын үйл ажиллагаа явуулахад онцгой ач холбогдолтой байжээ. Зөвлөлт Холбоот Улсад радио сонирхогчийн хөдөлгөөн 1920 оноос эхэлж, онц идэвхитэй хөгжсөн бөгөөд тэр нь яваандаа спортын хэлбэрт шилжсэн байна. Радио спорт нь богино долгионоор холбоо барих болон эсрэг талынхаа холбоог олж илрүүлэх гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг бөгөөд сүүлчийнх нь ЗХУ-д “Үнэг агнах” гэж нэрлэж байв. Радио спортын тамирчид радио техникийг бүрэн эзэмшиж чаддагийн зэрэгцээ өөрсдийнхөө холбооны хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж ашигладаг байлаа. Радио сонирхогчдын зохион бүтээж байсан хэрэгслүүдээс үйлдвэрлэлд нэвтэрч технологийг шинэчилж байсан тохиолдол ч олон байдаг. Радио сонирхогчдын үйл ажиллагаа дэлхийн II дайны жилүүдэд улам идэвхитэй хөгжсөн бөгөөд тэд дайсны ар талд явуулах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байв. Радио спорт нь хөгжлийнхөө эхний шатанд богино долгионы царааг өргөн ашиглаж байсан бөгөөд энэ ажилд нь туслахын тулд олон улсын радио давтамжийн хяналт хуваарилалтын байгууллага радио сонирхогчдын ажиллах богино долгионы цараануудыг хуваарь тогтоож баталсан. Радио богино долгиончид (богино долгионоор холбоо баригчид) бол аль ч улсын цэргийн холбооны гол хэрэгсэл байдаг учир цэргийн байгууллагаас богино долгионы спорт сонирхогчид олноороо төрөн гардаг байна. Монголын Радио спортын холбоо 1967 онд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад Радио спортыг хөгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагджээ. Холбооны Ерөнхийлөгчөөр Д.Гарам-Очир, С.Ганбаатар, О.Шаалуу, Ч.Чадраабал, Т.Гантөмөр нар, Нарийн бичгийн даргаар Н.Хосбаяр, Ж.Батжаргал, А.Даваадорж нар амжилттай ажиллаж байв. Өнөөдөр холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Батжаргал, Нарийн бичгийн даргаар З.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Монголын Радио спортын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон Радио спортын дараах тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж байна. Үүнд: Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох /РСНО/ буюу Үнэг агналтын төрөлд: – Спортын бага зэрэгтэй болон шинээр эхлэн суралцагсдад зориулсан “Хаврын тэргүүн” тэмцээн. Уламжлалт 144МГц-ийн төрөлд, эрэгтэй эмэгтэй ангилалд явагдаж байна. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. Тус холбоо Олон улсын Радио сонирхогчдын холбооны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох (РСНО) тэмцээнийг 2001, 2007, 2017 онуудад өөрийн орондоо амжилттай зохион байгуулж явуулсан. 2019 оноос эхлэн РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа Холбооны зохицуулах хороо ивээн тэтгэж нэрэмжит тэмцээнээ болгон явуулж байна. РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 1:5,000-1:20,000 масштабтай спортын газрын зураг ашиглан явуулдаг. Өндөр хурдны Телеграфын /ӨХТ/ төрөлд: – Спортын бага цолтой болон эхлэн суралцагчдын “Залуу Морзчин” тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй ангилалд явагддаг. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. Сонирхогчийн Радио холбооны төрөлд: – Манай радио сонирхогчид Дэлхийн АШТ болон бусад олон улсын тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байдаг. 2015 оноос эхлэн тус холбоо ӨХТ-ын тэмцээнүүдийг Олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулж Нэвтрүүлгийн төрөлд HST2006, хүлээн авалтын төрөлд ZEUS зэрэг програмуудыг ашиглаж эхэлснээр тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшилж байна. Эдгээр програмуудыг ашигласнаар тэмцээний шүүлтэд ямар нэг алдаа гарах асуудал үгүй болж эцсийн дүн үнэн зөв гардаг болсон юм. 2019 оноос эхлэн Улаанбаатар хотын болон Улсын аварга шалгаруулах РСНО тэмцээнүүдэд Foxoring, Sprint зэрэг Олон улсын тэмцээнд шинээр орсон төрлүүдийг нэвтрүүллээ. Радио спортын эдгээр шинэ төрлүүдийг CONTEST2012 болон FOXORING зэрэг орчин үеийн нэвтрүүлэгчийг худалдан авч ашиглаж байна. МРСХ-ноос Радио спортын төрлүүдийг улс орондоо хөгжүүлэх талаар хийсэн олон ажлын үр дүнд манай радио спортын тамирчид Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Сонирхогчийн радио холбооны тамирчин Ч.Чадраабал Олон улсын хамгийн том тэмцээн болох World Wide DX Contest тэмцээнээс 2010 онд Алтан медаль, Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд Ш. Одончимэг Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд W35 ангилалд хувийн дүнгээр Хүрэл медаль, мөн ангилалд багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар Хүрэл медаль, Өндөр хурдны Телеграфын 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль, 2018 оны ДАШТ-ээс С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль тус тус хүртсэн өндөр амжилтыг гаргаад байна. Манай тамирчдын хүртсэн эдгээр Алт, Мөнгө, Хүрэл медалиуд нь радио спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монголын анхны медалиуд юм. ОУХМ С.Буянтогтох нь Өндөр хурдны Телеграфын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Ази тивийн эмэгтэй тамирчин юм. ОУРСХ-ны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах РСНО тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медалийг Э.Майбаяр, Э.Мөнхдэлгэрэх, А.Ариунаа, А.Халиунаа, М.Сумьяа, Э.Ганбаатар, Э.Батболд, Х.Цогтбилэг, Э.Тамир, Ц.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэнд-Аюуш, Т.Лхаасүрэн, Д.Баттүшиг, Ж.Долгорсүрэн, Г.Зул, О.Эрдэнэбаатар, Б.Элбэгбаяр, М.Мөнхбаатар, Э.Гэрэлтуяа, С.Саранчимэг, Ш.Одончимэг, Б.Бадмаараг, М.Мөнхсүлд, Г.Шижирбат, С.Гантөмөр, Б.Төмөрчөдөр, Г.Нарангарав, Ц.Одгэрэл, Т.Отгонзаяа, М.Мөнхбаясгалан, М.Монголжингоо, Х.Тамир, У.Мандуул, О.Магсаржав нарын тамирчид хүртэж байжээ. Монголын Радио спортын холбоо нь Олон улсын Радио сонирхогчдийн холбооны /International Amateur Radio Union/ албан ёсны гишүүн ба Олон улсын ижил төрлийн холбоодтой тогтмол харилцаа холбоотой ажиллаж байна. Эх сурвалж: “Туулсан замаа эргэн дурсахуй-5 “ номноос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь, Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

Кибер аюулгүй байдалдаа хөрөнгө оруулалт хийхгүй бол иргэдийн мэдээллийг алдсаар л байна

Өнгөрсөн долоо хоногт “Интермед” эмнэлгийн мэдээллийн систем кибер халдлагад өртсөн талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон. Ингэхдээ файл барьцаалагч “Рансомвэйр” хэмээх хортой кодын халдлагад өртөж, файлуудаа шифрлүүлэн ашиглах боломжгүй болжээ. Эрүүл мэндийн салбар нь хүний эмзэг мэдээллийг цуглуулж, хадгалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй онц чухал мэдээллийн дэд бүтэц. “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэдэг нь кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ бүхий байгууллагууд юм. “Рансомвэйр” халдлагын хамгийн өргөн цар хүрээнд тархсан, хамгийн их хохирол учруулсан төрөл нь WannaCry Рансомвэйр юм. Уг хортой код нь дэлхийн 150 орны эрүүл мэнд, тээвэр, үйлдвэрлэл, газрын тос, шатах, тослох материалын салбарыг хамарч маш их хэмжээний хохирлыг учруулж байжээ. Энэ төрлийн халдлага нь 1989 оноос хөгжиж, өнөөдөр улам хүчээ авч, ДЭМБ-аас анхааруулах хэмжээнд хүрээд байна. Халдлага үйлдэгч этгээдүүд манай улсын эрүүл мэндийн салбар руу довтолж, “Интермед” эмнэлэг өртөөд байгаа юм. Харамсалтай нь дээрх төрлийн хортой кодоор мэдээллийг олж авдаг үйлдэл дахин гарахгүй баталгаа алга. Учир нь ийм төрлийн гэмт хэрэгтнүүд дараагийн байгаа төлөвлөж, онилсон байдаг байна. Өнгөрсөн жил 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого хийгдэж, 4500-5000 нь амжилттай болдог аж. Улмаар нэхэх мөнгөний хэмжээ жил бүр өсөж 2023 онд дунджаар 1.85 сая байсан бол 2.73 сая ам.долларт хүрчээ. 2023 оны байдлаар дээрх халдлагад хамгийн ихээр өртсөн салбарууд нь эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний салбарууд байна. Хакеруудын халдлагыг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжээд зогсохгүй хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан. Тодруулбал, 2020 онд Германы Дюссельдорьфын Их сургуулийн эмнэлэг халдлагын улмаас эмнэлгийн системүүд ажиллахаа больж, нэг өвчтөн амиа алджээ. Учир нь халдлагын улмаас тухайн өвчтөнд шуурхай тусламж үзүүлж чадаагүй байна. Дээрх шиг харамсалтай нөхцөлийг үүсгэхгүйн тулд аливаа байгууллага эхний ээлжинд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. Мөн энэ хүрээнд ЦХИХХЯ, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-аас хамтран “Эрүүл мэндийн байгууллагуудын кибер аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлтэй байдлыг хэрхэн үнэлэх, халдлагаас сэргийлэх арга замын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Кибер аюулгүй байдлаа хангахад дорвитой төсөв гаргаж, техник технологийн шинэчлэл хийж, төлбөртэй программуудыг ашиглаж хэвшихийг уриалав. УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн. Улмаар Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг баталжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан боловч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгаа нь тодорхой болжээ.

ЦАХИМ ФОРУМ (DIGITAL FOSS) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХИЛ ДАМНАСАН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын “Infocomm Media Development Authority” (IMDA)-аас зохион байгуулж буй цахим форум (Digital FOSS) хөтөлбөрийн хүрээн дэх “Хил дамнасан мэдээллийн урсгал” сэдэвт дээд хэжээний уулзалтад оролцлоо. Уулзалтаар цахим эдийн засгийн үндэс суурь болох өгөгдлийн олон улс дамнасан урсгалыг идэвхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, засаглалын стандартыг бий болгоход үүсэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар оролцогчид мэдээлэл, туршлага солилцлоо. Улс орнуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах зорилго бүхий цахим форум (Digital FOSS) уулзалтад Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк зэрэг цахим форумын гишүүн 10 гаруй орны нийт 30 орчим төлөөлөгчид оролцов.

Хиймэл оюунд суурилсан ChatGPT хайлт хэрэглэгчдийн дунд эрэлттэй байна  

OpenAI нь ChatGPT-ээр ажилладаг интернет хайлтын функцийг бүх хэрэглэгчдэд нээлттэй болгосон. Нэвтэрсэн бүх хэрэглэгчид холбогдох эх сурвалжийн холбоосоор хурдан хугацаанд хариулт авах боломж бүрджээ. Ингэснээр уламжлалт хайлтын системийн хэрэгцээ буурч, ялангуяа Google-ийн хайлтын системийн хэрэглээ эрс багасжээ. Ресторан эсвэл үзвэр үйлчилгээ хайхдаа хүртэл хиймэл оюунаас асуудаг болсон. Мөн зочид буудлын захиалгын платформ гэх мэт тодорхой сайтуудыг хайж олоход ChatGPT хайлтын систем хамгийн түгээмэл ашиглагдаж байна. Наррийвчилсан хариултын оронд ChatGPT эхлээд холбоосыг харуулж, дараа нь шаардлагатай бол нэмэлт мэдээллийг харуулдаг. Харин төлбөр төлсөн хэрэглэгчдэд нарийвчилсан дуут горимоор дамжуулан бодит цагийн вэб шинэчлэлтүүдэд хандах боломжийг олгодог байна.