Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

2021.01.26

МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь

Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ.

Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав.

Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ.

Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/

Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/

Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм.

1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь:

  • Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч,
  • Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц,
  • Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам,
  • СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц,
  • Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд,
  • КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд,
  • Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв.

Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.

1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид

Хонхорын станцын анхдагчууд

Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв.

МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Завхан аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна

“Цахим аймаг” сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн удирдан явуулж байна. Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нээсэн ба тус сургалтад танхимаар 60 албан хаагч, цахимаар 24 сумын 100 албан хаагч, нийт 160 албан хаагчид оролцож, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ. #цахим_аймаг #Завхан

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Төсөл, арга хэмжээний төрөл: Төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй  www.tender.gov.mn цахим сайт руу орж танилцана уу. Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ: Хуулийн этгээдэд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар  19.620.000,0 /арван есөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг байна. Төслийн баримт бичигт тавигдах шаардлага 10. Төсөл сонгон шалгаруулалт зарласан өдрөөс хойш авсан, шалгах боломжтой QR код бүхий “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг ирүүлнэ. (“Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авна) 11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй байх; 12. Төслийн санал гаргагч зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлэх; 13. Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн зөрчилгүй бүтээл байх; Хамрагдах боломжгүй төсөл Төсөл үргэлжлэх хугацаа: Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тухайн санхүүгийн жил /2024 он/ дуусах хүртэл хүчинтэй байна. Хугацааг гэрээнд нарийвчлан тусгана. Төслийг хүлээн авах хугацаа Эхлэх:2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг Дуусах:2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг Төслийг хүлээн авах хаяг: Төслийн материалыг  BDF@MDDC.GOV.MN цахим шуудангаар ирүүлнэ үү. Холбоо барих: Холбоо барих утас: 51-265103 Санал хүсэлтээ BDF@MDDC.GOV.MN хаягаар илгээнэ үү. Журамтай доорх холбоосоор орж танилцана уу. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960415136871&showType=1

“Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба Төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо

НҮБ-ын байгууллагын “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн өдөр”-ийг тохиолдуулан “Авлигатай тэмцэх газар”, “Юнескогийн Монголын үндэсний комисс”, “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагатай хамтран Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.09.27) боллоо. Хэлэлцүүлэгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нарын хүндэт зочид, мөн төрийн болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монгол дахь олон улсын байгууллагын төлөөлөл уригдан оролцов. Мэдээллийн хүртээмжийг хэрэгжүүлэх бодлогын уялдааг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, тэдгээрийн оролцоог хангах ач холбогдолтой тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, тэр дундаа https://www.shilen.gov.mn/home системд хиймэл оюун нэвтрүүлж буй талаарх танилцуулга, мэдээлэл хүргэв.