Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмуудыг баталлаа

2022.05.19

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа. “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Бусад мэдээ

Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 1921 онд Монгол Улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний Ерөнхий хороог байгуулсан нь одоогийн Монгол шуудан ХК юм. 93 жилийн түүхтэй тус компани 2016 онд IPO хийж, 33 хувиа иргэд, хуулийн этгээдэд худалдсан. Гэвч тус компанийн статусыг эргэн харж, шийдэл гаргахгүй бол хувийн болон төрийн өмчийг дэмжих бодлогын дунд орхигдсон асуудал байгаа аж. Зах зээлийн зохицуулалтад ч мөн асуудал бий. Жишээлбэл, Үүрэн холбооны салбар 1.2 их наяд төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгж бодлогоор хамгаалагдсан орчинд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл шуудангийн салбар 40 тэрбум төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй 160 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус салбарыг тогтвортой хөгжүүлэх, алсыг харсан зохицуулалтын бодлогын орчин, компанийн статусыг тодорхой болгох төрийн хөрөнгө оруулалтын бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн оновчтой зохицуулалт, шуудангийн үндсэн сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шуудангийн сүлжээгээр орж ирж буй мансууруулах бодисын урсгалыг таслан зогсоох зэрэг асуудлыг уулзалтын үеэр хөндлөө. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Шуудангийн салбарын 40 тэрбум төгрөгийн зах зээлийг тэлэх, Үүргийн сангийн оновчтой зохицуулалт хийх асуудал анхаарал татаж байна. Алслагдсан орон нутагт шуудангийн үйл ажиллагааг хүргэхэд Үүргийн сан чиглэгдэх учиртай. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганаар үүнтэй холбоотой хууль өргөн баригдана” хэмээн ярилаа. Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Төрийн өмчит компани IPO гаргасны дараа яах вэ гэдэг асуудал бий. 33 хувийн хувьцааг авсан 3384 хөрөнгө оруулагчдын оролцоо нь хангагдах нөхцөл бүрдээгүй. Мөн шуудангийн үйлчилгээний үнийг өөрсдөө тогтоох боломжгүй. Төрөөс үнийн хязгаар тогтоодог” хэмээн онцлов. Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол маркийн музейд зочиллоо. Тус музейд Монгол Улсын 1924 онд гүйлгээнд гаргасан “Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлээд 1145 гаруй сэдвээр 4390 нэр төрлийн маркийг он цагийн дагуу ангилан байрлуулжээ. Мөн 100 гаруй анхны өдрийн дугтуй, 35 төрлийн хуучны дугтуй, 17 төрлийн анхны ил захидлууд, картмаксимум, хэд хэдэн ховор дугтуйнуудыг дэлгэн харуулсан. Монгол марк 1932 оноос тухайн үеийн нийгмийн олон амжилт, Ардын хувьсгал, 1960 оноос Олимп, сансар судлал хэмээх сэдвээр төрөлжсөн байна. Цаашлаад маркийн сэдвээр тухайн жилийн түүхт үйл явдлыг онцолдог байна. Их Монгол улсаас эхлэлтэй шууданчид 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 орон түүний дотор буухиа шууданг 36 оронтой солилцох үйлчилгээ үзүүлж байна.

Авлигатай тэмцэх газарт 10 мянган хуудас “Шилэн” мэдээлэл хүлээлгэн өглөө

10 мянган хуудас баримт, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хүлээлгэн өгч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрлүүд, тусгай хамгаалалттай бүс болон Нийслэл дэх газар олголтууд, төрийн өмчийн байруудын түрээс, барилга, байгууламж ашиглалтад хүлээн авсан улсын комисс, тэдгээрийн дүгнэлтүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэх зэрэг иж бүрэн мэдээлэл үүнд багтаж байна. АТГ-ын үйл ажиллагааны ачаалал их тул үнэн зөв, нотолгоонд суурилсан шийдвэрийг хурдан шуурхай гаргахад боловсруулсан, ангилсан, инфографиктай, статистик тооцоололтой мэдээллээр хангаж ажиллах нь чухал ач холбогдолтой. Энэ бол технологиор авлигыг бууруулах үйл хэрэгт ЦХХХЯ манлайлал үзүүлж буй явдал юм. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “5Ш” ажиллагааг эхлүүлсэн. Үүний хүрээнд “Шил” ажиллагааг миний бие ахлан ажиллаж байна. Өнгөрсөн 7 сарын хугацаанд Shilen.gov.mn-д төрийн 123 байгууллагаас 550 багц мэдээлэл хүлээн авч, тэдгээрийг 39 төрөлд ангилан 970,355 мөр мэдээлэл болгон боловсруулж, 5 сая гаруй хандалт авч, иргэдийн мэдэх эрхийг хангаж, МУ-д анх удаа нээлттэй мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ. Нээлттэй ил тод байдлыг бий болгож хүнд суртал, хээл хахууль, хуйвалдааныг таслан зогсооход та бидний хамтын ажиллагаа чухал. “Шил” ажиллагаа иргэн нь мэдээлэлтэй бол илүү эрх мэдэлтэй байх нээлттэй нийгмийн үнэт зүйлийг баримталж, авлигын эсрэг тэмцэлд олон нийт идэвхтэй оролцон шууд хараа хяналтаа тавихад технологийн шийдлээр туслах үндсэн зорилготой билээ.

“Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт”-ийн төслийг хэлэлцүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт”-ийн төслийг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцүүллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-тай хамтран боловсруулсан төслийн хэлэлцүүлэгт төрийн болон салбарын мэдээлэл хариуцагч 62 байгууллагын 70 гаруй албан хаагч оролцов. Хэлэлцүүлгээр нийтийн мэдээллийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, систем хоорондын уялдаа холбоо, мэдээллийн сангийн давхардал, цаашдын хөгжлийн чиглэл, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо. Монгол Улс 2021 онд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, төрийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл солилцоо, нийтийн мэдээллийн дэд бүтцийг нэгдсэн байдлаар хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлахаар заасан 22 хэм хэмжээний актаас 19-ийг нь батлан мөрдүүлж байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлд нийтийн мэдээллийн дэд бүтцийн бүрэлдэхүүнийг, 28 дугаар зүйлд ерөнхий төлөвлөлт болон төлөвлөлтийн нийтлэг журмыг Засгийн газар батлахаар тус тус заасан. Өнөөгийн байдлаар төрийн мэдээллийн систем, мэдээллийн сангууд тодорхой хэмжээнд хөгжсөн хэдий ч нэгдсэн архитектур бүрэн бүрдээгүй, байгууллага төвтэй хөгжлийн загвар давамгайлж байна. Мэдээллийг олон системд давхар бүртгэх, дахин цуглуулах нь өгөгдлийн давхардал, зөрүүтэй мэдээлэл үүсгэхээс гадна хөрөнгө оруулалтын давхардал, үр ашиггүй зардлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд төрийн мэдээллийн систем, мэдээллийн сан, сүлжээг байгууллага бүр тусдаа хөгжүүлэх бус, улсын хэмжээнд нэгдсэн архитектур, нийтлэг стандарт, систем хоорондын уялдаа, мэдээлэл солилцоо, өгөгдлийн дахин ашиглалтыг хангах зарчимд шилжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд боловсруулсан “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт” нь улсын хэмжээнд хөгжлийн чиглэл, бүтэц, уялдаа холбоо, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлох бол “Төлөвлөлтийн нийтлэг журам” нь салбар, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үе шат, шаардлагыг тогтооно. Мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагатай мэдээллийн системийн ангиллыг тодорхой болгосноор системийг шинээр бий болгох, шинэчлэх, хөгжүүлэх шийдвэрийг бодит хэрэгцээ, техникийн шаардлага, эдийн засгийн үр ашигт үндэслэн гаргаж, давхардсан хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардал, уялдаагүй систем бий болох эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагуудаас гарсан санал, зөвлөмжийг тусган баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж, холбогдох журмын дагуу батлуулах ажил үргэлжилнэ.