Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

2021.08.18

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам 

 

Бусад мэдээ

Ц.Баатархүү: Төрийн үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байна

“Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл” төр хувийн хэвшлийн хамтарсан шийдэлтэй уулзалт өнөөдөр /2024.11.22/ болж байна. Төрөөс “Дижитал шилжилт” хийж байгаа боловч төрд буй мэдээллийг иргэн ашиглахдаа дахин лавлагаа авч, төрийн байгууллага хооронд дахин үйлчлүүлэх шаардлагатай болдог. Тиймээс төрд байгаа өгөгдлийг хиймэл оюунд суурилан эмхэтгэж, боловсруулж, иргэдэд нэг цонхоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндлөө.     ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Өнөөдөр дижитал шилжилт хийгдэж байгаа ч төрд байгаа мэдээллийг лавлагаа болгож нэхсэн хэвээр байна. Энэхүү шилжилтийн хүрээнд төрийн ямар үйлчилгээ цөөрсөн бэ гэх асуулт гарч ирнэ. Шилжилт нэрийн дор дарга нар бүр өөр өөрийн шийдлийг санал болгохоос илүү нэгдсэн өгөгдлийг ашиглан, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн төдий бус агуулга, үр дүнд анхаарч шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байх ёстой. Нэг хүн 11 төрийн байгууллага дээр очдог биш “Дан” системээр өөрийгөө цахим орчинд таниулан төрийн үйлчилгээг авдаг байх, төрийн мэдээллийн суурь шинэчлэл хийхийн тулд цугларч байна. Хиймэл оюунд суурилсан стратегийг нэвтрүүлнэ. Ингэхдээ өгөгдлийг боловсруулах, сургах, эрэмбэлэх хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад хиймэл оюуныг ашиглахад нэгдэж, ажиллах хэрэгтэй болж байна. ЦХИХХЯ-ны хийх ёстой зүйл бол “Дижитал шилжилт”-ийг сууриар нь шийдэх. Төрийн үйлчилгээ болгоныг цахимжуулах тухай ярьж байгаа ч төрд байгаа дата мэдээллийг нэгтгэх, зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, мэргэжлийн холбоонд өгөх тухай ярьж эхлээгүй байна. Хэлбэрт баригдалгүй, асуудалд хандсан, шийдэлд төвлөрсөн, үр дүн гаргасан уулзалтыг хийхээр зорьж, энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.  Харамсалтай нь e-mongolia системээс гаргасан лавлагааг хувийн хэвшил хүлээн зөвшөөрөхгүй, тэр дундаа арилжааны банкуудын шаардлага иргэдэд хүндрэл учруулах нь бий. Иймд төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй, “ХУР”-ын системийг ашиглах нь чухал. Тодорхой хэлбэл, Иргэний үнэмлэхний лавлагааг 315 сая удаа ХУР-ын системээс татан хэрэглэсэн нь иргэдийн дунд хамгийн эрэлттэй үйлчилгээ болоод байна.  Мөн ХУР системээс Нийгмийн даатгалын даатгал, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт, шилжилт хөдөлгөөн, хуулийн этгээдийн нэр авах үйлчилгээ, жолооны үнэмлэх захиалга, эмнэлэгт цаг авах болон шинжилгээний хариу авах, автотээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх, цахим гадаад паспортын захиалгатай холбоотой гомдлууд түгээмэл иржээ.  Харин тээврийн хэрэгслийн татвар төлсөн нэхэмжлэлийн түүх, зээлийн мэдээлэл, эцэг эсвэл эхийн регистрээр хүүхдүүдийн мэдээлэл харах, нас барсны бүртгэлийн лавлагаа, оюутны цахим карт, хуулийн этгээдийн мэдээлэл дамжуулах, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл зэрэг нь хамгийн ихээр тасалддаг байна. Тиймээс иргэд “ХУР” системийг түгээмэл хэрэглэдэг тул энэхүү системд хөгжүүлэлт хийж, хөрөнгө оруулах шаардлага байна. 

Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам үндэсний стандартад нийцүүлэн монгол бичгийн гарын драйв хийх тендер зарласан бөгөөд болорсофт компани шалгарч, Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчинд ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлэв. Гарын драйв суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзээрэй.https://kb.mngl.net/ Монгол бичгийн гарын драйверийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах цэгээс түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, хүнд сурталгүй авах боломж ийнхүү бүрдэж байна. Баян-Өлгий аймаг дахь “Хурдан” цэгийн нээлтэд : Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг эхний ээлжинд “Хурдан” цэгээс авах боломжтой бөгөөд үйлчилгээний тоог нэмэгдүүлсээр энэ ондоо 1000 хүргэх зорилготой ТЦҮЗГ-ын хамт олон ажиллаж байна.