Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ

2022.03.25

Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана: КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой. Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна. “КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно. Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн байх Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд: А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо) Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна. Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд: Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг – 15 оноо Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо Б. Хөөргөлт, гүйцэтгэл (нийт 60 оноо) Тэмцээн болох өдөр багууд өөрсдийн хийсэн төхөөрөмжөө хөөргөн, зорилтот даалгавраа биелүүлэхийн төлөө өрсөлдөнө. Оролцогч багуудын тухайн өдрийн амжилт, туршилтын үр дүнг тэмцээний шүүгчид дүгнэн гаргаж өмнөх хөгжүүлэлтийн үеэс авсан оноог нэмж тэмцээний ялагчийг тодруулна. Зургаа. Хугацаа, байршил Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа – 2022.03.25-30 Тэмцээн болох газар – Цонжинболдог Тэмцээн, хөөргөх өдөр – 2022.06.11 Шагнал гардуулах – 2022.06.17 Оролцогч багт тавигдах шаардлага Тэмцээнд мэдүүлгээ өгч, чиглүүлэх сургалтад хамрагдсан байх. Багийн гишүүд нь удирдагч болон 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн удирдагч нь заавал насанд хүрсэн хүн байх. Нэг оролцогч нэгээс илүү багт харьяалагдахгүй байх. Багууд нь тэмцээнд оролцох мэдүүлгийг загварын дагуу бөглөж 2022 оны 03 дугаар сарын 30-ны 23:59 цагаас өмнө info@mosta.mn цахим хаягаар ирүүлнэ. Багууд өөрийн гэсэн оноосон нэртэй байна. Багууд тэмцээний дараа орчны цэвэр байдлыг хариуцна. “КАНСАТ” тэмцээн нь манай улсад анх 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2016 онд Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран олон улсын уралдаан болгон өргөтгөн зохион байгуулж байсан юм. Тэмцээнд оролцогчид нь хиймэл дагуулын технологи дэд системүүдийн үүрэг зориулалтын тухай мэдэж авахын зэрэгцээ, өөрсдийн зохиож буй системийн даалгавраа хэрхэн тодорхойлж бичихээс эхлэн загвар гаргах, турших, угсрах, хөөргөн ажиллуулах, мэдээлэл боловсруулах, түүн дээр үндэслэн дүгнэлт хийх зэрэг төслийн амьдралын мөчлөгийн бүхий л үйл явцыг өөрсдөө оролцон хийдэг давуу талтай. “КАНСАТ – 2022” ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Бусад мэдээ

Цахим аймаг бодлогын зөвлөмж Төв аймгийн албан хаагчдад хүрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг Төв аймагт хэрэгжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Цахим хөгжлийн багц хуулийг танилцууллаа. Мөн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн бол Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ууганбаатар тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээлэв. Төв аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажилладаг. Эдгээр цэгүүд нь энэ оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд тухайн цагаас өнөөдрийг хүртэл төрийн 3476 үйлчилгээг хүргэсэн бол зөвлөн туслах үйлчилгээг 455 иргэнд хүргэсэн байна. Мөн аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн е-mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа юм.

Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуул” мега төслийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ч.Анар  “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам, төсөв, хөрөнгийн талаар асууж тодрууллаа. Мөн тэрбээр төслийг хэрэгжүүлэх үнэ хэт өндөр буй учраас  дахин судалж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, хиймэл дагуул хөөргөснөөр кибер аюулгүй байдлын хамгаалалтыг хэрхэн сайжруулах вэ, эрсдэлийн урьдчилсан тооцооллын талаар тодруулав. Гишүүдийн асуултад Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү, “Монгол Улс кибер аюулгүй байдлыг үнэлдэг 5 түвшний “Бэхжиж байгаа” буюу дундуур үзүүлэлтийг хангаж байгаа. Монгол Улсад Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Үндэсний төв”, ЦХИХХ-ны дэргэдэх Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын төв гэсэн гурван байгууллага ажиллаж байгаа. Төр, захиргааны байгууллага болон бүх түвшинд кибер аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Мөн хууль, эрх зүйн орчин, техник, технологийн хувьд сайжруулах асуудал бий. ЦХИХХЯ-ны хувьд 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын зэрэглэл ямар түвшинд байгааг мөн аль салбарт мэдээлэл алдах эрсдэлтэй байгааг тодорхойлно. Үүний дараа гадаад хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зэрэг боломжит бүх арга замаар кибер аюулгүй байдлыг хангахын тулд ажиллана” хэмээн онцоллоо. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлахаас гадна дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. Мөн төслийг гардан хэрэгжүүлэх гадны мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж ажиллан ойлголцох нь чухал гэдгийг онцоллоо. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилаа холбооны бие даасан сүлжээтэй болж, интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг  иргэд гар утаснаасаа авах боломж бүрдэх юм. Түүнчлэн онцгой байдал, гамшиг ослын эрсдэлийг багасгах, хот хөдөөгийн иргэдийн тоон хуваагдлыг бууруулах, малчдын хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжтой болно. Монгол Улсын хэмжээнд аймаг сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна. Иймд манай улс “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна. Хэрэв өөрийн хиймэл дагуулгүйгээр цаашид явбал Монгол Улс жилдээ 32,6 тэрбумаас 80,8 тэрбум төгрөгийг гадаад орнуудын хиймэл дагуулын түрээсэнд төлсөөр байх юм. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр энэхүү их хэмжээний төлбөрийг гадны орны хиймэл дагуулын түрээсэнд төлөх шаардлагагүй болж, энэ хэмжээний зардал дотоодын зах зээлд үлдэх юм. Мөн онцгой байдал, хил хамгааллын харилцаа холбоо сайжирч, гамшиг, ослын улмаас үүдэх хүний амь нас, эд хөрөнгөнд учрах хохирлыг 30 хувь бууруулна тооцоолол гарчээ

Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид цахим ур чадварын мэдлэгээ дээшлүүллээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.09.15) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, мэдээлэл солилцлоо. Сургалтад Баянхонгор аймгийн төрийн 23 байгууллагын төлөөлөл болон сумдаас танхим болон цахимаар нийт 100 гаруй албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.