Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн нэгжтэй хамтран “Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдал” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 92 байгууллагын 130, орон нутгийн 20 албан хаагч хамрагдсан нь энэхүү арга хэмжээний ач холбогдол, цар хүрээг илтгэж байлаа.
Сургалтын гол зорилго нь онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлын чиглэлээрх Ази, Номхон далайн бүсийн зарим орны хууль эрх зүйн зохицуулалт, сайн туршлагыг танилцуулах, улмаар кибер халдлагад хариу үзүүлэх төлөвлөгөө боловсруулах дадлага ажлаар дамжуулан оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Арга хэмжээний үеэр Япон Улсын Мэйжи их сургуулийн профессор Юаса Харүмичи онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалт, туршлагын талаар илтгэл тавьсан бол ЖАЙКА төслийн ахлах зөвлөх Идэ Хироюки олон улсын сайн туршлага, сургамжаас хуваалцлаа.
Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв УТҮГ-ын төлөөллүүд Монгол Улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер халдлага, зөрчлийн чиг хандлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар тус тус мэдээлэл өгөв. Түүнчлэн албан хаагчид кибер халдлагад хариу үзүүлэх дадлага ажилд хамрагдаж, болзошгүй эрсдэлийн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдлэг, туршлагаа солилцлоо.


















