Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

2022.03.08

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суралцаж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе. Цахим хөгжил, харилцаа холбооны яам салбарын хүний нөөцийн судалгааг хийсэн байна. Тус хүний нөөцийн судалгаанд салбарын 151 байгууллагын захирал, удирдлага, инженер техникийн 286 ажилтнууд оролцсон байна. Судалгаанд хамрагдагчдын мэдээллийг авч үзвэл 64.2 хувь нь эрэгтэй ажилчид байсан бол 35,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Харин их, дээд сургуульд суралцагчдын мэдээллийг харвал 2020-2021 оны хичээлийн жилд 31,161 оюутан төгссөнөөс харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 887 оюутан төгсжээ. Үүнээс 72,2 хувь нь эрэгтэй оюутан бол 27,8 хувь нь эмэгтэй оюутан байна. Харин бакалаврын зэргийг нийт 25,727 оюутан хамгаалснаас 820 оюутан харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын дипломтой төгссөн байна. Үүнээс 591 буюу  70,07 хувь нь эрэгтэй, 229 буюу 29,93 хувь нь эмэгтэй оюутан байна. Магистрын зэргийг 5273 оюутан хамгаалснаас 67 нь мэдээллийн технологийн оюутан байна. Үүнээс 49 нь буюу 73,13 хувь нь эрэгтэй бол 18 нь буюу 26,87 хувь эмэгтэй оюутнууд байна.

Олон улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт ажиллах хүчинд эзлэх хувиас доогуур байна. Тухайлбал 2018 оны байдлаар Канад улсад тус салбарын ажиллагчдын 25 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол Герман улсад 17.1% байна. Харин Сингапурт нийт ажиллах хүчинд эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь хэмжээ 45 орчим хувь байдаг бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 30%-ийг л эзэлдэг байна (IMDA, 2019). Хятад улсад тус чиглэлээр ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жингийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй байна. Ерөнхийдөө харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллах эмэгтэй мэргэжилтнүүдийн эзлэх хувь хэмжээ нь мэргэжлийн дэд бүлгүүдээс ихээхэн хамаардаг байна. Тухайлбал, программ хангамж хөгжүүлэх, програмчлалын чиглэлээр ажил эрхэлдэг компанид эмэгтэй ажиллагчид хамгийн бага хувийг эзэлдэг бол мэдээллийн технологи, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, график, зураглал зэрэг ажил мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуйгаар их хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, Герман, Канадын график дизайнер, зураглаачдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд, Канадын эрүүл мэндийн мэдээллийн менежментийн менежерүүдийн 89 хувь нь эмэгтэйчүүд байна.

Бусад мэдээ

Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн (2026.05.27) хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн “Оюун ухаан” дунд сургуульд зохион байгуулж, 100 гаруй хүүхдүүдийг хамрууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын шаардлага, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш ажилтнуудад танилцуулж, санал бодлыг нь тусгахад чиглэж байгаа юм.

Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын мод ургуулах санаачилга илүү үр дүнд хүрчээ. Тэд мод тарьсныг баталгаажуулах, ургуулах, хамгаалах ажилд инновацлаг шийдэл, аппликейшн, вэб платформуудыг ашигладаг. Жишээлбэл, Лос Анжелес хот “Tree map” системээр иргэдийн тарьсан модыг бүртгэж, ургалтыг нь тогтмол хянадаг бол Сингапур уг системтэй ойролцоо “Tree tracker” платформыг ашиглаж байна. Австралын Мельбурн “Urban Forest Fund”- аас мод ургуулсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бол санхүүгийн урамшуулал үзүүлж байна. Олон улсын энэхүү чиг хандлагыг нийслэл хотод нэвтрүүлэх, айл өрхүүд хашаандаа мод тарьсан бол бүртгүүлж, ургуулсан бол урамшуулал авдаг тогтолцоог УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд асан Ц.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” цахим бүртгэлийг эхлүүлсэн юм. Тэгвэл энэхүү санаачилгыг харилцаа холбооны салбарыхан буюу Мобиком, Скайтел, Юнител, Жимобайл компаниуд дэмжиж, модоо амжилттай ургуулсан иргэнийг датагаар урамшуулахаар болжээ.  “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” санаачилгын хүрээнд харилцаа холбооны салбарынхан иргэдийн тарьсан модны ургалтыг дрон ашиглаж, тогтмол ажиглаж, иргэдэд ногоон оноо буюу карбон кредит өгөх шийдлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Иргэд хашаандаа тарьж, ургуулсан модоо “e-mongolia” гар утасны аппликейшнээр 10 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлэх юм. Айл өрхүүд хашаандаа мод тарьж, амжилттай ургуулсанаар нийслэл хотын нэг хүнд оногдох ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, дуу чимээ болон үнэрийн бохирдол буурах боломжтой. 

Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 1921 онд Монгол Улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний Ерөнхий хороог байгуулсан нь одоогийн Монгол шуудан ХК юм. 93 жилийн түүхтэй тус компани 2016 онд IPO хийж, 33 хувиа иргэд, хуулийн этгээдэд худалдсан. Гэвч тус компанийн статусыг эргэн харж, шийдэл гаргахгүй бол хувийн болон төрийн өмчийг дэмжих бодлогын дунд орхигдсон асуудал байгаа аж. Зах зээлийн зохицуулалтад ч мөн асуудал бий. Жишээлбэл, Үүрэн холбооны салбар 1.2 их наяд төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгж бодлогоор хамгаалагдсан орчинд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл шуудангийн салбар 40 тэрбум төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй 160 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус салбарыг тогтвортой хөгжүүлэх, алсыг харсан зохицуулалтын бодлогын орчин, компанийн статусыг тодорхой болгох төрийн хөрөнгө оруулалтын бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн оновчтой зохицуулалт, шуудангийн үндсэн сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шуудангийн сүлжээгээр орж ирж буй мансууруулах бодисын урсгалыг таслан зогсоох зэрэг асуудлыг уулзалтын үеэр хөндлөө. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Шуудангийн салбарын 40 тэрбум төгрөгийн зах зээлийг тэлэх, Үүргийн сангийн оновчтой зохицуулалт хийх асуудал анхаарал татаж байна. Алслагдсан орон нутагт шуудангийн үйл ажиллагааг хүргэхэд Үүргийн сан чиглэгдэх учиртай. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганаар үүнтэй холбоотой хууль өргөн баригдана” хэмээн ярилаа. Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Төрийн өмчит компани IPO гаргасны дараа яах вэ гэдэг асуудал бий. 33 хувийн хувьцааг авсан 3384 хөрөнгө оруулагчдын оролцоо нь хангагдах нөхцөл бүрдээгүй. Мөн шуудангийн үйлчилгээний үнийг өөрсдөө тогтоох боломжгүй. Төрөөс үнийн хязгаар тогтоодог” хэмээн онцлов. Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол маркийн музейд зочиллоо. Тус музейд Монгол Улсын 1924 онд гүйлгээнд гаргасан “Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлээд 1145 гаруй сэдвээр 4390 нэр төрлийн маркийг он цагийн дагуу ангилан байрлуулжээ. Мөн 100 гаруй анхны өдрийн дугтуй, 35 төрлийн хуучны дугтуй, 17 төрлийн анхны ил захидлууд, картмаксимум, хэд хэдэн ховор дугтуйнуудыг дэлгэн харуулсан. Монгол марк 1932 оноос тухайн үеийн нийгмийн олон амжилт, Ардын хувьсгал, 1960 оноос Олимп, сансар судлал хэмээх сэдвээр төрөлжсөн байна. Цаашлаад маркийн сэдвээр тухайн жилийн түүхт үйл явдлыг онцолдог байна. Их Монгол улсаас эхлэлтэй шууданчид 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 орон түүний дотор буухиа шууданг 36 оронтой солилцох үйлчилгээ үзүүлж байна.